Цаг агаар дэлхийн хүнсний үнэд нөлөөлж байна

Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ эрс нэмэгдсэн гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдэгдсэн байна. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь Бразильд орсон ширүүн бороо, Америкийн ган гачиг, мөн Оросын үйлдвэрлэлийн саатал юм. Индонезийн борооны улирал хожуу эхэлж, Австралийн ган гачиг нь мөн үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үнийн хөөрөгдөл нь буурай хөгжилтэй олон оронд ихээхэн хор уршиг учруулсан 2007-2008 оны хүнсний хямрал дахин давтагдах вий хэмээх болгоомжлолыг төрүүлээд байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүнсний үнийн индексээ олон нийтэд зарладаггүй ч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж долдугаар сарын үнэд дүн шинжилгээ хийж нийтэлжээ. Дэлхийн томоохон элсэн чихэр үйлдвэрлэгч Бразилийн чихрийн нишингийн ургац оройтсон бороонд цохигдсон байна. Үүний улмаас буудайн үнэ 17 хувь, элсэн чихэр 12 хувиар нэмэгдэв. АНУ-д болсон ган гачиг эрдэнэ шишийн ургацын хэмжээнд нөлөөлж, долдугаар сард эрдэнэ шишийн үнэ бараг 33 хувиар нэмэгдсэн байна. Будаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд махны үнэ харин 1.7 хувиар буурсан аж.

2007 онд юу болсон бэ?

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын эдийн засагч Абдолреза Аббасиан “2007-2008 онд үүссэн хүнсний хямрал давтагдах магадлал өндөр байна” гэж хэллээ. 2007-2008 онуудад хүнсний үнэ эрс өссөний улмаас Гаитаас авахуулаад Египет хүртэл орнуудад замбараагүй байдал үүсгэж байжээ. Абдолреза Аббасиан “Энэ удаа Засгийн газар хүнсний экспортод хязгаарлалт хийхгүй байх гэж бүгд найдаж байна. Ингэснээр өмнөх хямралын байдлаас зайлсхийх боломж гарна. Харин энэхүү бодлогоо давтагдсан тохиолдолд үйл явдал яаж ч эргэж магад” гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. “Оксфам” байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оны эхээс эхэлсэн ган гачиг, хүнсний үнийн өсөлт нь Төв болон Зүүн Африкийн орнуудад хүнсний хямралыг бий болгож, 18 сая хүнд нөлөөлсөн аж.