Хөрөнгийн бирж дэх “хөөс” хагарав

2010 онд 138 хувиар өсч, дэлхийг алмайруулсан Топ 20 индекс туулай жилийн гараагаа ч амжилттай эхэлж, өсөлтийн хурдаа сааруулахгүй хэсэг “давхисан” билээ. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд байдал эсрэгээрээ эргэв. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хугацаанд уг индекс 19.1 хувиар доошилсон байна. Яагаад тэр вэ?
Бодит байдалтай уялдахгүй байгаа өсөлтийг эдийн засагчид “хөөс” гэж нэрлэдэг. Тухайн компанийн үйл ажиллагаа, амжилт хийгээд алдаанаас хамаарч хувьцааных нь ханш хэлбэлзэх учиртай. Гэтэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ихэнх нь мэдээллээ ил тод байлгадаггүй, санхүүгийн тайлангаа ч нийтэд зарладаггүй. Тиймээс хөрөнгө оруулагчид хувьцааг “сохроор” худалдаж авах нь элбэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оноос эхэлсэн үнэт цаасны үнийн өсөлт “хөөс” байсныг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш өдөртөө л 15 хувиар өссөөр, нүд ирмэхийн зуур хэд дахин нугарч амжсан. Тэгвэл хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд “Адуун чулуун”-ы үнэлгээ 46, “Багануур”-ынх 42, “Могойн гол”-ынх 40 орчим хувиар навс унасан байгааг хүснэгтээс харна уу.