Хөтөлбөр эртдэх бус оройтож эхэллээ

Орон сууцтай болох нь олон монголчуудын хүсэл. Ийм хүсэл тийм амархан бөхдөггүй. Харин бүдрэх нь их. Хүн гээч амьтан хүслийнхээ боол нь байдаг. Тиймээс эл зорилгыг өвөртөлж, тив алгасан, хил дамнан харь оронд элэг нэгтэн монголчууд туулайчлан амьдарч байна. Тэдний олонх нь богино хугацаанд байрны мөнгө хураах том зорилготой явдаг. Чин зорилго нь энэ л байсан. Өр төлбөр үлдээн байж, бусдын нутгийг зорьсон. Эргэж ирээд гэр хорооллоос нүүж, орон сууцанд орно гээд хонгор хүүгээ тэвэрч үнссэн. “Аавыг ирэхээр манайх гоё байртай болно” гээд энхрий үр нь ээждээ наалдаад хоцорсон. Аз жаргал, амьдралын утга учир болсон бүхнээ Улаанбаатарт үлдээгээд явсан тэр залуу миний ах.

Ахтай минь адилхан зорилготой олон, олон аав, ээж, ах, эгч, дүү нар явцгаасан, Өмнөд Солонгосын зүг. Ах гэртээ ирээгүй л байна. Тэднийх Дэнжийн мянгаасаа нүүгээгүй. Хүү нь зөндөө том болжээ. Аавыгаа дандаа асуудаг гээд бэр эгч минь хэлж байсан. Хэн ч зорилгоо биелүүлэн байж нүүр бардам нутгаа зорихын тулд өдөр, шөнийг умартан ажиллаж байгаа. Ажлын хүндийг нугалж, амралт гэгчийг мартаж, шантралгүй яваа, тэд. Эрүүл мэнд, залуу нас гээд хамаг бүхнээ золин байж махран зүтгэх олны олонд ажил, мэргэжил, боловсрол, мэдлэг, авьяас чадвар аль аль нь бий. Монголдоо сайхан амьдрах итгэл лавтай миний ахад байдаг. Олон ах, эгч нар ч ийм итгэлээр асч яваа. Гэтэл эрс өөрчлөлт нь Солонгос явж мөнгөтэй болох байв. Нүхтэд орд харш худалдан авахаар бус хоёр өрөө байрны төлөө ийн хүний нутгийг зорив. Угаас амьдралын шаардлага ийм байлаа.

Хэрвээ Монголд өнөөдрийнх шиг 20 хүртэлх жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй ипотекийн зээл эрт хэрэгжиж эхэлсэн бол тэд явах уу. Ажил алба, ар амьдралаа орхиод гаднын орныг зорино гэж үү. Үрийнхээ элгийг дэвтээн, ханийнхаа хайранд дулаацаж, хамт олонтойгоо үлдэх байсан. Ах минь холын аялалаасаа ирээгүй байгаа ч бидний үеийнхэнд аз тохиолоо. Аз гэж боломж олдлоо.

Магадгүй хожуудаж мэдэх нүдээ олсон хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Их хүлээлтийг гэсгээсэн хөтөлбөр их салалтын үүдийг ч бас хаах талтай. Өрх гэр аз жаргалтай, дээшээ тэмүүлэлтэй, урагшаа харсан зорилготой явахад урам өглөө. Олон гэр бүл орон сууцны төлөө хүний нутгийг мөрөөдөх бус хэр бүтээмжтэй улс орондоо ажиллах тухайгаа эргэцүүлж сууна. Хэрхэн өрхийн төсвөө хэмнэх талаар хэлэлцэж байна. Хэмнэлттэй, хариуцлагатай амьдрах сэдлийг нийтэд өглөө. Цалингаа аваад лангууг зорих бус хадгаламж үүсгэх нь чухал болохыг харууллаа. Тансаг хэрэглээнд “баяртай” гэж хэлүүлэхэд хүрлээ. Өмнө минь цоо шинэ итгэл үүдээ нээв.

Хөтөлбөр хэрэгжсэн эхний 23 хоногт зээлийн санхүүжилт хүссэн өргөдөл арилжааны банкуудыг даржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. Өмнө нь дунджаар 19 хувийн хүүтэй зээлд сарын 800 мянган төгрөг өгч байсан өрх өнөөдөр найман хувьд шилжсэнээр төлж байсан мөнгөнийх тал халаасанд нь үлдэж байна. Гэхдээ өмнө нь орон сууцны зээл авахдаа эргэн төлөлтөө хэдий хугацаанд хийхээр гэрээлснээс хамаарч зарим өрхийн ачаа санаснаар нь хөнгөрөхгүй байх талтай.

Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгоод байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн 23 хоногт 2099 өрх орон сууцтай боллоо гэсэн үг. Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянга, Баянхошууны гэр хорооллоос 2099 айл нүүнэ гэсэн үг. Нийслэлийн утааны “эх үүсвэр” болоод буй гэр хорооллын яндан дээрх хэмжээгээр цөөрнө. Угаас хөтөлбөр ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгохын сацуу урт хугацаанд амжилттай хэрэгжсэнээр багагүй эерэг өөрчлөлтийг нийгэмд авчирах бололтой. Түүнчлэн хөтөлбөр иргэдийнхээ эрүүл мэндэд мөнгөөр үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийх нь. Эрүүл Монгол хүн эндээс л эхэлнэ. Хөрсний бохирдол багасна. Өвчлөл буурна. Хэтдээ амьжиргаа дээшилнэ. Амьдралын чанар баталгаажина. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарна. Хөдөлмөрлөх цаг уртсана. Улсаараа хөгжих цаг наашилна.

Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Яармаг хотын төвөөс долоохон км зайд орших хэрнээ аймгийн төвийн дайтай тохижилт, суурьшилтайгаар 70 жилийг элээж байна. 1945 онд нурам байсан Берлин хот /4 сая хүнтэй/ 15 жил хүрэхгүй хугацаанд шинэ хот болсон байхад 40 мянга орчим хүнтэй Яармаг маань дайны хөлд өртөөгүй хэрнээ бахь байдгаараа үлджээ” хэмээн “Яармаг” өгүүлэлдээ онцолжээ. Түүний хэлснээр 70 жилийн “настай” Яармаг дахиад 70 жилийг бахь байдгаараа угтах ёсгүй. Яг ийм амьдрал Дарь эх, Толгойт, Их Наран, Шархад, Цайз зэрэг уул толгод даваад талийсан гэр хороолол бий. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөр одоо л хэрэгтэй. Зах хязгаараа өдрөөс өдөрт тэлэх гэр хорооллын эсрэг Монголбанк орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Цаг үеэ олсон зүйл ийм эрэлттэй бас үнэ цэнэтэй байдаг. Хэрэв таван жилийн дараа гэвэл цөөхөн монголчуудын хэчнээн их мөнгөний эрэлд бусдын нутгийг зорих бол. Тэдний хэд нь мөрөөдлөө 100 хувь биелүүлж ирэх бол. Монголдоо ирээд урьдын үнээр орон сууцаа худалдан авч чадах уу. Иймээс ипотекийн зээл эртдэх бус тун оройтож эхэллээ.

Гэр хороололд Улаанбаатар хотын нийт өрхийн хувь 66 хувь буюу 316 мянган өрх амьдарч байна. Хүн амынхаа 50 хүртэлх хувийг гамшгийн бүсэд буюу хамгийн хүнд нөхцөлд идээшин дасгах улс гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрүүд амжилттай болсон цөөн. Түүнээс сонгуулийн туг болж үлдсэн нь бий.

Ирээдүйд Улаанбаатар Туркийн нийслэл Анкара лугаа цэлмэг хот болно гэдэгт эргэлзэхгүй итгэе. Ийм итгэлийг орон сууцжуулах хөтөлбөр олон, олон хүнд төрүүлж байна. Анкара хот уулсын дунд байдгаараа Улаанбаатартай ижил. Утаа болоод орон сууцны асуудал туйлаас хүнд байсан тус хот өнөөдөр дэлхийн эрүүл хот болжээ. Тэнд утаа алга. Мөн бидэнтэй адил Куала Лумбур хот орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, утаанаасаа салжээ. Бид ч бас салахыг хүсч байна. Удахгүй утааны улиралтайгаа золгоно. Түүнээс өмнө ганц айл ч болтугай утаанаас холдог. Гэр хороолол нэг яндангаар дутаг. Дөнгөж төрсөн нялх үр нь эрүүл байг. Монголын ирээдүй саруул ухаантай, эрүүл чийрэг өсөг. Цагаа олсон хөтөлбөрийн ирээдүйн явдлыг цаг хугацаа л тодорхойлох бус уу.

Оройтох шахуу биеллээ олсон хөтөлбөрт амжилт хүсье. Үүнээс илүү сайн хувилбар байсан уу. Дани, Чех, Герман, АНУ, Канад, Франц, Испани, Англи, Ирландаас бид дутахгүй сэтгэнэ л дээ. Гэхдээ тэд аль эрт өнөөдөр манайд хэрэгжиж буй ипотекийн зээлээр иргэдийнхээ анхдагч хэрэгцээг хангажээ. Яагаад өмнө нь манайх хийж болоогүй юм бол. Тэд ч бас ядуу байсан. Эдийн засгийн чадал тэнхээ нь таруухан л байсан. Эцэст нь тэднийг улсаа хөгжүүлье гэсэн сэтгэл хийгээд зориг нь хөтөлсөн мэт.