Хөдөө аж ахуйн шинэ бодлого

Хурал цуглааны үеэр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байхад, “Монгол Улс дэлхий ертөнцөд байдаггүй тийм шинэ зүйлийг хийж, гарч ирэх ёстой. Бид чадна. Монголчуудад оюуны өндөр чадавхи байна, өргөн уудам газар нутаг байна, олон сая толгой мал байна. Малынхаа ноос, ноолуураар чанартай бүтээгдэхүүн хийх технологийг эзэмшиж чадсан. Чухам ямар брэнд бий болгох вэ гэдгийг хэлж мэдэхгүй нь. Энэ тал дээр төрийн цэцэн ухаан тун үгүйлэгдэж байна даа. Төр, засгийнхан маань зөвхөн уул уурхайн урвадаг мөнгөнд шунаад, оюун бодол, нүд, чихийг нь таглачихаад байна шүү дээ. Тэд уул уурхайн их мөнгөнөөс өөр юу ч харахыг, сонсохыг, сонирхохыг хүсэхгүй байна. Ямар чиг л гэсэн бидэнд дэлхийн брэнд болгож гаргаж ирэх ямар нэгэн зүйл байгаа. Харин газар тариалан уу, эсвэл ноос ноолуур байх уу гэдэг л байна“ хэмээн санаашрангуй өгүүлэх нь бий. Голланд өвчин буюу уул уурхайн их мөнгө бусад салбарын өрсөлдөх чадварыг дарангуйлж, хиар цохих вий гэж болгоомжилсондоо нийгмийн баялаг бүтээдэг давархгынхан ийн нэгийг бодож байна. Тэгвэл Монгол Улс хөгжих үү?, эс хөгжих үү? гэсэн эгзэгтэй цаг үед Засгийн газар, улстөрчдөд ухаантай ажиллах шаардлага бий. Бодлого тодорхойлогчдын ухаан одоо л яруу тодоор харагдах болоод байна. Яавал улсынхаа эдийн засгийг дэлхийд зартай Голланд өвчин тусгахгүй авч гарч болох вэ гэдэг дээр тэдний ухаан бодол төвлөрөх ёстой.

Урвадаг хөрөнгө, ухагдаж дуусдаг баялагтай уул уурхайгаас өөр баялаг Монгол Улсад цөөнгүй бий. Тэр дундаа үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн олонх нь хөдөө аж ахуйн салбарыг онцлоод байгаа нь учиртай. Эл салбарт үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд эрсдэл өндөртэй ч ноос, ноолуур, газар тариалан гээд нөхөн сэргээгдэх баялаг арвинтай. Тийм болохоор чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн их мөнгө, үсрэнгүй хөгжил ярьж буй энэ үед хөдөө аж ахуйн шинэ бодлого хамгаас чухал. Нэг үгээр хэлбэл, эдийн засгаа эрүүл хөгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчдын мэргэн ухааны хувь нэмэр их юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүнсний хомсдол гээд сүүлийн үед дэлхийг түгшээж байгаа асуудлууд жижигхэн Монголд боломж олгохыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас энэ нь Монголын хөдөө аж ахуйн бодлогыг чимбайруулахыг цаг үе шаардаж байгаа хэрэг. Тэгвэл манайд хөдөө аж ахуйн шинэ бодлого байна уу?

