Хөрөнгийн зах зээлд тавтай морил

Монголчууд хөрөнгийн зах зээлтэй анх хувьчлалын замаар танилцсан. Өөрөөр хэлбэл, ардчилалын эхэн үед иргэн бүрийг үнэт цаасны эзэмшигч болгож, ашиг хүртээх нэрээр өгсөн “цэнхэр, ягаан” тасалбар анх танил болж байлаа. Тэр үеэс хойш 22 жил өнгөрчээ.

Өдийг хүртэл үрчийтэл хадгалсан цэнхэр, ягаан тасалбарт нь гавих гавьяа байна уу, Тавантолгойн тарааж өгөх гэж буй 1072 хувьцаа хаана байна вэ тэргүүтэй асуултыг амралтын өдрөөр Хөрөнгийн биржийг зорьсон зон олон голчлон асууж байлаа.

Эл өдөр буюу энэ сарын 26-ны өдөр Монголын хөрөнгийн бирж болон тус салбарын мэргэжлийн оролцогч байгууллагуудын зүгээс хамтран “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан юм. Монголын хөрөнгийн бирж хөрөнгө, мөнгө хөдөлгөгч болох зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлж буй тус өдөрлөг нь иргэдэд тодорхой хэмжээнд үнэт цаасны мэдлэг, мэдээлэл хүргэх, санал гомдлыг хүлээн авах зорилготой байв. Тус өдөрлөгт ирсэн иргэн Д.Хүрэлбаатар “Талх Чихэр, Монгол савхи, Улаанбаатар зочид буудал зэрэг байгуууллагуудын хувьцаа буюу цэнхэр тасалбаруудыг өдий хүртэл хадгалж ирлээ. Тухайн үедээ сайн ойлгоогүй ч одоо тодорхой ойлголттой болж байна. Хувьцаагаа зарах бус хадгалья гэсэн бодолтой боллоо” гэж хэлсэн юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй оронд иргэд гэрээсээ үнэт цаасны арилжаанд шууд оролцдог билээ. Үүний тулд үнэт цаасны зах зээлийн тухай сайтар мэдэх нь зүйн хэрэг. Тиймдээ ч тус арга хэмжээ олон түмнийг өргөнөөр оролцуулж, үнэт цаасны зах зээлийн ач холбогдлыг ойлгуулах, улмаар татан оролцуулах алхам хийхийг зорьсон нь илт. Энэ бол Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээлсэн Мастрер гэрээний үргэлжлэл.

Нээлттэй өдөрлөгт мэргэжлийн бүх байгууллага оролцсоноос брокер дилерийн компаниуд болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хамгийн их эрэлттэй байлаа. Учир нь цэнхэр тасалбарын эзэд болон ирээдүйн Тавантолгойн өмчлөгчид хувьцаагаа шүүлгэж, хаана ямар брокер дилерийн компани дээр нэр нь байгааг мэдэж, тэр дор нь шийдүүлэх боломж бүрдсэн юм. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс амралтын өдөр таарсантай холбогдуулан нэг дороос данс нээлгэх, санхүүжилт татах боломжийг сонирхож зөвлөгөө авч байлаа.

Монголын хөрөнгийн бирж МIT шинэ систем суурилуулснаас хойш хөрөнгийн захын арилжаанд оролцогчид дахин харилцах данс нээлгэх шаардлагатай болсон. Нийт харицагчид дансаа брокер дилерийн компаниуд дээр дансаа нээлгэж дуустал хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт өөдтэй өсөхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байгаа билээ. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 24 хувь нь харьяалагддаг “BDSec” компанийн мэргэжилтэн З.Одбаяр “ Манай дотоод харилцагчдын 30-40 хувь нь дансаа нээлгээд арилжаанд идэвхтэй оролцоод явж байгаа бол гадаад харилцагчдынхаа хагасаас илүү хувийнх нь дансыг нээгээд өгчихсөн байгаа” хэмээв. Сүүлийн өдрүүдэд хөрөнгийн биржийн арилжаа өмнөхөө дээрдэж зарим өдөр арилжааны нийт дүн хуучин шигээ буюу 100 сая хүрэх тохиолдол гарч байгаа билээ. Үүнийг хүмүүсийн дансаа нээлгэх үйл явц цэгцэрч байгаатай холбон тайлбарлаж байгаа мэргэжилтнүүд байна.

13:00 цагийн үед тус өдөрлөгийг зорьсон иргэдийн тоо 300 давсан бөгөөд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн оролцогч байгууллагуудын нийт 100 гаруй албан хаагч эл өдөр нэг дор ажиллаа. Зарим иргэний зүгээс тус өдөрлөгийн давтамжийг ойртуулах хүсэлтээ ч мөн илэрхийлж байсан юм.