Цагаан сарын бэлгээ бэлдэе

Цагаан сараар ирсэн зочдынхоо гарыг цайлгаж, бэлэг өгдөг уламжлал манайд бий. XVII жарны Тийн ялгуусан хэмээн Усан могой жил гарахад хэдхэн хоног үлдлээ. Цагаан сарын бууз, баншаа бэлтгэхийн зэрэгцээ үр хүүхэд, ач, зээ, ах дүүстээ зориулж бэлэг бэлтгэх ажил эхэлжээ. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд “Цагаан сарын бэлэг-2013” үзэсгэлэн битүүний өдрийг хүртэл үргэлжлэхээр үүдээ нээсэн байв. Үзэсгэлэнд үндэсний хувцас, ширэн бүс, цүнх, түрийвч, тэмээний ноосон оймс, малгай, бэлэг дурсгалын зүйлс, аяга таваг зэргийг худалдаалж байна. Энэ үеэр бараа, бүтээгдэхүүний борлуулалт, үнийн талаар сонирхлоо.


Ээж, аавдаа эрүүл мэндийн бэлэг бариарай

С.Уянга /”Мон дэр” компанийн худалдагч /

Манайх алтан арвай, цайны идээ, жамц давс, ганга өвстэй дөрвөн төрлийн дэрийг үйлдвэрийн үнээр буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна. Хүүхдийн арвай будаатай, цайны идээтэй хүүхдийн дэрийг 5000 төгрөгийн үнэтэй байна. Иргэд ээж, аавдаа эрүүл мэндийг бэлэглэе хэмээн дэрийг бөөнөөр нь авч байна. Өнөөдөр гэхэд л нэг айл 10 ширхэгийг авсан. Эцэг эхдээ болон дүү нартаа хосоор нь өгнө гээд авч байсан. Манайх өдөрт 500 орчим мянган төгрөгийн борлуулалт хийж байна. Энэ нь тус бүр хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Толгойны өвчтэй хүн алтан арвайтай, хуян шар устай, хөөрдөг хүн цайны идээтэй, нүд нь улайж, хавагнадаг хүн жамц давстай, зүрх судасны өвчтэй хүн ганга өвстэй дэр дэрлэвэл өвчнийг эдгээхэд тустай.

Савхин бээлийг 8000 төгрөгөөр худалдаалж байна

Г.Энхжаргал /”ЖММ” компанийн борлуулагч/

Манайх ямааны арьсаар хийсэн чамин хийцтэй савхин бээлийг 8000 төгрөгөөр зарж байна. Хавар болж байгаа болохоор савхин бээлийг бэлгэнд өгөхөд хамгийн тохиромжтой. Тиймээс ч бэлгэндээ бээлий сонгох хүн олон байна. Манайх өдөрт 50 орчим бээлий худалдаалж байгаа. Одоохондоо хүмүүс цагаан сарын бэлгэнээс илүүтэйгээр тавгийн эдээ, махаа бэлдэхэд анхаарч байх шиг байна. Маргааш, нөгөөдрөөс худалдан авалт сайжрах байх. Манай компани жилдээ 30 мянга орчим бээлий үйлдвэрлэж, Казакстан улс руу 5000 орчмыг экспортолдог.

Тэмээний ноосон оймсоо хямд үнээр аваарай

Л.Мөнхзаяа /Хувиараа бизнес эрхлэгч/

Тэмээний 100 хувийн ноосоор хийсэн дотоодын үйлдвэрийн оймс болон бээлийг худалдаалж байна. Иргэдэд цагаан сарын бэлгэнд өгөхөд тохиромжтой болгож хайрцганд хийж өгч байна. Оймс том хүнийх 6000-6500 төгрөг, хүүхдийнх 5000 төгрөгөөр худалдаалж байна. Бээлий 6000-6500 төгрөгийн үнэтэй байгаа.

Тавгын идээгээ чимэх амттай үрэл манайд байна

Б.Тунгалаг /”Монос” компанийн борлуулалтын менежер/

Манай компаниас дархлаа сэргээх, элэг хамгаалах, тайвшруулах, гаатай, чацарганы навчтай цайг үйлдвэрийн үнээр буюу 2400 төгрөгөөр худалдаалж байна. Мөн тавган дээрээ тавихад тохиромтой аньс, чацарганы үзэмтэй үрлийг 900 төгрөгөөр, витаминт үрлийг 250 төгрөгөөр зарж байна. Цай болон үзэмтэй үрэлний худалдан авалт сайн байна. Үзэмтэй үрлийг төрөл, төрлөөс нь аваад тавган дээрээ тавихад тохиромжтой байгааг иргэд хэлж байсан.

Бэлгэнд өгөх шампуниа 3500 төгрөгөөр авах боломжтой

/Э.Болороо /Хувиараа бизнес эрхлэгч/

Польш улсаас оруулж ирсэн гэр ахуйн бараа болон богино ханцуйтай цамцыг бөөний үнээр зарж байна. Цагаан сарын бэлгэнд зориулж иргэд шампунь болон үсний гель, биеийн саван, богино ханцуйтай цамц худалдан авч байна. Үнийн хувьд манайх энэ үзэсгэлэн дотроос хамгийн хямд гэж хэлж болно. Тухайлбал, богино ханцуйтай цамц ширхэг нь 5000, шампунь ширхэг нь 1900-3500, биеийн саван ширхэг нь 2200, гель ширхэг нь 1200 төгрөгийн үнэтэй байна.

Уламжлалт бэлгээ эндээс бэлдээрэй

Л.Оюундарь /”Хөх урлан” компанийн худалдагч /

Арьсан түрийвч, түлхүүрийн оосор, тэмээний ноосон оймсны борлуулалт сайн байна. Иргэд өөрсдийнхөө боломжиндоо тааруулж, төрөл бүрийн бараа бэлгэнд өгөхөөр сонгож байгаа. 80-160 мянган төгрөгийн үнэтэй суран бүс авах хүн байхад 5000 төгрөгийн үнэтэй хүүхдийн бойтог, 600 төгрөгөөр түлхүүрийн оосор ч авах хүн байна. Үнийн хувьд, түрийвч 10-20 мянга, эсгий углааш 5000, оймс даавуун нь 1500, тэмээний ноосон нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Уламжлалт шатар 8000- 12000, модон цацал 3500-5000, жаазтай бэлэг дурсгалыг 4000-50 мянган төгрөгөөр худалдаалж байна.