“Байгаа” гэдэг хариултыг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалаас олж сонслоо. Ноолуурын үйлдвэрлэл, газар тариалангийн хөгжил гээд гарц хайж болох, найдлага тээсэн салбар эднийд бий. Дэд сайдын яриа ч энэ талаар өрнөсөн юм. Гэхдээ тэрбээр зөвхөн хөдөө аж ахуйн салбар яриагүй. “ХХААХҮЯ гэдэг утгаараа зөвхөн мал, газар тариалан биш хөнгөн үйлдвэр, хүнс, худалдаа, нийтийн ахуй үйлчилгээ хүртэл манай салбарт хамаарах учраас зөв бодлогоор, зөв зохион байгуулалттай хөдөлж чадвал энд хамгийн олон ажлын байр бий болох боломжтой. Нөгөө талаас гадагшаа явж туршлага судалсан төрийн хүмүүс уул уурхайгаас гадна уламжлалт аж ахуйгаа хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө хаявал, Голланд өвчин тусахгүй байх юм байна гэсэн ганцхан дүгнэлттэй ирдэг учраас хөдөө аж ахуйн шинэ бодлого ч энэ чиглэлд явж байгаа” хэмээн товчхон тодорхойлсон.
Хөдөө аж ахуйн шинэ бодлогын талаар Дэд сайдаас олон сайхан мэдээлэл сонссон ч урьд өмнө нь төдийлэн ярьж байгаагүй нэгэн салбарын сонирхолтой мэдээллийг эхлээд хүргэмээр санагдлаа. Уул уурхайгаас их мөнгө орж ирэх, бэлэн мөнгө тараах, хувьцаа эзэмшигч болох энэ тэр бол монголчуудын хувьд нэг их найдаад суухаар зүйл биш бөгөөд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахгүй гэж учир мэдэх хүмүүс учирлах юм билээ. Хамгийн гол нь хүн бүр баталгаатай ажлын байртай байх нь чухал гэдэг. “Нэг их дээшээ гарч, туршлага хуримтлуулж хөгжиж байсан түүх байхгүй оёдлын салбарыг өөд татах хэрэгтэй байна. Хонконг, Хятадын бизнесмэнүүд манайд ирж, монголчуудаар хувцас оёулж, АНУ руу гаргаж байсан түүх бий болохоос монголчууд өөрсдөө зөөлөн оёдлоор гадаад зах зээлд нэвтэрч байсан удаагүй. Гэхдээ манайхан чинь аливаа хувцсанд өөрийн үндэснийхээ загварыг шингээгээд загвар гаргахдаа гарамгай улс” хэмээн Золжаргал сайдын хэлсэн нь шинэлэг асуудлын учгийг хөндөх шиг.

Англичууд “Made in mongolia” гэсэн шошготой хувцсаар гангарна

Монголын нэг жижигхэн үйлдвэр бөс даавуун материалаар хийсэн өдөр тутмын хувцасныхаа ачилтыг ирэх тавдугаар сард Англи руу хийхээр ажиллаж байгаа аж. Өдөр тутмын хувцас гэдэгт нь богино ханцуйтай цамц, унтлагын хувцас зэрэг орж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь тэд англичуудын захиалгын дагуу хувцас хийж байгаа юм. Англид ажиллаж байсан ах, дүү хоёр дизайнер залуу энэ санааг ажил хэрэг болгож, салбарын яамныхаа дэмжлэгийг авч чаджээ. Хоёрхон ажилтантай ч энэ үйлдвэрийн ажлын гараа сайн байж, бариа нь амжилттай байх юм бол Европын зах зээлд Монголын оёмол бүтээгдэхүүн гарах замыг нээгээд зогсохгүй дотооддоо ч иймэрхүү оёдлын жижиг үйлдвэр олноор бий болгох эхлэлийг тавих юм байна. Тийм болохоор ХХААХҮЯ-наас тэднийг зориуд бодлогоор дэмжиж байгаа аж.

