Хөрөнгө оруулалтын “тэсрэлт” хөгжилд хүргэх үү?

Монголд орж ирж буй га­даадын хөрөнгө оруулал­тын хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнийг батлах баримт, статистикийн мэдээлэл хөвөрсөөр. Өнгөрсөн онд манайд гадаадаас 1.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж рекорд тогтоосон бол энэ жил уг үзүүлэлт хоёр дахин өсч мэдэхийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ их мөнгөний урсгал эдийн засгийн салбарт маань юу авчрах бол оо? Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт дөхөж очсон, гадаад худалдааны нийт эргэлт ДНБ-тэй тэнцсэн, эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрэх таамаглал гарсан гээд макро түвшинд сайн мэдээ бишгүй дуулдана. Гэвч энэ бүхэн микро түвшинд буюу монголчуудын бодит амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс эхлээд өрх гэрийн амьдралд яаж тусах вэ гэдгийг бид хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй болов уу.

Энэ бол зөвхөн доллар биш
Эдүгээ манай эрдэс баялгийн салбарт “Vale”, “Rio Tinto”, “Peabody Energy”, “Leighton” зэрэг уул уурхайн “акулууд” ажиллаж байгаагийн зэрэгцээ дэлхийн хэмжээний Оюутолгой, Тавантолгойн төсөл хоёул ашиглалтад орлоо. Уурхайчид мэдээж хоол иднэ, хувцас өмсөнө, банкаар үйлчлүүлнэ. Ерөөсөө тэдний хэрэгцээ мундахгүй их гарна. Тиймээс зөвхөн уурхайчдын хэрэгцээг хангаад байхад л олон тооны үндэсний компани хөлжих боломж нээгдээд буй. Гэхдээ дэлхийн хэмжээний томоохон төслүүд олон улсын стандартад нийцсэн бараа, үйлчилгээг биднээс шаардана. Үүнийг монголчууд одооноос бодолцож, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарах цаг иржээ.

Ер нь үндэстэн дамнасан томоохон корпорациуд зөвхөн доллар тээж ирэхгүй ээ, Монголын нутагт. Тэдний оруулж ирэх техник технологи тав, арван тэрбум ам.доллараар ч хэмжигдэхгүй хөрөнгө оруулалт болох юм. Зөвхөн мөнгөний биш оюуны, технологийн хөрөнгө оруулалтын давалгаа айсуй. Уурхайн ажилчдаас эхлээд ханган нийлүүлэгчид маань мөнгөнөөс гадна мэдлэг шүүрч авбал жинхэнэ хожил болох юм. Томоохон компаниудаас үлгэр дуурайл авч, Европын стандартыг нутагшуулж, компанийн засаглал, менежментийн соёл зэргийг нэвтрүүлэх аятай боломж бүрдэж байна. Хувийн хэвшлийнхэн энэ тал дээр санаачилгатай байснаараа хожим нь өөрсдөө л хожиж үлдэх билээ. Ингэж чадвал бид ирээдүйгээ гартаа атгана. Монгол хүн жинхэнэ утгаараа баян болж, Монголын компаниуд өөрсдөө стратегийн хөрөнгө оруулагч болж ч мэднэ. Энэ бүхэн зөвхөн бидний хичээл, зүтгэлээс л шалтгаалах юм.

Уул уурхай улам томорсоор
“Айвенхоу майнз” компани ирэх онд Оюутолгойн уурхайн барилгын ажилд 2.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн тухайгаа зарласан билээ. Энэ бол зөвхөн ганц төсөлд орж ирэх мөнгөний хэмжээ. Хажуугаар нь Тавантолгойн ажил юу юугүй шуудрах гэж байна. Нүүрсний энэ асар том уурхай ашиглалтад орсноор түүнийг даган бий болох дэд бүтэц, төмөр замын хөрөнгө оруулалтын асуудал босоод ирнэ. Энэ бүхнээс үзэхэд Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ гурван тэрбум ам.доллараар ч хязгаарлагдахгүй байж мэднэ. Гэхдээ их мөнгө дандаа сайныг дагуулдаг уу гэвэл бас үгүй. Баялгаасаа болоод баларсан орны жишээ ч мундахгүй.

