Хөшигтийн нисэх онгоцны буудлын гүйцэтгэгч тодорлоо

Улаанбаатараас 54 км-ын зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигтийн хөндийд 3600 метр урт нислэгийн талбай бүхий шинэ онгоцны буудал барих ерөнхий гүйцэтгэгчийг оны өмнөхөн шалгаруулжээ. Уг төсөлд “Мицубиши-Чиёода”, “Шимизү-Данипо” корпорациуд түншлэлийн санал ирүүлснээс “Мицубиши-Чиёода” шалгарчээ.

Ажлын явц “Жайка” байгууллагын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар явагдаж байгаа бөгөөд тус зээл нь 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд ямар нэгэн төлбөр төлөхгүй ба сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр хувийн хүүтэйгээр нийт зээлийг төлж дуусгах аж.

Бүтээн байгуулалтыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх ба гэрээнд зааснаар нисэх онгоцны буудал болон дагуул хотыг 43 сарын хугацаанд барьж дуусгах буюу 2016 оны аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой юм.

Шинэ онгоцны буудал жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цаашид зорчигчийн тоо өсөх хандлагатайг харгалзаж өргөтгөх боломжтойгоор төлөвлөлт хийсэн байна. Мөн тус онд 100 мянган оршин суугчтай дагуул хотын бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөсөн билээ.