Хөрөнгө оруулалт-ухаалаг бодлого

Бид гаднынхны нүдээр...

Өнөөдөр Монгол Улс гаднын томоохон хөрөнгө оруулагчдын нүдэнд ямар­шуу харагддаг бол оо? Тэдний Монголын талаар хэвлэлд өгсөн ярилцлага, бас уулзаж ярилцаж байхад төрж байсан бодол сэтгэгдэл дээрээ үндэслэн доорх төсөөллийг бий болголоо. Өөдрөг үзэлтэй хөрөнгө оруулагч нэгэн яагаад Монголд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа тухайгаа дараах маягаар илэрхийлэх болов уу.

“...-Монголын говь нутаг бол тэр чигээрээ урт хугацаатай, өндөр чанартай, хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын “бүтээгдэхүүн” юм. Учир нь, энергиэр өлсөж буй Хятадын ар нуруун дээр байгаа учир Африк, Австралитай харьцуулахад тээврийн зардал хямд гэсэн маш том давуу талтай. Өөрөөр хэлбэл, Монголын түүхий эд Хятадад хамгийн хямд өртгөөр тээвэрлэгдэн хүрэх боломжтой. Оюутолгой, Тавантолгой ашиглалтад ороод, том компаниудын санхүүгийн гүйлгээ, хувьцаа зэрэг нь Монголын банк, Монголын хөрөнгийн биржээр дамжаад эхэлбэл энэ орны санхүүгийн зах зээл асар хурдтай томорно. Монголын өсөлтөөс хувь хүртэх гэсэн компаниуд ч ихэснэ. Энэ бялуунаас хүртэх сонирхол бидэнд байна...” Харин Монголтой, Монголын улс төр, эдийн засаг, эрх зүйн орчинтой нэлээд гүнзгий танилцсаны дараа дараах маягаар шүүмж, гомдол хэлэх нь олонтаа. Жишээ нь, -Монголчууд зам тээврийн асуудлаа өөрсдөө шийдэх мөнгөгүй. Баялгаа тээвэрлэж чадахгүй бол борлуулж чадахгүй бөгөөд хэчнээн их нүүрс, зэстэй байгаад ч үнэ цэнэгүй. Магадгүй хөрш орнуудынхаа хэлсэн үнээр (дэлхийн түвшнээс хамаагүй доогуур) бага хэмжээнд өгөхөөс өөр аргагүйд хүрнэ.

-Байгалийн асар их баялагтай ч эндээс орж ирэх мөнгөө зөв удирдах эсэх, ер нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, хаашаа явах гээд байгаа, яг юуг эхэлж хөгжүүлэх гээд байна гэдэг нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Монголын бодлого яг хөдөөгийн шороон зам шигээ газрын зураг үгүй.

-Монгол найдвартай, мэдлэгтэй ажиллах хүч тэр бүр олдохгүй юм.
-Танайд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалсан өмчийн эрх зүй, бизнесийн эрх зүйн орчин сул хэвээр байна. Жишээ нь бид зээлдэгчийн хувиар Монголын аль нэг компанид зээл өглөө гэж бодьё. Ямар нэг асуудал гарвал бидэнд барьцаагаа борлуулаад, зээлийн алдагдлаа нөхөх боломж хомс. Шүүх дээр яг ямар зарчмаар хэний талд шийдвэр гарах нь ч үзэмжийн асуудал болсон байдаг санагдсан. Товчхондоо өмчийн эрх зүй баталгаажаагүй.

-Монголтой ажиллахад хамгийн хэцүү нь ямар улстөрч ямар албан тушаалд байна гэдгээс их зүйл хамаардаг. Тэд бидний бизнесийн талаар юу бодож байгааг мэдэхэд цаг зав их гарзаддаг. Бодлого нь тогтвортой байх эсэх нь ч бас тодорхойгүй.

-Компаниудынх нь тайлан балансад итгэх аргагүй. Монголд капиталын өртөг их өндөр, жишээ нь зээлийн хүү, дээр нь инфляци болон төгрөгийн ханш тогтворгүй учир хөрөнгө оруулалтын далд нэмэлт зардал өндөр. Банкуудыг хянах тогтолцоо сул, банкуудад болон тэднийг хянадаг тогтолцоонд итгэхэд хэцүү...зэргээр Монголд хөрөнгө оруулсан хойноо толгой өвдөх, шаналах асуудлууд хэтэрхий олон гэж үглэх болов уу. Дээр нь монголчууд их бардам, “Монголтой Монголгүй дэлхий эргэдгээрээ эргэнэ” гэдгийг ойлгодоггүй гэж толгой сэгсрэх биз ээ.

