Хөрөнгийн зах зээлийн хөмсөг хууль дэмжигдлээ

Хөрөнгийн зах зээлийн эцэг хууль Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ.

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн ч Эдийн засгийн байнгын хороо хуралдсан бөгөөд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдал, , Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн учир энэ долоо хоногийн эцсээр УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар орох юм байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд Үнэт цаасны шинэ хуульд олон улсад хэрэглэгддэг нэр томьёог хэрхэн тусгасан, олон улсад хэрэглэдэг гэдгээр нь гадаад нэр томьёог авч ашиглах юм уу, эсвэл монголчлох эсэхийг асуусан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Монгол хэлнээ буулгаад, хэрэглээд хэвшчихсэн нэр томьёонуудыг хуульд тусгаж, гарцаагүй олон улсад хэрэглэдэг, монгол хэлнээ байхгүй нэрийг монгол хэлээр буулган, ард нь хаалтад гадаад нэр томьётой нь хуульд тусган боловсруулсан гэв. Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дахь нэр томьёоны тайлбар толийг гаргахаар төлөвлөж байгаа аж.

Хөрөнгийн зах зээлийн хөмсөг хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 оноос хойш мөрдөж буй одоогийн хуультай харьцуулахад сайжирсан тал олон бий гэж мэргэжилтнүүд үзэж буй. Зах зээлийг арван жилийн өмнөхтэй нь зэрэгцүүлбэл харьцангуй тэлж, хувьцаа гаргах арга ажиллагаа өргөжсөн, зах зээл идэвхжсэн байгаа. Гэхдээ олон улсын түм түжигнэж, бум бужигнасан хөрөнгийн захуудтай харьцуулахад өдий байгаа гэдэгтэй санал нэгдэх хүн олон. Гэсэн ч зах зээлийн оролцогчдын үйл ажиллагаагаа тэлэх гэсэн өдийг хүртэлх оролдлого, идэвхид хүрч ажиллах зохицуулалт дутмаг, хууль нь цаг үеийн шаардлагаа гүйцэж үйлчлэхээ больсоор удаж байна.

Зах зээлийн тэлэлт, санхүүжилтийн банк бус эх үүсвэрийг дэмжин ажиллах зорилгоор тус хуулийн шинэчлэлийг аль 2007 оноос эхлүүлсэн ч хоёр төрийн нүүрийг үзэж, гологдож шилэгдсээр өдийг хүрсэн. Гэсэн ч энэ хугацаанд салбарынхны саналыг авч засан сайжруулсаар тус хуулийн чансаа чангарсан сайн тал ч байж болох. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын хаалгыг тогшсон ч, шинэ төр шинжиж үзэхээр буцаасан тус хуулийг батлуулах нь салбарынхны цөхрөл болоод байсан гэхэд хилсдэхгүй.
Тус хуулийн хамрах хүрээ уул уурхай, халамжийн бодлого адил өргөн хүрээнд олны анхаарал төдийлэн татдаггүй учир мэргэжлийн хүрээнд салбарын оролцогчдыг хамруулан хоёр өдрийн хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Нийт оролцогчдын саналыг авч үзэж, УИХ-аас байгуулагдсан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 60 гаруй зарчмын өөрчлөлтийг Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгад хийхээр тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, тус хоёр өдрийн хэлэлцүүлгээр шинэ хуульд хасах болон нэмэх заалтуудаа тогтсон. Хэлэлцүүлгийн явцад Хөрөнгийн биржийн лобби их, Санхүүгийн зохицуулах хороо өөртөө их хэмжээний эрх мэдэл авахаар болгосон байна гэх зэрэг шүүмжлэл, санал нэлээд гарч, зөрчилдөөн үүсэх ч тохиолдол байлаа. Гэсэн ч зүйл заалтаар нь авч хэлэлцсний дүнд оруулж болох, болохгүй өөрчлөлтүүдээ нэгд нэгэнгүй чөлөөтэй ярилцсан юм.

Тус хуульд Азийн хөгжлийн банк, Австрали тэргүүтэй гаднын мэргэжилтнүүд ажиллаж, эхний ноорог найруулгыг гаргаж ирсэн бөгөөд үүний дараагаар салбарын мэргэжилтнүүд эцэслэж, олон улсын байгууллагуудаар хянуулан, санал зөвлөмж авчээ. Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэлийг чиглүүлж буй Лондонгийн хөрөнгийн бирж ч тус хуульд Монголын биржээр дамжуулан санал өгсөн байна.

Шинэ хууль зохицуулалт, хөрөнгө оруулагч, хяналт, мэргэжлийн оролцогчдын хувьд илүү боловсронгуй болж, тэдний харилцааг өргөн хүрээнд зохицуулж өгөх учиртай. Ирэх таван жилд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 30 дахин өсөх боломжтойг гаднын мэргэжилтнүүд онцолж буй. Үнэт цаасны тухай шинэ хууль энэ хавар батлагдвал ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц “Хууль, эрх зүйн орчин бол зөвхөн зоосны нэг тал. Хууль батлагдсаны дараа хийх ажил маш их” хэмээн хэлсэн юм. Хууль эрх зүйн орчныг нь шинэчилж, урагшлах замыг нь тавьснаар хөрөнгийн зах зээлийн хөгжил саадгүй хурдалчихгүй. Харин жолооны хүрд салбарынхны гарт жинхэнэ утгаараа ирж буй хэрэг юм.