Монголын оёмол бүтээгдэхүүн Европын зах зээлийн гуравхан хувийг эзлэхэд 150 сая паундын орлого олох боломжтой гэнэ. Энд гэхдээ богино ханцуйтай цамц, унтлаганы хувцас мэтийн өдөр тутмын хувцасны төрлөөр оролцоно гэсэн. Манайхан энэ боломжит зах зээл рүү нэлээд орой дөтөлж байгаа бололтой. Тайланд, Непал, Вьетнам зэрэг Азийн жижиг орон хэдийнэ дээрх зах зээлийн 5-10 хувийг эзэлсэн байдаг аж. “Монголчууд гурван хувь гээд маш даруухан дуугарахад л бидэнд маш их боломж байгаа” гэж Золжаргал сайд онцолсон. Тэрбээр мөн “Хэрвээ энэ ажил амжилттай хэрэгжвэл ойрын 4-5 жилд оёдлын салбарт 20000 ажлын байр бий болох боломжтой” хэмээсэн. Монголчууд загвар дизайн гаргахдаа санаа зоволтгүй, харин Европын стандартад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд суралцах нь чухлыг дэд сайд санаа зовнин өгүүлж байсан. Хамгийн гол нь эхний ээлжинд монголчуудыг үнэлж захиалга өгсөн анличуудад тоогдох ёстой. Тийм болохоор Англид олон жил ажиллаж амьдрахдаа эх орондоо бизнесийн шинэ санаатай ирж, түүнийгээ ажил хэрэг болгож байгаа дээрх хоёр залууд амжилт хүсье.

Махны экспортын хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой

Дараагийн гарц монгол малын мах. Ирээдүйд Монгол Улсын хийх гол ажил бол уламжлалт аж ахуй руугаа илүү анхаарч, хөрөнгө хаяж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах явдал. Уламжлалт аж ахуй гэхээр мал аж ахуй, газар тариалан орно.

Монгол Улс мах экспортлогч орон болох боломжтой гэдгийг Золжаргал сайд тэмдэглэж байна. Гэхдээ Засгийн газар зөв бодлого явуулж, малчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллаж чадвал шүү дээ. Хэрвээ тэгэх юм бол манай улс жилдээ 100000 тонн мах экспортлох боломжтой гэсэн ХХААХҮЯ-ныхны тооцоо байна. Монгол Улс ийм их хэмжээний мах экспортолж байсан түүх байхгүй ч зөв зохион байгуулалтаар хийх гээд оролдвол бүтэхгүй зүйлгүй гэдгийг дэд сайд хэлсэн. Манай улс 1980-аад онд тухайн үеийн ЗХУ-д мал хөлөөр нь гаргаж байх үед нийт 45000 тонн мах экспортолж байсан нь хамгийн их экспорт гэж тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Тийм болохоор малаар баян Монголд өдгөө 100000 тоннын экспортын шинэ бодлого байж болох л зүйл. Албаныхан 100000 тонн гэдгийг зүгээр ч нэг гаргаж ирээгүй бололтой. Махны үйлдвэрлэлийн хувьд цаг агаар сайхнаараа байгаад байвал Монголын бог мал жилд дунджаар 5-6 сая толгойгоор өсөх боломжтой тооцоо байдаг. Гэхдээ бэлчээр, экологио бодсон ч малын тоог механикаар өсгөх нь манай бодлого биш юм. Богийн гулууз мах дунджаар 15 кг-ийн жинтэй гэж тооцоход таван сая толгой малаас жилд 75 сая тонн мах үйлдвэрлэнэ. Дээр нь үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, адууг оролцуулахад 20000 тонн мах нэмэгдэх боломжтой гэж тооцжээ, салбарын яамныхан.

Монголын эдэлбэр газрууд уул уурхайгаас дутахгүй баялаг


Уул уурхайгаас дутахгүй дараагийн том баялаг бол Монголын эдэлбэр газрууд .
Хэдийгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоо­­­тойгоор Монголд хуурайшилт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа ч гэсэн манай улс өргөн уудам нутагтай учраас бидэнд хүнс их хэмжээгээр үйлдвэрлэх боломж бий. Дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломж ч манайд их. Өөрөөр хэлбэл, хямрал боломж олгодог гэдэг утгаараа дэлхийг түгшээсэн хүнсний хомсдолын аюул холын Монголд боломж бэлэглэж байгаа нь энэ гэж эрт баярлаж болох. Энэтхэг, Хятадын эдийн засагт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөлт явагдаж, хүн амынх нь амьжиргааны түвшин сайжирсантай холбоотойгоор хүнсний хэрэглээ нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж буй. Дээр нь ган гачиг, хар салхи, газар хөдлөлт гээд байгалийн гамшгийн давтамж ойртож байгаатай холбоотойгоор хүнсний хангамж дэлхийг түгшээсэн асуудал болон босч ирж байгаа билээ. Энэ нь манай улсыг мах, улаан буудай зэрэг хүнс экспортлогч орон болоход тус дэм болох талтай.

