Хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ

Азийн хувьцаа өсч эхэлсэн тухай BBC агентлаг мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Драги бүсийн өрийн хямралын хазаарлах зорилготой бодлогоо танилцуулсан юм.

Евро бүсийн хямралд хамгийн ихээр өртсөн орнуудаас гаргах бондыг Европын Төв банк худалдан авахаар боллоо. Уг мэдээллийн дараанаас Итали, Испани улсын зээлийн өрийн хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин Азийн хөрөнгийн бирж дэх хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт огцом буурч байсан бол дээд уулзалтын мэдээлэлтэй холбогдуулан өссөн аж. Японы Nikkei 225-ийн хувьцаа 2.2 хувиар, Өмнөд Солонгосын Kospi 2.6 хувиар, Хонконгийн Hang Seng компанийн хувьцаа 2.4 хувиар тус тус өссөн индекстэй гарсан байна.

S&P үнэт цаасны судалгааны төвийн стратегийн мэрэгжилтэн Алек Яанг “Ноён Драгигийн бондын бодлого тийм ч оновчгүй төлөвлөгөө байгаагүй гэдэг нь харагдлаа. Бүсийн улс хоорондын улс төрийн хэд хэдэн асуудал байгаа ч шийдвэрлэх арга зам удахгүй олдоно гэдэгт итгэж байна” хэмээн онцолжээ. Жилийн эхний улиралд Испани, Италийн зээлийн өр стандарт хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн гэх мэдээ байсан. Бүсийн томоохон эдийн засагтай орнуудад тооцогдох эл хоёр улс эдийн засгаа аврахын тулд олон улсын хөрөнгө оруулагчдаас зээл авах боломжгүй болсон, улмаар улсын өрөө барагдуулах нөхцөлгүй болсон талаар мэдээлж байсан. Хөрөнгө оруулагчид ч энэ их уналт евро бүсийн эдийн засгийн өсөлтийг бууруулаад зогсохгүй дэлхийн эдийн засгийг хөлдөө чирэх нь хэмээн тэвдэж байлаа. Европын Төвбанкнаас хийсэн мэдэгдэл, Испани, Италийн өрийн хэмжээ багассан үзүүлэлт зэрэг нь хөрөнгө оруулагчдын айдсыг үгүй болголоо.

АНУ-ын Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш ч өсөж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Dow Jones-ийн индекс сүүлийн таван жилд байгаагүйгээр өссөн аж.

Германы Dax-ийн хувьцаа 2.9 хувиар дээшилсэн үзүүлэлтээр хаалтаа хийсэн бол Францын Cac 40-ийн хувьцааны ханш гурван хувиар, Их Британийн FTSE 100 2.1 хувиар тус тус өсчээ.

IG Markets компанийн ажилтан Жастин Харпер BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Хөрөнгийн зах зээлд тодорхой, шийдэмгийн бодлого үгүйлэгдэж байсан. Харин тэр бодлогыг Европын Төвбанк сая танилцууллаа” хэмээн онцолсон юм. Түүнчлэн бүсийн Төв банкны уг бодлого еврогийн ам.доллар, иентэй харьцах ханшийг чангаруулсан аж. Азийн хөрөнгийн зах зээлд 1.263 ам.доллартай тэнцэж байсан еврогийн ханш 0.5 хувиар 1.267 ам.доллартай тэнцэх болжээ.

Европын Төвбанкны эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвлөгөө хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх найдварыг төрүүлэх болов. Societe Generale-ийн стратегийн мэрэгжилтэн Венсэнт Шано “Европын Төв банкны зүгээс хийж буй энэ алхам хөрөнгө оруулагчдын зах зээлийн “тоглоомд” нэгдэх хүслийг бадраах боллоо” гэсэн юм.

Хэдийгээр Драгигийн төлөвлөгөө дэлхийн хөрөнгийн зах зээлийг сэргээж байгаа ч эдийн засгийн хямралын “тулаан” намжих болоогүй байна. Societe Generale-ийн стратегийн мэрэгжилтэн Венсэнтийн хэлснээр, ноён Драги одоогоор ялалт байгуулаад байгаа ч бүсийн хямралыг ганцаараа хүчрэхгүй аж. Тэрбээр “Евро бүсийн улс хоорондын улс төрийн тогтворгүй байдал, эрх баригчдын нэгдмэл бус төлөв арилаагүй цагт асуудлын цөмийг зөвхөн ажиж суухаас өөр зүйл хийж чадахгүй” гэв.