Х.Болорчулуун: Төмрийн хүдэрт онцгой анхаарах цаг болсон

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ганц асуулт” буланд оролцож байна.

-Төмрийн хүдэрт экспортын татвар тогтоох нь зөв үү. Та төмрийн хүдрийн экспортод ямар байр суурьтай ханддаг вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүнд тэр тусмаа төмрийн хүдэрт экспортын татвар тогтоох асуудлыг хувьдаа дэмжиж байгаа. Цаашдаа төмрийн хүдэрт экспортын татвар тогтоох талаар УИХ-ын түвшинд авч хэлэлцүүлэхээр санал оруулахаар төлөвлөж байна. Манай улсын хувьд нэг тэрбум тонн таамаг нөөцтэй, үүнээс баталгаат нөөц нь 680 орчим сая тонн гэж үздэг. Тиймээс төмрийн хүдэрт өөрийн гэсэн тодорхой бодлоготой хандах хэрэгтэй. Төмрийн хүдэр стратегийн чухал түүхий эд. Өнөөдрийн бидний яриад буй бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндсэн түүхий эд нь төмөр шүү дээ.

Төмөр зам, 100 мянган айлын орон сууц, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор гээд эдгээр төсөл хэрэгжих явцад төмөр туйлаас их хэрэгтэй болно. Урд хөршдөө төмрийн хүдрээ түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож арилжаалах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар манайд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс өөр томоохон үйлдвэр алга. Байгаа ганц үйлдвэр нь хүчин чадлынхаа дөнгөж л 50-60 хувийг ашиглаж байна. Төмрийн хүдэр олборлох компаниуд ган хайлуулах үйлдвэр барих тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ажил хэрэг болох хамгийн чухал. Түүнээс үйлдвэртэй болно гэж яриад бид чамгүй жилийг үдлээ шүү дээ. Бэлээхэн түүхий эд нь байхад гаднаас төмрийн хэрэгцээгээ хангана гэдэг төрийн бодлого гэж байхгүй байгааг тод илтгэж байна. Иймд төмрийн хүдэрт онцгой анхаарах цаг болсон.