Хөрсөө ухахаас илүү үр дүнтэй дараагийн хөрөнгө хаяж, хөгжүүлэх үйлдвэрлэл мэдээж улаан буудайн тариалалт. Социализмын үед Монгол орон нийт 1.2 сая га тариалангийн эргэлтийн талбайтай байсан. Харин өдгөө 650 мянга орчим га талбайг газар тариаланд ашиглаж буй. “Атрын III” аяны хүрээнд атаршсан талбайгаа тодорхой хэмжээгээр эргүүлэн ашигласан. Дээрх хэмжээний талбайд тариалалт эрхэлж төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 орчим хувийг хангаж байгаа. Атаршиж үлдсэн талбайгаа бүрэн сэргээж ашиглаагүй байгаа учраас цаашид тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, улаан буудай, төмс, хүнсний ногооныхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна хорвоо ертөнцөд огт байдаггүй шинэ таримал гаргаж ирнэ гэж романтик зорилго өвөртөлж яагаад болохгүй гэж. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг ардын үг байдаг даа. Ингэхийн тулд усалгаатай тариалан, өндөр технологи гээд багагүй хөрөнгө хүч шаардсан ажил хийх учиртай.

Газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогыг хөдөө аж ахуйн шинэ бодлогоор нэрлэсэн. Энэ нь гэхдээ бараг зах зээл эхэлснээс хойш яригдсан асуудал учраас хуучирсан пянз шиг сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ Монгол Улс өргөн уудам газар нутагтай, 40 гаруй сая толгой малтай учраас том зорилго тавьж, шинэ бодлого боловсруулахад зүй ёсоор тавигдах ёстой л асуудал.

“Бээлий” хөтөлбөр ба 2000 ажлын байр

Хөнгөн үйлдвэрийн салбар өрсөлдөх чадвартай гэдгээ эгзэгтэй үед харуулах шаардлага бий. Энэ салбарын шинэ бодлогыг ХХААХҮЯ-ныхан харжээ.
“Малын гаралтай бүх бүтээгдэхүүнийг аль болох эцсийн боловсруулалт хийж, экспортод гаргах нь хамгийн чухал байгаа юм. Энэ чиглэлээр манай яам олон мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллаж байгаа. Тэдний зүгээс сайхан санал санаачилга гарч байгаа нь бас их олзуурхууштай байна” гэдгийг Золжаргал сайд дуулгасан. Тухайлбал, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооныхон “Бээлий” хөтөлбөр хэрэгжүүлэх сайхан санал тавьжээ. Тэд арьсан бээлий хийж, экспортлох бодол өвөртөлжээ. Ажлын бээлий гэхэд манайд урд хөршөөс ямар их хэмжээгээр орж ирж, өргөн хэрэглэж байгаа билээ дээ. Ноосон утсаар нэхсэн импортын ажлын бээлийний чанар тийм ч сайн биш. Тэгвэл монгол малын арьс ширээр нэг их гоё ганган дэгжин гэхээсээ илүүтэй бөх бат чанарыг нь чухалчилж энгийн хэрнээ эдэлгээтэй бүтээгдэхүүн хийвэл хойд хөрш рүү экспортолж болох гэнэ. Манай сэтгүүлийн хоёр дахь дугаарын “Шинэ санаа ба бизнес” булангийн зочноор орсон “Энхжин сувенир” компанийн захирал эмэгтэй манай арьсан эдлэл хийцийн хувьд больхи ч эдэлгээ сайтай, чанартай гэдэг үзүүлэлтээрээ хоёр хөршдөө нэр хүнд нь маш сайн яваа” гэж сонирхуулж байсныг энд тэмдэглэе. “Бээлий” хөтөлбөр хэрэгжсэнээр 2000 ажлын байр бий болгох боломжтой гэж Арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооныхон салбарынхаа яамны удирдлагуудад танилцуулсан байна.

