Хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажил эхэлээ

2011.04.08. Эл өдөр түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ. Учир нь, “Лондоны хөрөнгийн бирж” групп Монголын хөрөнгийн биржтэй энэ өдөр “Ажлын мастер гэрээ”-г үзэглэлээ. Энэ гэрээг үзэглэснээр Монголын иргэдэд гурван жилийн дараа олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж бүрдэнэ. Тодруулбал, Лондон, Тронтогийн биржийн арилжаанд 24 цагийн турш оролцдог болно. Өөрөөр хэлбэл, монголчууд гэрээсээ интернэтээр холбогдон дээрх хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авч, Канад, Английн иргэд Монголын хөрөнгийн биржээс хүссэн хувьцаагаа авч, зарах боломжтой гэсэн үг.

“Өдрийн мэнд” хэмээн монголоор мэндчилсэн Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал ноён Хавиер Ролет “Монгол Улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх бүрэн боломжтой. Монголын хөгжлийн шинэ үе эхэлж байгаа үед хамтын ажиллагааны сууриа тавьж байгаад баяртай байна” гэв. Дэлхийн 70 шахам орны 2600 гаруй компанийн ойролцоогоор дөрвөн их наяд ам.доллар бүхий хөрөнгийг удирдаж буй Лондоны биржийнхэн “Монголд эдийн засгийн өсөлтийг авчирч чадах дэлхийн хэмжээний хөрөнгийн зах зээлийг бүтээн байгуулах итгэлт түнш байх болно” гэдгээ илэрхийлж байлаа.

Тэд Монголын хөрөнгийн биржид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамаарах өндөр хурдны арилжааны программыг нэвтрүүлэх гэнэ. Өөрсдийн арилжаанд ашигладаг Millennium IT буюу дэлхийн хамгийн хурдан энэ программ нь хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцож, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломжийг бий болгох давуу талтай аж. Лондоны хөрөнгийн биржийн техникийн болон арилжааны мэргэжилтнүүд манай Төрийн өмчийн хорооны хяналт дор ажиллаж, биржийн бүх технологийг шинэчлэх юм байна.

“Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолыг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр жил гаруйн өмнө Хөрөнгийн зах зээл хөгжлийн түлхүүр гэсэн илтгэл тавьж, энэ зах зээлийг хөгжүүлэхийн ач холбогдлыг тухай онцлон дурдаж байлаа. Энэ удаад уг санааг давтан “Дугуйг шинээр бүтээх шаардлагагүй. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд туршлагатай улс орнуудаас суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах стратегийн гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах хөгжлийн бодитой хөшүүрэг болгох чухал гэрээг байгуулж байна” гэлээ. Түүнчлэн “Энэ хамтын ажиллагаанаас монголчууд илүү хожих болно. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр орно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ өдрүүдэд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгойн”-н нийт хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг иргэддээ адил тэгш, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх томоохон шийдвэр гаргаад байгаа. Энэ агуулгаараа түүхэн чухал үйл явдал болж байна” гэж тэмдэглэсэн юм.

Монголын хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэсэн, бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн томоохон түшиц төв болгоход дэмжиж хамтран ажиллана гэсэн Лондоны биржийн удирдлагуудад тэрбээр амжилт хүссэн юм.

“Гэрээнд гарын үсэг зурсны маргаашнаас бүх зүйл хийгдчихнэ гэж ойлгож болохгүй. Энэ арилжааны программуудыг суурилуулахад тодорхой хугацаа шаардана, битгий яараарай” гэж Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал учирласан. Тэрбээр “Ерөнхий сайдын хэлснээр бодитой ажил болгохын тулд бүх зүйл биднээс шалгаална. Туршлагатай хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь зүг чигээ тодорхойлчихлоо гэсэн үг” гэж тодотголоо. Мөн ард иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болгох талд тусгайлан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх тухай ярьснаа дуулгав.
Монголын санхүүгийн зах зээлийн нэр хүнд цаашид Лондоны хөрөнгийн биржийнхнээс ихээхэн хамаарна. Монголчуудын хүсэн хүлээсэн санхүүгийн хөгжил гурван жилийн дараа илүү тодорхой харагдана.