Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна

Лондоны хөрөнгийн биржтэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийг Лондон хотноо амжилттай зохион байгуулаад ирсэн Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн дэд захирал Д.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Лондон хотноо болсон Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийн сонин сайхнаас ярилцлагаа эхлэх үү?

-Лондонд дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1- нд Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг анх удаа зохион байгуулагдлаа. МХБ-ээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх шат дараатай ажлуудыг зохион байгуулснаар энэхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэсэн. Зах зээлийн өдөрлөгийг Монголдоо зохион байгуулж болох ч хөрөнгө оруулагч байгаа газарт нь тус өдөрлөгийг зохиох нь үр ашигтай гэж тооцсон. Тиймээс дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон төв болох Лондонд Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах гээд олон чухал ач холбогдолтой. Энэ удаагийн арга хэмжээ тун удахгүй үр өгөөжөө өгнө гэж найдаж байна. Өнөөдөр шууд үр дүн нь харагдахгүй ч ирэх өдрүүдэд сайн мэдээ авчирна.

- Лондонд байгаа төлөөлөгчид болоод гаднын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

- Монгол дэлхийд брэнд болчихсон байгааг зөвхөн энэ удаагийн уулзалт, өдөрлөгөөр ч бус олон арга хэмжээнээс бид мэдэрч байгаа. Гаднын томоохон хөрөнгө оруулагчид Монголыг хөрөнгийн зах зээл нь хөгжиж байгаа талаар өргөн мэдээлэлтэй байна. Оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь Монголд өмнө нь ирж байсан. Монголын хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн талаар сонирхоцгоож байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа ч компанийн төлөөллүүд илэрхийлж байсан. Бид хөрөнгийн зах зээлээ идэвхитэй, түргэн хугацаанд бат бөх суурьтайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн компаниуд хөрөнгийн зах зээлд гарах бэлтгэлээ сайн хангах нь чухал. Бидэнд боломж байна, боломжийг 100 хувь ашиглах л үлдлээ.

-Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөгт тэнд байгаа монголчууд болоод үндэсний компаниуд хэр идэвхитэй оролцсон бэ?

-Хөрөнгийн зах зээлд IPO хийх сонирхолтой, цаашид хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох үндэсний компанийн төлөөлөлүүд өдөрлөгт оролцсон. Уул уурхай, санхүүгийн зах зээлийн 15 компани өөрсдийн танилцуулгаа хийж, туршлага судаллаа. Лондоны зүгээс томоохон хөрөнгө оруулагчид ирсэн. Манай үндэсний компанийн төлөөлөл сэтгэл өндөр буцаж ирцгээсэн. Лондоны хөрөнгийн биржийн зүгээс манай өдөрлөгийг нэлээд өргөн хүрээнд олон нийтэд сурталчилсан.