Хөрөнгийн зах зээлийн шинэ үе эхэллээ


Хонконг, Нью Йорк, Сингапурын хөрөнгийн биржийг хойноо хол хаясан Лондонгийн хөрөнгийн бирж Монголын “модон” хөрөнгийн зах зээлийг шинэчлэхээр нэг ширээнд суусан нь ердөө жилийн өмнө. Дэлхийн санхүүгийн зах зээлийг тэргүүлэхийн тулд 200 гаруй жилийг зарцуулсан Лондонгийн хөрөнгийн бирж монголчуудтай хамтран гуравхан жилийн дотор эрс шинэчлэл хийж, түүхийг товчлохоо амласан. Тэгвэл өнөөдөр амлалтынхаа талыг нугласнаа гэрчлэн, шинэ системээ албан ёсоор өлгийдэн аван, “галт тэрэг” хөдлөхөд бэлэн гэдгээ зарлалаа.

Хөлд бас хэлд ороод удаагүй байгаа Монголын хөрөнгийн бирж өнөөдөр MIT арилжаа, төлбөр тооцоо, хяналт хадгаламж гэсэн хөрөнгийн зах зээлийн цогц системийг албан ёсоор хүлээж авсан юм. Тус арга хэмжээнд тууз хайчлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Лондонгийн хөрөнгийн бирж группын Стратеги хариуцсан захирал Дэвид Лэстэр тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд ирсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөрөнгийн биржийн цанг цохисон энэ мөчөөс Монголын хөрөнгийн зах зээлд шинэ үе ирнэ гэж харж байна. Манай улсын иргэд цаашид банканд мөнгөө хадгалуулаад зогсохгүй хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, хөрөнгөжинө гэж итгэж байна” хэмээн хэлсэн юм. Үүний дараа Ерөнхий сайд Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах богино хэмжээний уулзалт хийв.
Бусад улс хөрөнгийн зах зээлээ бсогохын тулд ойролцоогоор 10 жилийг зөвхөн бэлтгэлд зарцуулдаг. Харин 18 сарын хугацаанд Монголын хөрөнгийн бирж болон холбогдох байгууллагууд хамтран системийн шинэчлэл хийж, холбогдох хяналт зохицуулалтад өөрчлөлт оруулж чаджээ. Улмаар өнгөрсөн долдугаар сараас шинэ системээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Энэ бол асар богино хугацаанд хийгдсэн шинэчлэл хэмээн гадаадын мэргэжилтнүүд онцолж байна.
Лондонгийн хөрөнгийн биржийн Стратеги хариуцсан захирал Дэвид Лэстэр “Бид энэхүү стратегийн хамтын ажиллагааг олон Улсын хөрөнгийг татаж, Монгол Улсыг Ази тивийн тэргүүлэгч арав цаашлаад эхний тавд багтах хөрөнгийн зах зээлтэй орон болгохын төлөө хамтран ажиллахаар эхлүүлсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон ч бид цаашид хамтран ажиллана” гэсэн билээ.
Гэвч шинэ систем ашиглалтад орсноос хойш хөрөнгийн зах зээлийн өнгө төрх бараантаж арилжааны хэмжээ багасан, ТОР20 индекс уруудсан. Үүнд хоёр шалтгаан байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээлийн хувьд хамгийн идэвхгүй улирал буюу зун шинэ системийг ашиглалтад оруулсан. Хоёрдугаарт, шинэ системтэй холбоотой гарч ирсэн дүрэм, журмын шинэчлэл брокер дилерийн компаниудад нэлээд өндөр босго болсон. Тиймээс шаардлагуудыг хангаж арилжаанд оролцоход багагүй хугацаа шаардсан. Нөгөөтэйгүүр Монгол төдийгүй гаднын санхүүгийн зах зээлүүд харьцангуй сул байсантай холбоотой гэж дүгнэж байна.
Хэдийгээр хөрөнгийн зах зээл дэлхийн санхүүгийн зах зээл хэмээх хөлгүй далайд нэгэнт завиа тавьсан ч сэлүүр үгүй хүлээн зогссоор байгаа. Аав нь ажлаа хийхгүй бол айл гэр аягүйтэн урууддаг шиг хөрөнгийн зах зээл өнөөдөр Үнэт цаасны тухай хуульгүйгээр, өөрөөр хэлбэл сэлүүргүй далайчинтай адил байрнаасаа хөдөлж чадахгүй байгааг олон хүн хэлж буй.
“ Үнэт цаасны тухай хуулийг ирэх долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор оруулж, удалгүй УИХ-аар хэлэлцэх байх гэж харж байгаа. Тэсэн ядан хүлээж байгаа энэ хууль хөрөнгийн зах зээлд олон боломж нээж, дараагийн шатанд хөтлөх учиртай юм ” хэмээн МХБ-ийн захирал Г.Саруул хэлсэн.
Монгол Улсын хөрөнгийн зах зээл хэд дахин томрох боломж байгаа. Гэхдээ шинэ бүтээгдэхүүн оруулж ирж, зах зээлээ тэлэхийн тулд хуулиа баталж шинэчлэлийг цогц болгох хэрэгтэй. Дэд бүтцийн шинэчлэл үндсэндээ хийгдчихсэн энэ салбарт одоо хууль, эрх зүйн таатай орчин дутаж байна.