Цалин, тэтгэврийг нэмлээ

Өнөөдрөөс төрийн албан хаагчийн цалинг 23 хувиар нэмлээ. Энэ нь Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт бөгөөд он гарсаар цалин нийтдээ 53 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрлээ. Түүнчлэн тэтгэврийн дундаж хэмжээг 222.9 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Өмнө нь тэтгэврийн дундаж 165 мянган төгрөг байв.

Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193.4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63.0 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180.300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145.200 төгрөг байхаар шинэчлэн тогтоохоор төлөвлөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Иргэдийн цалин нэмэгдэж, хөгшдийн тэтгэвэр өсөж байгаа нь сайхан ч үүний цаана үнийн хөөрөгдөл, инфляци өсөх зэрэг сөрөг үр дагавар дагуулахыг үгүйсгэх аргагүй. Адаглаад төрийн албан хаагчдын цалин 23 хувиар нэмэгдсэн гэх шалтгаанаар шатахуун, махны үнэ дээшээ “цойлбол” хувийн хэвшилд ажиллагсад, ард иргэдийн амьдралд урд урдынхаасаа хүнд дарамт ирэх нь дамжиггүй.