Хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд ганцхан хоног үлдлээ

Албан тушаалтнуудад хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхэд ганцхан хоног үлдлээ. Авлигын эсрэг хуулиар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуусахад албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж дууссан байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар нийт 160 албан тушаалтан 2011 онд олсон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байгаа аж. Хуулийн дагуу ХОМ-оо мэдүүлэх ёстой 270 гаруй албан тушаалтан байгаагаас 110 гаруй нь үлдээд байгааг эх сурвалж өгүүлэв.

Усны газар тэргүүтэй зургаан байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлээд байгаа бол 22 байгууллага албан хаагчдынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь, 103 байгууллага 60-аас дээш хувьтайгаар бүртгэсэн тайлангаа мэдээлсэн байна. Улсын хэмжээнд хөрөнгө, орлогоо бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны 46100 нь буюу 80 орчим хувь нь өнөөдрийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.