Хөрөнгийн зах зээлийн хөшгийг нээх алхам

Хөрөнгийн зах зээлийн зарим оролцогчийн зүгээс энэ оны хоёрдугаар хагаст үйл ажиллагаагаа идэвхжүүлж, тус зах зээлд нөмрөөд буй сүүдрээс гарахын тулд хэд хэдэн мэдэгдэл хийлээ.
“Prophecy Coal Corp”, “Занаду Майнс”, “Өндөртолгой” гэсэн гурван компанийн зүгээс өөрсдийн үйл ажиллаагаатай холбоотой эерэг мэдээллийг олон нийтэд ил болгож эхэлжээ. Энэ нь хөшсөн хөрөнгө оруулалтыг өдөөж, боломжилт төслүүдэд оролцох хөшүүрэг болох учиртай аж.
Prophecy Power Generation” компанийн хувьд Монголын хойд хэсэгт орших "Чандгана" нүүрсний төсөлтэй 25 жилийн худалдан авалтын гэрээ байгуулсан гэдгээ саяхан мэдэгдсэн. Үүний дараа тус компанийн зүгээс хувийн хэвшилд оруулсан нийт 1.14 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтээ зогсоож байгаагаа зарласан билээ.
Занаду Майнс” компанийн зүгээс "Оюут Улаан" зэсийн төсөл дээр ажиллахаар болсон тухай мэдээлэл хөрөнгийн зах зээлд мөн шинэ мэдээлэл боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гарсан өөрчлөлтийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон учир тус компани дээрх төслийн хэрэгжилтэд 90 хувийн давуу эрхтэйгээр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ эрх олговол Занаду компани олон улсын “JORC” нөөцийн ангиллын стандартаар тогтоосон 900 мянган тонн нүүрс олборлоно. Гэвч үүний тулд 600 мянган ам.доллар, нэмэх нь таван сая ам.доллартай тэнцэх хувьцаагаар төлбөр хийх ёстой болж буй. Занаду компани тавдугаар сард “Temujin Mining” компанийн салбар “Vantage” компанийг худалдан авах замаар дээрх төсөлд оролцохоор болсноо хэлж байсан билээ.
Өндөртолгой” компанийн хувьд “Очирын булаг” алтны ордын хайгуулын ажлыг гардан хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. “Өндөртолгой” компани нь 125 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Люксембургийн “Anya-2 Sarl” компанийн 5.05 хувийг эзэмших болсон билээ. “Anya-2 Sarl” компани нь “Очирын булаг” төслийг эзэмшдэг Монголын “Western Minex” компанийн 66 хувийг эзэмшдэг байна. Тухайн төслийг эзэмшигч хоёр компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон холбогдох хуулийн байгууллагууд зөвшөөрөл өгсний дараа 300 мянган ам.долларын санхүүжилтыг хэсэгчилэн хийх юм байна.