Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

Ардчилалын салхи Монголын талд сэвэлзэж эхэлсэн 1990-ээд оны үед төрийн өмчит хөрөнгийг хувьчилж, иргэдэд хүртээх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Монголд хөрөнгийн зах зээлийн хөрс тавигдсанаас хойш даруй 22 жил болжээ. Энэ хугацаанд хувьчлалын зорилгоор байгуулагдсан манай зах зээлийн үйл ажиллагаа цөөнгүй зүйлээр олон улсын стандартаас хоцорч, дэлхийд өрсөлдөх байтугай санхүүгийн салбараа түших гол багана байх боломжгүйд хүрсэн. Тэгвэл энэхүү хоцрогдлыг өөрчлөн шинэчлэхээр Монголын хөрөнгийн бирж хоёр жилийн өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй Мастер гэрээг үзэглэсэн билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд арилжааны шинэ систем болох Миллениум IT системийг суурилуулах, үнэт цаасны тухай шинэ хуулийг өргөн барих, салбарын мэргэжилтнүүдээ бэлдэх зэрэг ажлуудыг хийж байгаа. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагуудын зүгээс хамтран иргэдийн үнэт цаасны талаарх мэдээллийг сайжруулах, хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцох, гомдол саналыг чөлөөтэй хүлээн авч улмаар шийдвэрлэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 22 жилийн ойг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржийн санаачилгаар энэ долоо хоногийн бямба гаригт болох “Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг”-т Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” , “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Брокер, дилерийн компаниуд болон төлбөр, тооцоо гүйцэтгэгч банкууд оролцох аж. Тус өдөрлөг МХБ-ийн нэгдүгээр давхрын арилжааны танхимд 10:00-17:00 цагт болно.

Манай улсын иргэдийн үнэт цаасны мэдлэг цэнхэр, ягаан тасалбараар хязгаарлагддаг гэдэг. Харин өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн томоохон хөрөнгө оруулагчид бус жирийн иргэд ч хөрөнгийн зах зээлийн идэвхитэй тоглогч болсон байдаг. Тэгвэл энэ боломжоор монголчууд хангагдах гарц нээгдэж байгаатай холбогдуулан тус өдөрлөгийн хүрээнд ард иргэдэд сонирхсон асуултанд мэдээл өгөх гэж байна. Мөн энэ үеэр та хувьцааны данс нээлгэх боломжтой бөгөөд хоёр хоногийн дараа утсаар эргэн холбогдсоны үндсэн дээр таны данс баталгаажих аж.

Доорх мэдээллийг тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр авах боломжтой

1. Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж болон бусад зах зээлд оролцогч мэргэжлийн болон удирдах байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага болон бүтэц зохион байгуулалтын талаар ард, иргэд болон хөрөнгө оруулагчдад нэгдсэн ойлголт өгөх,

2. Иргэдийн дансыг шүүж холбогдох ногдол ашиг болон харьяа брокерийн пүүсийн талаар мэдээлэл өгөх,

3. Ард, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, брокерийн болон төлбөр тооцооны дансуудыг түргэн шуурхай нээж, зөвлөгөө өгч үйлчилнэ.

4. Хувьцаатай холбоотой ард иргэдийн гомдол, саналыг бүртгэх, холбогдох мэдээллийг өгөх.