Хөтлөх үү, хөтлүүлэх үү

Хэдхэн жилийн өмнө жуулчдын өмнө хэний ч гар, хөл хүрээгүй онгон дагшин байгальтай, мөн суурин болон нүүдэлчин соёл эн зэрэгцэн эв найртай оршдог талаар ам бардам эх оронч үгсийг урсгадаг байлаа. Гэтэл өнөөдөр уул уурхай цэцэглэж, байгаль ижий энгэрээ сийчүүлж, хотыг чиглэсэн их нүүдэл үргэлжилж, хөдөөгийн ард түмэн соёлжсон болохоор дээрх үгсээр жуулчдад сайрхахаас санаа зовоход хүрч байна. Тухайлбал, захын нэг малчныд жуулчид дагуулан айлчиллаа гэж бодъё. Мундаг ёс жудаг яриад л босго давуулна. Тэгсэн харин банзал өмсөж, нүд, нүүрээ гоодож гангалсан бас болоогүй дээр нь үсээ улаанаар будчихсан эхнэр сууж байх жишээтэй. Хажуугаар нь гар утас дуугарч, зурагт “хашгирч”, /радио моодноос гарсан/ хөргөгч хүнгэнэнэ. Зочлохоосоо өмнө золтой л утас цохиж, монгол дээлээ өмс, утсаа далд хий, зурагтаа бүтээ гээд хөтөч нь хэлчихгүй юм даа. Үүнийг тухайн айлтай гэрээ байгуулсан жуулчны баазын менежер зохицуулна. Тэгсэн сүүлийн үед үнэн санаа зовмоор нь морио мотоциклиор сольсон малчид мал хуй хариулах нь хөдөөгийн замд олонтаа таарах боллоо.

Хэдэн жилийн өмнө малаа хариулан яваа малч ухааныг эмээл хазаар, хүчит хүлэгтэй нь тайлбарладаг байсан бол өнөөдөр эгээтэй л “Энэ бол Хятадаас орж ирдэг мотоцикль, хөдөөгийнхөн мал хариулахдаа мориноос илүү хэрэглэдэг моод дэлгэрээд байгаа” гэхгүй юм даа. Бүр сүүлдээ аргаа бараад гавьяа ихтэй үүх түүх рүүгээ гүнзгий орно. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй. Учир нь хөтчийн өгсөн тайлбарыг доош унагасан үзмэр олонтой. Олонтой ч гэж үзээд байх барьцтай үзмэр угаасаа ховор. Жишээ татахад, нэгэн цагт Монголын эзэнт гүрний нийслэл байсан гэгддэг Хархорум хотын туурь, одоогийн Эрдэнэ зуу хийдийг зорин ирсэн хөгшин жуулчин “Там шиг замаар энэ хүртэл явчихаад ийм ч юм үзэх гэж дээ” хэмээн уйлж байсан юм гэдэг. Хөтчийн нүдээр аялал жуулчлал нэг иймэрхүү.

Энэ бүх асуудалд нүүрээ ширлэж, нүдээ бүлтийлгэн учрыг нь олж хужрыг нь тунгаадаг хүмүүс бол хөтөч орчуулагч нар билээ. Мэдээж хэрэг тэдний хоёр дахь гэр бүл болох ажил олгогч жуулчны компаниуд тэр дундаа тухайн аялал ба хөтчийг хариуцсан менежерүүд их үүрэг гүйцэтгэдэг. Гэвч эцсийн эцэст компанийн бэлдсэн хоолыг эзэнд нь хүргээд, аманд нь халбагадаж өгч байгаа хүмүүс хэн бэ гэвэл хөтөч тайлбарлагчид. “Номадик Экспедишн” компанийн гэрээт хөтөч-орчуулагч Л.Соёлмаа “Би хөтөч-орчуулагч болон жолоочийг гадаадын жуулчны өмнө өөрийн орныг төлөөлж байгаагийн хувьд Элчин сайдтай адилтгадаг. Бид ямар байна жуулчид тэр хэмжээнд л Монголын тухай сэтгэгдэл өвөртлөөд буцна шүү дээ” гэв. Хөтөч бол зөвхөн орчуулагч биш юм. Тиймдээ ч тайлбарлагч гэдэг үг дагадаг биз.