Дээрхийг базаад үзвэл байгалийн асар их баялагтай Монгол оронд дэд бүтцийн хэрэгцээ, бодлогын тогтворгүй орчин, чадварлаг хүний нөөцийн хомсдол, банк санхүүгийн жижиг, дорой зах зээл, компанийн засаглал, ханшийн эрсдэл зэрэг бэрхшээл, сорилт тоочсоныг харж болно.

Юу хийх шаардлагатай вэ?

Гаднын хөрөнгө оруулагчид мэдээж Монголыг хөгжүүлье гэж орж ирээгүй нь ойлгомжтой. Тэд их мөнгөний эзний хувьд зарим талаар хэт цэмцэгнүүр гэмээр шаардлага тавих нь ч зүй ёсны хэрэг.

Гэсэн хэдий ч дэлхийн аж үйлдвэрт хэрэгцээтэй түүхий эд нь манайд байна. Үнэ нь ч олон улсын зах зээл дээр өсч байна. Тэгэхээр тэд голж, шилэлгүй манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж л таарна. Гэвч бодох юм байна. Манай экспортын 80 орчим хувийг нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн түүхий эд бүрдүүлэх боллоо. Төсвийн орлого ч тэр уул уурхайгаас асар их хараат болж байна. Баян чинээлэг уул уурхайн компаниуд бусад салбарт ажиллаж буй шилдэг боловсон хүчнийг хуу хамж, цалингийн дундаж түвшний хүлээлтийг өндөр болгож байна. Төгрөгийн ханш чангарсны улмаас экспортоор амь зуудаг худалдаа, үйлчилгээ, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын компаниудын орлого хумигдаж, бусад зардал нь өсөх болов. Үүнийг Голланд өвчин гэх бөгөөд, гарах арга зам нь эдийн засгийн төрөлжилт болой. Өөрөөр хэлбэл, ноос ноолуур, банк санхүү, аялал жуулчлал, транзит тээвэр зэрэг ажлын байр олноор бий болгох чадавхитай салбаруудаа хөгжүүлж, экспорт болон төсвийн орлогод эзлэх хувийг нь зэгсэн нэмэгдүүлэх ёстой.

Мэдээж бид гаднын хөрөнгө оруулагчдыг шууд энэ салбаруудад хөрөнгө оруул гэж тулгаж чадахгүй нь тодорхой. Тийм учир уул уурхайд орж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг үндэсний эдийн засагтаа шингээх авхаалж, самбааг манай үеийнхэн гаргах учиртай. Үүний тулд гурван түвшинд зэрэг анхаарах хэрэгтэй болов уу. Нэгдүгээрт, Монгол Улсын хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг бэхжүүлэх, хоёрдугаарт, мөнгө-санхүүгийн орчныг хөгжүүлэх, гуравдугаарт, тодорхой салбар (кластр)-т дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахыг хөхиүлэн дэмжих зэрэг болно. Хөрөнгө оруулалтын орчин ялангуяа хууль, эрх зүйн орчныг шинэтгэхэд цаг хугацаа их орно. Харин үүний зэрэгцээ даруй хийж эхлэх хоёр, гурван зүйл байгаа юм.

-Монголын Засгийн газар өрийн бичиг гаргаснаар хувийн хэвшлийнхэн, ялангуяа банк санхүүгийнхэн “гаднаас мөнгө босгох” зам нь илүү дардан болох юм. Учир нь, Засгийн газрын олон улсын бонд нь “бенчмарк” өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч хүмүүст суурь, босго болж өгнө. Өнөөдөр гаднын санхүүгийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс түнэр харанхуй шөнө адил харагдаж байгаа юм байна. Засгийн газар бондоо борлуулаад, суурь хүүгээ зах зээлийн жамаар тодорхойлуулах нь харанхуй гэрт лаа асаасантай адил ач холбогдолтой болох билээ.

Индонез улс жишээ нь гаднаас мөнгө босгох тал дээр сүүлийн үед оройхон гараад ширүүхэн дайрч байна. Байгалийн баялаг их, аялал жуулчлал хөгжүүлсэн энэ орон өөрсдийн боломжоо багцалж барьцаалах замаар санхүүжилт их сайн олж байна.
-Монгол Улс цаашдаа Чилийн cан юм уу Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци шиг эсвэл Сингапурын Темасек шиг өөрсдийн хөрөнгө оруулалтын сантай болох ёстой. Энэ сан нь уул уурхайн бус салбаруудад инноваци болон экспортыг дэмжсэн санхүүжилт хийх бөгөөд гаднынхны хөрөнгө оруулалтыг шууд бусаар төрөлжүүлэх үндсэн хэрэгсэл болох боломжтой.