Х.Алтай: Зорьсноо хийчихсэн болохоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Таны ажлаасаа гарах хүсэлтийг гайхаж байна. Үнэхээр ийм сонголт хийх шаардлага байсан юм уу?

-Зөвхөн би гэлтгүй манай хөрөнгийн биржийн дэд захирал Саруул мөн адил өргөдлөө өгч байна. Миний хувьд яг гурван жил Монголын хөрөнгийн бирж хэмээх том айлын гүйцэтгэх захирлаар ажиллалаа. Энэ хугацаанд биржийн хувь заяатай холбоотой томоохон ажлыг хийж эхлүүлсэндээ сэтгэл бардам байгаа. Тиймээс хийе гэж зорьсон ажлаа хийсэн болохоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

-Саруул дарга ямар шалтгааны улмаас гарч байгаа вэ?

-Үүнийг өөрөөс нь тодруулах хэрэгтэй байх аа.

-Таны тайлбар хэтэрхий ерөнхий байна. Гэхдээ хүндэтгэх ёстой байх. Энэ гурван жил их ажлын он жилүүд байсан уу?

-Энэ бол огт ажил хийгдээгүй гурван жил биш. Дэс дараатай томоохон ажлыг манай багийнхан хийсэн. Тиймээс эргээд харахад нүүр бардам жилүүд. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах мастер гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу дэд бүтцийг нэвтрүүлсэн. Хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн гээд өнгөрсөн гурван жилд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол суурь “хундаам”-ыг цутгасан гэж ойлгож байгаа.

-Мастер гэрээний ажил тань хэдэн хувьтай яваа вэ?

-Гэрээний үндсэн ажил дэд бүтэц суурилуулах байсан. Энэ ажил үндсэндээ хийгдсэн. Манай зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох зорилтууддаа хүрсэн. Гэхдээ манай талаас мастер гэрээний төлбөрийг 2012 оноос хойш бүрэн төлөөгүй байгаа. Тэр асуудал дутуу бий. Лондоны талаас үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийг өөрчлөх, сайжруулах зөвлөгөөгөө өгсөн. Харин манай талаас холбогдох зарим эрх зүйн шийдвэр нь гараагүй зүйл байгаа.

-Төлбөр 2012 оноос хийгдээгүй гэлээ. Хэчнээн төгрөг үлдсэн бэ?

-2012, 2013 оных нийлээд гурван сая орчим ам.доллар байгаа. Үүнийг Лондоны талд манайх төлөх ёстой.

-Та өөрийн гаргаж буй шийдвэрээ Лондоны талд танилцуулсан байгаа юу?

-Лондоны хөрөнгийн биржид одоогоор албан ёсоор энэ талаар яриагүй байгаа. Юуны өмнө хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараагаар энэ асуудлыг ярьж эхэлнэ.

-Төлөөлөн удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ. Таны саналыг хүлээж авах болов уу?

-Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаар ажлаас чөлөөлөгдөх шийдвэр албан ёсных болох юм. ТУЗ энэ сарын 15-нд хуралдах ёстой.

-Одоо ч гэсэн таны гаргасан шийдвэр гайхшрал төрүүлсээр байна. Энэ яг таны шийдвэр байсан уу?

-Дээр би хэлсэн. Өмнөө тавьсан зорилтдоо хүрсэн болохоор ийм шийдвэр гаргаж байгаагаа. Мэдээж хэрэг аливаа алба гэдэг ээлжтэй, дараатай. Тиймээс дараагийн улсууд одоогийн ажлыг үргэлжлүүлээд явна гэж найдаж байна.

-Таны гаргасан шийдвэрээс үүдэн хөрөнгийн биржийн хөгжил тодорхой цаг хугацаагаар саатах нь гэж ойлгож болох уу. Дахиад нэг хүн ирнэ. Тэр хүн багаа бүрдүүлнэ. Хийх ажилтайгаа танилцах болно. Дараагийн түвшинд Лондоны хөрөнгийн биржтэй ойлголцох гэж үзнэ. Магадгүй их цаг алдах юм шиг.

-Нэгэнт хөрс суурь нь энэ хүртэл бэлтгэгдээд ирсэн болохоор айхтар цаг алдсан зүйл гарахгүй болов уу.

-Үнэт цаасны тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Энэ зах зээлийн хэтийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Товчхондоо, маш гэгээлгээр.

-Магадгүй өнгөрсөн хугацаанд хийж амжуулаагүй ажил үлдсэн байх. Тухайлбал?

-Юм болгон арван хуруу тэгш байдаггүй шиг хийх ажил байгаа. Гол нь хийе гэсэн том ажлуудаа нугалсан. Харин хараахан хийж амжаагүй жижиг ажил бий. Тэр ажлууд явцын дунд хэрэгжээд явах байх. Тиймээс сэтгэл бардам байна.

-Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ хэзээ дуусах вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сард гэрээний хугацаа дуусна. Гэхдээ цааш үргэлжлээд явна байх. Лондоны зүгээс ч гэсэн үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Лондонгийн хөрөнгийн бирж гэдэг өөрөө санхүүгийн томоохон институци. Лондон хот дэлхийн томоохон санхүүгийн төвүүдийн нэг. Тиймээс санхүүгийн төвийн гол суурь нь тус бирж байдаг. Лондоны хөрөнгийн бирж маш том байгууллага. Лондоны талтай хамтын ажиллагаа эхлүүлж чадсан нь тодорхой амжилт. Энэ хамтын ажиллагаа цаашдаа ч гэсэн явах байх. Энэ бол зөв эхлэл байсан. Үүндээ ч би хувьдаа бүрэн итгэлтэй байгаа.

-Та өөрийнхөө хөрөнгийн биржийг дүгнэж хэлээч?

-Манай хөрөнгийн бирж бол хөгжиж буй. Богино хугацаанд ажилттай яваа зах. Гэхдээ дэлхийн сүүлчийнх нь 100 хувь төрийн өмчит бирж байх. Цаашдаа хувьчлагдаж таарах болов уу.

-Манай улс хөрөнгийн биржтэй болоод 23 жил боллоо. Зах зээл нь хөгжөөд мөн адил оныг элээлээ. Гэхдээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд бид юуг илүү анхаарах ёстой вэ?

-Манай сүүлийн 23 жилийн замнал зөв тал руугаа явж ирсэн. Цаашдаа ч улам хөгжөөд явна. Тиймээс олон зүйл ярих шаардлагагүй байх.

-Хууль эрх зүйн орчин сайжирсан. Дэд бүтэц бий болсон. Тэгвэл дотоодын компани, зах зээлийн оролцогчид энэ шаардлагыг хангаж чадаж байна уу?

-“ТОП 20” компани гэдэг ч юмуу. Өнөөдөр байгаа компаниудын хувьд цаашид гадаадын томоохон зах зээлд давхар бүртгэлээр гарах үүд хаалга нээгдсэн. Энэ үүд хаалгыг нээхийн тулд бирж хийх ёстой ажлаа хийсэн. Хууль эрх зүйн орчин болон дэд бүтцийн шинэчлэл авчирах талд ахиц гарсан. Тиймээс дотоодын байгууллагууд шинэчлэгдэж, шинэ түвшинд гарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйлс өөрийн гэсэн цагтай. Тиймээс цаг хугацаандаа хийгдээд явах байх. Гэхдээ бид бүхний хийсэн шинэчлэл эрт орой нэгэн цагт хийгдэх ёстой байсан. Үүнийг түүхэн цаг үед нь байгаад хийж чадсандаа их урамшиж байгаа.