Нас, зүс, туршлагын хувьд аялал жуулчлалын салбар хөтөч-орчуулагч нарт ажил олгогчийн зүгээс тийм ч өндөр шаардлага, шалгуур тавиад байхгүй нь сайхан. Учир нь, энэ салбарын компаниуд зуны гурван сар л тэднийг ажлаар хангах боломжтой учир нэг их үнэд ороод байдаггүй гэсэн үг. Харин ч олдож байгаа хөтөч орчуулагч нараа цаашаа гэж их зан гаргавал жуулчны оргил үе болох баяр наадмаар амаа барих нь энүүхэнд. Ёстой л “Голсон юм голд, шилсэн юм шилд” гэгч болж хөтчийн эрэлд хатах нь тэр. Зарим үед менежер нь хөтөч болчихсон гүйж явах нь бий.

Хөтөч-орчуулагчдын ихэнх ху­вийг багш, оюутнууд гэсэн зун урт хугацаанд амрагсад эзэлнэ. Оюутнууд жуулчлалын салбартай түр “ханилж”, сургуулиа дүүргэсэн даруй усны шувууд адил зүг зүг нисэн одно. Зарим хөтөч-орчуулагчийн хувьд сэтгэл зүрхээрээ соронзон мэт татагдан энэ салбараас хэчнээн зүүгдэж үлдэхийг хүсэвч өвлийг өнтэй давахын эрхэнд өөр ажил хийхээс аргагүйд хүрдэг. Иймээс аялал жуулчлалын салбарт боловсон хүч­ин тун ч тогтворгүй. Аялал жуулчлалын компаниуд дээд тал нь таваас зургаан үндсэн хөтөч-орчуулагчтай байх бөгөөд бусдыг нь улирлын чанартай гэрээгээр авдаг. Тэдний хувьд хөтөч орчуулагчдын ийм цомхон бүтэцтэй байхад болоо гэж үзэх нь ч аргагүй. Манайд өвлийн аялал жуулчлал төдийлэн хөгжөөгүй учраас хөтөч нарт сул цалин өгөөд суух баян газар гэж хаа байхав. Олон жилийн туршлагатай хүнээ нэг л мэдэхэд алдаж, дахин нэг шинэ хүнтэй ноцолдож араас нь зовон суудаг нь тэдний бэрхшээл. Зарим туршлага мэдлэг нимгэнтэй тайлбарлагчийн хувьд ертөнцөөр хэрэн хэссэн туршлагатай жуулчдыг хөтлөхийн оронд ажлаа заалгаж, хөтлүүлчихсэн явах нь ч энүүхэнд. Уулын мод урттай богинотой гэдгээр орхиж одох нэг нь байхад тунаж үлдэх нөгөө нь бас бий.

Уг нь аялал жуулчлалын салбар цалин пүнлүүний хувьд тийм ч бусдад дээрэлхүүлж хүнээ алдаад байх хэмжээнд биш. Хөтөч тайлбарлагчдын хувьд бас ч гэж гарын мөнгө хэмээх цалингаас гадуурх орлоготой. Гэхдээ хэчнээн өндөр цалин амласан ч өвлийн гурван сар гэртээ ажилгүй, цалингүй гиюүрч суухыг хэн хүсэх билээ. Иймээс улирлын шинжтэй байдаг сул талаас нь үүдэн тэдний итгэл сэтгэл өөр зүгт урвах нь элбэг.

Сүүлийн жилүүдэд тус салбар уул уурхай руу чадвартай хөтөч -орчуулагчдаа алдах нь ихэссэн билээ. “Номадик Экспедишн” компанийн хөтөч-орчуулагч М.Ананд “Хөтөч хүний хувьд өндөр цалин гэхээсээ илүү тогтмол ажлын байртай байх нь хамгийн чухал. Санаагаар болдог бол жуулчны компаниуд ямар нэг компанитай гэрээ хийгээд өвлийн улиралд орчуулагчдаа өгчихдөг, зундаа авчихдаг байгаасай” гэж ярьсан.

Мэргэшсэн нь үү, мэргэжилтэй нь үү...

Үргэлжлэлийг сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу