Цагаан сарын бэлгээ эндээс бэлдээрэй

Сар шинийн баяраар айл бүхэн идээнийхээ дээжээр баярын тавгаа засаж, ирэх жилийнхээ өнгийг тодорхойлдог. Түүнчлэн ураг садан, аав ээждээ бэлэг, сэлт барьж амар мэндийг нь мэддэг уламжлалтай. Тэгвэл жил бүрийн цагаан сарыг угтан “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”-г энэ жил өргөн цар хүрээтэй, урт хугацаатай зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жилүүдэд таван хоногийн турш зохиодог байсан бол уг үзэсгэлэн энэ жил 14 хоногийн турш буюу энэ сарын 17-ноос ирэх сарын 10-нийг хүртэл “Мишээл экспо”, “АСА” цирк болон “IT world” төвд зохион байгуулах юм. ҮХААЯ-ны дэд сайд Х.Золжаргал “Энэ жил бид цагаан сараар иргэд бэлгэндээ солилцох боломжтой 5000-10000 төгрөгийн үнэтэй бараа жижиг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү дэмжиж, оролцуулах бодлого барина” гэв. Үйлдвэрлэгчдийг сонгохдоо мэргэжлийн холбоодын саналыг хүлээн авч, сонгож буйгаараа онцлог аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд багагүй дарамт үүсгэдэг талбайн түрээсийн үнийг өмнөх жилүүдээс 30 хүртэлх хувиар хямдруулж буй аж. Хямдарсан түрээсийн үнийн 50 хувийг Засгийн газраас төлөхөөрөө онцлог юм байна. Учир нь, энэ жил тус үзэсгэлэнг Ерөнхий сайдын ажлын алба, Хөдөлмөрийн яам, ҮХААЯ хамтарч зохион буй юм. Үйлдвэрлэгчид “Мишээл экспо” төвд 1000 ам.метр, “АСА” циркт 400 ам.метр, ”IT world” төвд 600 ам.метр талбайд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулах боломжтой аж.