Хөрөнгө оруулалт ба лидер байхын “урлаг”

“Андрей Зотов” /“ADJ Consulting” компанийн удирдагч/

Манай компани хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний зах зээлд 10 дахь жилдээ ажиллаж байна. Бид аливаа бизнест дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахад нь оролцдог гэх үү дээ. Жил бүр бид 100 гаруй төсөл судалдаг боловч 20 орчмыг нь л ажил хэрэг болгодог бөгөөд тэдэнд хөрөнгө оруулагч олж өгдөг юм. Сонголт хийхдээ манай компани таван зүйлийг харгалзан үздэг бөгөөд энэ удаад гол асуудлыг буюу лидер ямар байх хэрэгтэйг товч танилцуулъя.
Ямарваа нэг төслийг бодож олсон, зохион байгуулсан, амьдралд хэрэгжүүлэхээр зорьсон нэг хүн байдаг. Хэрэв төслийг машин гэж үзвэл тэр хүн хөдөлгүүр нь гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын дунд ерөнхий стейкхолдер (хувь эзэмшигч) гэдэг үг ч бий. Гэхдээ энэ нь этгээд сонсогддог, тэгээд ч англи үг болохоор бид “лидер” гэж тэр хүнийг нэрлэе.

Таван жилийн дараа...
Лидертэй анх уулзах үедээ л “Энэ хүн төслийнхөө хэр удаан амьдрахыг мэдэж, багцаалж байна уу” гэдгийг бид ойлгохыг хичээдэг. Төсөл амжиллтай байх, эсэх нь түүний хүсэл сонирхол, зорилготой нягт уялдаатай гэдгийг лидер хүн сайн ойлгож, энэ бүхнийг яах гэж хийж буйгаа бусдад ойлгуулан тайлбарлаж чаддаг байх ёстой. “Таван жилийн дараа Таны бизнес ямар хэмжээнд очсон байх вэ?” гэсэн асуултад жинхэнэ лидер түвэггүй хариулчихна. Хөрөнгө оруулагчийн энэ асуултад тодорхой, шийдмэг хариулж чадахгүй байгаа бол төсөл үндсэндээ байхгүй гэсэн үг юм. Жишээ татья л даа, “Таван жилийн дараа...?” гэсэн асуултад Оросын нэгэн бизнесмэн “Бид одоо үйлдвэрлэж буй тоног төхөөрөмжөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэж, их хэмжээгээр үйлдвэрлэнэ” гэж хариулж. Харин хөрөнгө оруулагчид энэ эрхэм тийм ч зоримог биш гэж бодсон уу, ирээдүйд гарч ирэх боломжийг олж харсангүй юу, юутай ч татгалзжээ. Нэг талаар бизнесмэний зөв байсан ч байж болох юм. Энэ компани одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй агаад үнэхээр л үйлдвэрлэлээ таван жилийн өмнөхтэй харьцуулахад одоо өргөтгөсөн. Гэхдээ жилийн өмнө яг энэ бүтээгдэхүүнийг Хятадад хийгээд эхэлчихсэн юм.

Ирээдүйн хувьцаа эзэмшигчид
Үйлдвэр дөнгөж хаалгаа нээсэн ч “том” компани шиг ажиллах ёстой. Дотоод дүрэм журмыг ажилтан бүр сайн ойлгодог, дуртайяа дагаж мөрддөг байх хэрэгтэй. Бидэнтэй хамтарч ажиллаж байсан нэг компанийн ахлах менежер ажлаа хэр сайн хийж буйгаа “Паша юу гэж бодож байгаагаар” дүгнэдэг тухайгаа ам алдчихсан юм. Паша гэдэг нь тэр бизнесийн эзэн л дээ. Аз болж түүний үг биднийг бодит байдлыг мэдэрч, хамтын ажиллагаагаа эргэж харахад тусалсан. Ер нь нэг л хүнээс хамаарсан, нэг хүн дээр төвлөрсөн ажил, бизнес өргөжин хөгжиж, “том” болоход хэцүү. Сайн лидер бол бизнесийг өөрийнхөө төлөө биш, ирээдүйн хувьцаа эзэмшигчдэдээ зориулан босгож байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Үгүй бол хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдэнэ.

Хүмүүсийг араасаа дагуулж чадах уу
Лидер яаж ажиллаж байна, түүний зан авир, хүмүүстэй харилцаж байгаа байдал, ажилдаа хэрэглэж буй арга барил нь ёс суртахууны хэм хэмжээнд нийцэж байна уу? Энэ нь энгийн ажилтны ч нүдэнд өртөх чанар юм шүү дээ. Сайн лидер ажилчдынхаа итгэлийг хүлээсэн байх ёстой. Хамгийн наад зах нь орлогчоо тэр бүр солиод байдаггүй. Мөн сайн лидерийн ажилтнууд өсөн дэвшиж, амжилтад хүрдэг. Гэхдээ “парадокс” нь юу гэвэл ийм ажилтнууд өөр хүний удирдлага руу ч амархаан хөрвөчих талтай. Тиймээс ч сайн лидер дахиад л “цэргүүд” бэлдэх чадвартай байх ёстой юм.
Нэгэн өвчнийг анагаах төхөөрөмж зохион бүтээсэн Василий Петрович жинхэнэ суут ухаантан байлаа. Бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулсан тэрбээр ажилчдыг хэрхэн сонгох, зохион байгуулах талаар мэдлэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нэгэн байв. Тиймээс хүмүүсийн эвийг олчихдог, гүйлгээ ухаантай нэгэнд энэ асуудлаа хариуцуулчихжээ (Бидний зөвлөсний дагуу). Тэр ажилчидтайгаа тулж ажилладаггүй ч түүнийг бүгд хүндэлдэг, боловсруулсан төсөл, арга барилыг нь ёсчлон дагадаг. Хамгийн гол нь түүний бизнес одоо ч “гялалзаж” байгаа юм.

Түншийн хувьд итгэл даах уу
Та энэ хүнд итгэж байна уу? Хэрэв тийм бол түүнтэй ярьж тохирч чадах уу? Ямар ч үед өөрийгөө зөвтгөж чаддаг хүнийг лидер гэхгүй. Хөрөнгө оруулагчдаас хүссэн зүйлээ салгаж чаддаг хүнийг ч лидер гэх нь буруу. Учир нь хөрөнгө оруулагч лидерт итгэхгүй байгаа тохиолдолд сайтар боловсруулсан бизнес төлөвлөгөө ч амжилтын баталгаа болж чадахгүй шүү дээ.
Хөрөнгө оруулагчидтай хийдэг ээлжит хэлэлцээрийнх нь дараа “Геннадий, тэдэнд ярьсан зүйлдээ чи өөрөө итгэж байна уу” гэж даргаасаа асуусан нэг ажилтныг санаж байна. Тэр бүү хэл, найман сар үргэлжлээд хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлүүдийг тохиролцож чадаагүй тохиолдол ч байсан юм. Хоёр тал бие биедээ итгэхгүй байгаагаас, эрсдэлээс эмээснээр ийм сунжирсан хэлэлцээрийн дараа хүртэл ямар ч үр дүн гараагүй юм.
Бүр тохиролцоонд хүрэх ямар ч боломжгүй мэт санагдах үед ч шинэ шийдэл, арга сэдэж чаддаг хүн бол жинхэнэ лидер. Ямарваа нэгэн гэрээ түүний, эсвэл нөгөө талын эрх ашгийг хамгаалах бус, хоёр талын хүсэл сонирхолд нийцсэн байх ёстойг лидер ойлгож байдаг.

(“Forbes” сэтгүүлээс орчуулав)