Нидерланд, Саудын Араб, Нигер, Мексик зэрэг орныг нэрвэж дөнгөсөн Голланд өвчин гэх “чимээгүй тахал”, их мөнгөний урсгалыг даган сэмхэн орж ирээд, гэнэт гарч явахдаа гай чирч мэдэх “халуун мөнгө”... Энэ мэтийн томоохон сорилтын өмнө Монгол Улс нүүр тулаад байгааг олон улсын байгууллагууд анхааруулж буй. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт чангарч, уул уурхайгаас бусад салбар өрсөлдөх чадвараа алдах нь Голланд өвчний шинж тэмдэг гэдэг. Тэгвэл 2010 онд манай төгрөг америк долларын эсрэг дэлхийд хамгийн ихээр өссөн валют болсныг сануулах юун. Түүнчлэн уул уурхайн салбар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа “залгиж” байхад аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт ганц хувь нь ч шингээгүй байгааг юу гэж ойлгох вэ? Манай ДНБ-ий 30, экспортын 85 гаруй хувийг зөвхөн ашигт малтмал бүрдүүлэх боллоо. Гэтэл төр, засгийн эрхмүүд эрдэс баялгийн орлогоороо уул уурхайн бус салбаруудаа босгож ирэхийн оронд бэлэн мөнгө тарааж, ДНБ-ийхээ 10 хувьтай дүйцэх хэмжээний алдагдалтай төсөв баталчихаад сууж байна шүү дээ.

Эцэст нь...
Тун удахгүй Монголын компаниуд гадаадад хөрөнгө оруулах хэмжээний чадалтай болохыг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг тэмдэглэж байна. Үнэхээр ч манай үндэсний компаниуд өсөн томорч байгааг харах юутай сайхан. “Petro Matad”, “Mongolian mining corporation”, “Hunnu Coal”, “Haranga resources” зэрэг үндэсний болон хамтарсан компани Лондон, Хонконг, Австралийн хөрөнгийн биржээс их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж чадлаа. Хэдхэн жилийн өмнө монголчуудын хувьд мөрөөдөл төдий байсан олон улсын зах зээл өнөөдөр бидний өмнө үүд хаалгаа нээлээ. Гадаадын хөрөнгө оруулалтаар бий болсон томоохон компаниудыг хөлжсөн хойно нь дотоодын аж ахуйн нэгжүүд өөрийн болгох үзэгдэл ч мэр сэр гарах болов. Тухайлбал, “Skytel” компанийн солонгос эздийн хувьцааг өнгөрсөн өвөл “Шунхлай” групп худалдаж авсан билээ.

Хөрөнгө оруулалтын “тэсрэлт” шинэ үеийг даллаж байна. Гэвч энэ шинэ орчин биднээс шинэ сэтгэлгээ, шинэ бодлого шаардах аж. Манай урд хөршийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг төрөөс нь дэмждэг байна. Гэтэл Монголд дотоодын хөрөнгө оруулалтын тухай тусгайлан мөрдөж буй хууль тогтоомж хүртэл алга байх жишээтэй. АНУ болон Европын зарим орон банк, хэвлэл мэдээлэл, эрчим хүч, даатгал зэрэг салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад өндөр шалгуур тавьсан байдаг. Харин манайд энэ мэтийн зохицуулалт огт байхгүй байгаа юм. Үүний хажуугаар Голланд өвчин, “халуун мөнгө” зэрэг эрсдэлийг бид хэрхэн тойрч гарах вэ, яаж даван туулах вэ гэдэг тал дээр ч төрийн бодлого үгүйлэгдэж буй. Уул уурхайн хөрөнгө оруулалтын “тэсрэлт” болох гэж буй өнөө үед төр, засгийн эрхмүүд бодлогын түвшинд ихээхэн зүйл эргэж харах хэрэгтэй нь үүнээс харагдах биз ээ.

Олон арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын баялаг говьд нүдээ унагаж ирсэн. Гэхдээ авлига, улс төрийн тогтворгүй байдал зэргээс болж зайгаа барьж байсан болов уу. Харин одоо Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал нэгэнт эрчимжжээ. Энэ их мөнгөнөөс аль болох ихийг эх орныхоо эдийн засагт шингээж чадах, эсэх нь манай эрх баригчдын бодлого, хувийн хэвшлийнхний санаачилга, иргэдийн идэвх зүтгэлээс хамаарах буй за.