​Хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ, ингэхдээ ХАА, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ гэжээ. Мөн тус үзэл баримтлалын Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгын 2.1.3 буюу Аж үйлдвэрийн салбарын Зорилт 1-т “Аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ” гэж тусгажээ.

Монгол Улсын хөгжлийг уул уурхайгаас хараат бусаар тогтвортой, олон тулгууртайгаар хөгжүүлэхэд хэдэн зууны туршид уламжилж ирсэн мал аж ахуйдаа тулгуурласан хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх боломж, хөгжлийн гарц, цаг үеийн хэрэгцээ шаардлага байна.

Тиймээс, аж үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа ХАА-д суурилсан Хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд энэ салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ингэхдээ тухайн салбарын бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоодууд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, оролцоотойгоор бусад салбаруудын бодлоготой уялдуулан, бодитой хэрэгжихүйц хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах шаардлагын үндсэн дээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүгийг 2018 оны гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусав.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОРИЛГО:

  • Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дунд хугацаанд тулгамдаж байгаа зангилаа асуудлуудыг тодорхойлох, холбогдох талуудын санал, бодлыг сонсох;
  • Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дунд хугацаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодлогын шийдэл, зорилтуудыг тодорхой аргачлал ашиглан эрэмбэлэх, тэргүүлэх зорилтыг тодорхойлох;
  • Уг бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хэлэлцүүлгийг дараах таван дэд салбар болгон ангилж, салбар тус бүрийн холбогдох байгууллагууд, холбоодууд, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотойгоор багаар хувааж ажилласан. Тухайлбал:

  • Арьс ширний үйлдвэрлэлийн салбар
  • Ноос, ноосон бүтээгдэхүүн, ноосон нэхмэл үйлдвэрлэлийн салбар
  • Ноолуур, ноолууран бүтээгдэхүүн, ноолууран нэхмэл үйлдвэрлэлийн салбар
  • Оёдлын салбар
  • Мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар, бусад хөнгөн үйлдвэрийн салбар

Эдгээр дэд салбарууд тус тусын тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, үүн дээр үндэслэсэн бодлогын зорилтуудаа томъёолж, тухайн томъёолсон бодлогын зорилтуудаа ҮХГ-аас танилцуулж буй аргачлалаар бодлого хоорондын уялдаа болон МУТХҮБ-2030-тай уялдуулан эрэмблэж, үүний дараа тухайн салбарын тэргүүлэх зорилтуудаа тодорхойлж гаргасан. Тодорхойлж эрэмблэж гаргасан тэргүүлэх зорилтуудыг дунд хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөөг баг тус бүрээр урьдчилсан байдлаар боловсруулуулж гаргаснаар энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж дууслаа.