Хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна

“Та нар бидний хувьд хөндлөнгийн хүмүүс биш. Та нар бол Монголын эдийн засгийн нэг хэсэг шүү”. Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж хоёрдугаар сарын 27 нд болсон Монголын бизнесийн зөвлөлийн сар бүрийн ээлжит хурал дээр ингэж хэлэв.

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) 250 гишүүн компанитай, дотоодын болон Ази, Хойд Америк, Европ, Австралийн компаниудыг төлөөлдөг ТББ болохын хувьд сар бүр хуралдаж гишүүддээ мэдээлэл өгч, бас мэдээлэл солилцдог. Энэ удаагийн хуралд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна Гадаад хэргийн сайд, Монгол дахь Австрали, Хятад, Чех, Герман, Итали улсын элчин сайд нар оролцсон нь онцлог байлаа.

Хурлын гол сэдэв нь 2018 онд УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд буй татварын орчны шинэчлэл байв. МБЗ-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан тус байгууллага уг асуудалтай холбогдуулан нь татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэх зорилгоор “Хамтарсан Ажлын хэсэг” байгуулсан тухайгаа зарлалаа. Эндээс татварын шинэчлэл 2018 онд олны анхаарлын төвд байх сэдэв гэдэг нь харагдаж байлаа.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Засгийн газрын байр суурийг дамжуулахдаа хөрөнгө оруулагчидтай ойр байж, тэдний үгийг сонсож ажиллана, гэхдээ үндэслэлтэй, ашигтай саналыг авч хэлэлцэнэ гэж мэдэгдэв. Тэрбээр уул уурхайд төрийн оролцоог багасгах ёстой гэдгийг тодотгосноос гадна гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт, бас өөрсдөдөө итгэлтэй хөдлөх хэрэгтэй гэлээ.

Хуралд оролцсон зарим хөрөнгө оруулагч татвар хураах системийг хэрхэн шинэчлэх талаар сонирхож байлаа. Мөн тэдний хариу авахыг хүссэн өөр нэг сэдэв нь төмөр замын бүтээн байгуулалт байсан юм.

Гэвч Гадаад хэргийн сайд “монголчууд дотооддоо эхлээд байр сууриа нэгтгэж нэг мөр болгоогүй цагт гадныхантай хэлэлцээрээ үргэлжлүүлэх боломжгүй. Тиймээс хүлээлтийг далимдуулж барьцгүй мэдэгдэл хийхгүй” хэмээн хариулав.

Хурлын явцаас харахад ихэнх хөрөнгө оруулагчийн хүсч буй гол зүйл нь тогтвортой, ойлгомжтой байдал байв. Тухайлбал, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайд Степан Дупел шинэ хууль батлах гэхээсээ илүү байгаа хуулиа сайн мөрдөх нь илүү үр дүн авчирдаг гэж ярив. Мөн Австралийн Монгол дахь Элчин сайд Жон Лангтри эрэл, хайгуулын эрх зүйн зохицуулалт ойлгомжтой байх нь Рио Тинто тэргүүтэй Австралийн компаниудын хувьд чухал асуудал байдгийг ярилаа.


Монголын Бизнесийн Зөвлөлийн мэдэгдэл

2017 оны 6-р сарын 9 өдөр, Улаанбаатар хот – 250 гаруй дотоод, гадаадын болон үндэстэн дамнасан аж ахуйн нэгж гишүүдтэй Монгол Бизнесийн зөвлөл нь татварын багц хуулийн шинэчлэлд оруулах хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэх ажилд манлайлан оролцохоор шийдвэрлэж “Хамтарсан Ажлын хэсэг” байгуулсан тухайгаа зарлалаа. Монголын Бизнесийн зөвлөл нь хувийн хэвшлийн төлөөлөл болох бусад төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодтой түншлэн татварын шинэчлэлийн хэлэлцүүлэгт байр сууриа нэгтгэхээр болов.

Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа билээ.

Эдгээр хуулийн өөрчлөлтүүд нь бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчинд онцгой нөлөө үзүүлнэ гэж Монголын Бизнесийн зөвлөл үзэж байна.