Ноолуур үйлдвэрлэгчдийг 100 тэрбумаар дэмжинэ

Цагаан алт гэгддэг ноолуурын үйлдвэрлэл Монголын нөхөн сэргээгдэх чухал баялаг мөнөөсөө мөн. Чанартай түүхий эд, өндөр технологи нь бидэнд бий учраас ирээдүйн хөгжил нь сайн явахыг илтгэнэ. Тийм ч учраас “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн том уриа итгэлтэй дэвшүүлсэн үйлдвэр ч бий. Гагцхүү манай үндэсний томоохон ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө муутайгаас түүхий эдээ хятадуудад алддаг талтай. Үүнийг төр, засгаас анхаарч шийдэх аваас Монголын ноолуурын үйлдвэр хөгжих нь дамжиггүй. Олон жил яригдсан дээрх асуудлыг энэ жилээс шийдэхээр Засгийн газар чармайж байгаад талархая. Засгийн дэмжлэгийг авахын тулд “Монгол ноолуур нэгдэл” гэдэг компани шинээр байгуулагдаж байгаа аж. Засгийн газраас ноолуур үйлдвэрлэгчдэдээ буюу “Монгол ноолуур нэгдлийг” дэмжиж 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгөхөөр болжээ. Энэ мөнгөөр ноолуур үйлдвэрлэгчид юу хийх вэ? Эхний ээлжинд 2000 тонн түүхий эд худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлд ажиллана. Дээрх мөнгө 14 үйлдвэрт хуваарилагдах бололтой. 2000 тонн ноолуур авахад, 900 орчим тонн самнасан ноолуур болох аж. Нэг цамц 300 граммын жинтэй гэсэн мэргэжилтнүүдийн тооцоог үндэслээд тооцоог цаашаа үргэлжлүүлбэл чамлахааргүй хэмжээний сүлжмэл бүтээгдэхүүн болж, экспортлогдоно гэсэн үг. Ноолуурын үйлдвэрийнхэн энэ хүрээнд 1800 ажлын байр шинээр бий болгоно гэж үзэж буй.

Голланд өвчнөөс Монголыг хамгаалж болох хөдөө аж ахуйн салбарын баялаг буюу экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл дуусаагүй байна.
Хөдөө аж ахуйтай холбоотой нэг том бодлого ложистикийн асуудал. Манайд ложистикийн төрийн нэгдсэн бодлого ч гараагүй байгаа. Ченжүүд гэдэг нэртэй бэлтгэн нийлүүлэгчид өнөөгийн манай ложистикийн үүргийг гүцэтгэж байгааг Золжаргал дэд сайд нуугаагүй. Монгол өргөн уудам нутагтай, зам тээвэр сайн хөгжөөгүй учраас бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээнд тээврийн зардал том дарамт учруулдаг. УИХ-д өргөн барьсан Хөдөө аж ахуйн бараа,түүхий эдийн биржийн тухай хууль ложистикийн шинэ тогтолцоог бий болгох ач холбогдолтой гэнэ.

Түүнчлэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” баримт бичигт малчдад төрөөс үзүүлэх үйлчилгээг малдаа биш, хүндээ нэлээд чиглүүлж өгчээ. Хамгийн гол зорилго нь дов жалгын нэг хувиа борлуулах малчдыг биш, ажил хөдөлмөрөө хоршиж, хоршоо хэлбэрт шилжсэн малчин өрхүүдийг илүү дэмжих бодлого явуулах аж. За тэгээд малчдыг эдийн засаг, бизнесийн ухаанд суралцуулах, бүх малаа бүртгэлжүүлж, эрүүлжүүлэхэд “Монгол мал “хөтөлбөрийн ач холбогдол оршиж буй юм.