Х.Алтай яг юу хийсэн юм бэ?

Ингэж асуух хүн цөөнгүй байх. Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн гурван жилийн хугацаанд яг юу хийсэн юм бэ гэж. Энэ асуултад түүний өмнөөс хариулах гээд үзье. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гэж өнгөрсөн гурван жилийг зарцуулсан.

Хамтарсан Засгийн газрын үед улс орны хувь заяатай холбоотой хэд хэдэн гэрээг үзэглэсэн. Түүний нэг нь хөрөнгийн биржээ Лондоны хөрөнгийн биржтэй холбосон “Ажлын мастер гэрээ” байв.

Тэгвэл энэ хугацаанд Х.Алтай МХБ-ийн гүйцэтгэх захирлын алба хашжээ. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын туслах, Монголын нэртэй дипломатчийн хүү гэдгээр нь эчнээ таних. Сүүлд нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болсноор нь олон нийт сайтар мэдэх болж. Энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржийн шинэчлэлийн “автор” нь Хангайн Алтай байлаа. Түүний эхлүүлсэн системийн өөрчлөлт байв.

Х.Алтай хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх суурийг тавьсан. Цаг үе нь ингэж таарсан. Хэн ч байсан үүнийг хийх байсан болов уу. Мэдээж энэ бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд түүний хийсэн томоохон ажлуудын нэг байх. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, ажлын хэсэгт орж ажилласан. Тус хууль нь энэ оноос эхлэн хэрэгжиж буй.

Уг хууль хэрэгжих болсноор хөрөнгийн зах зээл олон улсын стандартын дагуу төлөвших. Мөн үнэт цаасыг гадаад, дотоодод давхар бүртгэх зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох нөхцөл бүрдсэн юм.

Үүнээс гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгон хөгжүүлэх эрх зүйн орчин биелэлээ олсон. Энэ нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан явдал. Мөн адил энэ оноос эхлэн хэрэгжиж буй тус хууль нь үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Ингэснээр хөрөнгийн зах зээлийг хөгжлийг түргэсгэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн онцолж буй.

Шинээр гарсан эдгээр хуультай нийцүүлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах 10 гаруй дүрэм, журмыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран МХБ шинэчлэн боловсруулжээ.

Гурван жилийн өмнө Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ий хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дуусгавар болох юм. Гэрээний хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх. Мөн дэд бүтцийг нь шинэчлэх зорилтынхоо хүрээнд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо хяналтын цогц шийдэл бүхий “Миллениум Ай Ти” системийг 2012 онд нэвтрүүлсэн.

Тус системийг ашиглан алсаас буюу интернет арилжаа хийх боломжтой болсон юм. Мөн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт системээс дараа төлбөрт Т+3 системд шилжүүлсэн. Төлбөр тооцооны олон улсын стандарттай болсноор хөрөнгө оруулалтын чирэгдэл, үргүй зардлыг багасгах. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэх таатай угтал болсныг энд тэмдэглэе.