Х.Баттулга: Буудай импортолвол гурилын үнэ нэмэгдэхгүй

Манай улс дотоодын гурилын хэрэгцээгээ хангахын тулд 100 хүртэл мянган тонн улаан буудай импортлох шаардлагатай гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзээд байгаа. Тэд буудай оруулж ирэхийн тулд Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн. Эдгээр төслийг Төсвийн байнгын хороо, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулав.
-УИХ-дахь сөрөг хүчнийхэн буудай импортлох шаардлагагүй. Дотоодын нөөцөөрөө энэ жилийн гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэж мэдэгдээд байгаа?
-Монголчуудын гол хэрэглээ гурил, мах. Эдгээр бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мах, гурилын үнийн өсөлт инфляцид маш их нөлөөлдөг. Тиймээс буудай оруулж ирэн гурилын үнийг тогтвортой барих юм. Өнгөрсөн хугацаанд ч үнийг нь барьж ирсэн.
-Дээрх хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед үрийн буудай авах талаар нэлээд яригдсан. Энэ талаар төсөлд тусгагдах уу?
-100 хүртэлх мянган тонн улаан буудайг тодорхой хугацаанд нөөцлөх тухай яригдсан. Үүний тулд НӨАТ, Гаалийн татваруудыг чөлөөлөхөөр анх хуулийн төслийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, гурилын нөөц багассан үед үнийг нь тогтвортой барих гэсэн арга юм. Шатахууны үнэ өсөхөд гааль, НӨАТ-аас чөлөөлдөг зарчимтай адилхан. Төслийг хэлэлцэх явцад сайн чанарын үрийн шинэчлэл дээр анхаарч, 20 хүртэл мянган тонн сайн чанарын үр оруулж ирэх санал гарсан. Татваруудаас чөлөөлснөөс үр, буудай хямд үнээр орж ирэх юм. Тэр хэрээр өртөг нь буурна. 100 хүртэл мянган тонн гэсэн учраас хэрэгцээт буудайгаа авсны дараа Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөө буцаагаад болиулчих юм.
-Импортын буудайн түрүүч хэзээнээс орж ирэх вэ?
-Дэлхийн зах зээл дээр одоо буудайн үнэ харьцангуй хямд байдаг. Тиймээс татваруудаас чөлөөлөх төслийг яаравчлаад байгаа юм. Хямд байгаа дээр нь гэрээ хийчихвэл хямд үнээр оруулж ирэх боломжтой.
-Татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг дагалдаж “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батална. Энэ тухайд?
-Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн бодлогыг гаргаж, энэ салбарт сэргэлт авчирсан. Энэ эрчээрээ тус салбарт тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2014-2024 он хүртэл газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг оруулж ирж байгаа юм. Байнгын хорооноос тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх юм.