Цар тахалын үед бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эргэлзэлгүй шууд эхлүүл
Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй Корона вирус (COVID-19) цар тахлын үеийн маркетингийн талаар ярилцлаа.
– “Covid-19-related marketing” гэдэг ойлголт яригдах болжээ. Энэ ойлголтын талаар та бүхэн юу хэлэх вэ?
– “Penetration rate” буюу хэрэглэгчдийн хэдэн хувь нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг дор хаяж нэг удаа хэрэглэж хэрэглэж үзсэн бэ гэдэг үзүүлэлт маркетингийн гол шалгуур үзүүлэлт болдог. Вирусийн тархалтаас үүдэлтэй хямралын өнөөгийн нөхцөлд бизнесүүд нэгэнт худалдан авалт буурч байгаа учраас борлуулалтыг идэвхжүүлэх, нэмэгдүүлэх гэхээс илүүтэй хэрэглэгчдэд танигдсан байдлаа нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэгүй хэрэглүүлэх, үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хэрэглэгчдэд танигдах ажлуудыг хэрэгжүүлж байна. Нэг удаа хэрэглээд үзчихсэн хэрэглэгч үнэхээр таалагдвал “энэ ер нь дажгүй юм байна, дараа авч хэрэглэж болох юм байна” гэж хэрэглээнийхээ сагсанд оруулах боломжтой. Хямралын дараа санхүүгийн боломжтой үедээ худалдан авалтын нэг сонголт болно гэсэн үг.
Нийт бизнес эрхлэгчдийн хувьд хямрал үүснэ гээд байх биш боломж бололцоогоор нэг нэгнээ дэмжээд худалдан авалт, захиалга хийгээд явах нь нийт эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулна.
Энэ хугацаанд бид вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүний биеийн дархлааны тогтолцооны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихлоо шүү дээ. Бизнесийн байгууллагыг хүний биетэй зүйрлүүлж ярьж болох юм л даа. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих ёстой. Хүний биед цусны эргэц сайн явагдаж байвал дархлаа сайн байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хямдрал урамшуулал зарлаж, борлуулалтын эргэцээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийт бизнес эрхлэгчдийн хувьд хямрал үүснэ гээд байх биш боломж бололцоогоор нэг нэгнээ дэмжээд худалдан авалт, захиалга хийгээд явах нь нийт эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулна.
Энэ нөхцөл байдал 6, 7 дугаар сараас сайжирч, эргэж хэвийн байдалдаа орно гэж үзэж байснаа илүү урт хугацаанд үргэлжлэх болно гэсэн хандлага олон улсад гарч байна. Ажлаа зогсоож хүлээзнэх биш нөхцөл байдалд дасан зохицож ажиллах хэрэгтэй болж байна. Хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв, зан төлөвийн өөрчлөлтөд судалгаа хийж, бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг хүргэх суваг аргадаа өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. “Энэ бол хэсэг хугацааны асуудал, эргээд хэвийн байдалдаа орно” гэж үзэх бизнесменүүд байна. Гэхдээ үүнийг дагаад эдийн засгийн хямрал үүснэ, мөн хэрэглэгчид дараагийн 2-3 жилийн хугацаандаа энэ хямралын шокондоо байсаар байдаг. Тэгэхээр бид өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Ямар бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байна, ямар нь буурч байна гээд судалгаа мэдээлэлд анхаарал хандуулах хэрэгтэй.
Хямралын үеийн болон дараах хэрэглэгчдийн зан төлөвийг судалж мэдсэнээрээ бизнесүүд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргаж, байр сууриа олж авах боломжтой байдаг.
Цалин, орлогын хомсдолоос шалтгаалж мэдээж хэрэглээгээ багасгана. Гэхдээ мэдээж нэн шаардлагатай зүйлсээ худалдан авч таараа. Нөхцөл байдал сайжирсан ч гэсэн энэ цочролоосоо нэг хэсэгтээ гардаггүй юм байна. Хямралын үеийн болон дараах хэрэглэгчдийн зан төлөвийг судалж мэдсэнээрээ бизнесүүд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргаж, байр сууриа олж авах боломжтой байдаг. Ipsos байгууллагын хийсэн судалгаанаас харахад хямралын үед 10 хэрэглэгч тутмын дөрөв нь шинэ бүтээгдэхүүн туршиж үзэхэд бэлэн байдаг. Корона вирусийн тархалтын дараа хэрэглэгчдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээ, гал тогооны хэрэгсэлд хандах хандлага өөрчлөгдөнө, эрүүл ахуйн шаардлага нь нэмэгдэнэ. Хөл хорионд хүмүүс гэртээ хоол хийж идэж байна, цаашдаа ч нэг хэсэгтээ гэртээ хоол хийж идсээр байх болно.
Томоохон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, удаан эдэлгээт бараа худалдан авах сонирхол буурна. Эвдэрсэн, хуучирсан зүйлсээ солих шаардлага гарахад хямд загварыг сонгох болно.
Мэдээж онлайн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хэрэглэгчдийн тоо өснө. Хямралын дараа харин тэднийгээ барьж үлдэх нь чухал. Гэх зэргээр энэхүү нөхцөл байдлыг тандаж мэдсэнээр хямралын үеийг даван туулах, хямралын дараа хурдан сэргэхэд судалгаа туслах болно гэж үзэж байна.
Манай улсын хувьд бидний хэн нь ч ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй, тиймээс цаашид энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах, яах ёстой талаар судалгаа хийх нь чухал.
– Цар тахлын үед хэрэглэгчид рүү чиглэсэн харилцаагаа яаж тодорхойлвол брэндүүд амьд үлдэх вэ?
– Хэрэглэгчдийнхээ санаа сэтгэлийг бүрэн ойлгож, дэмжсэн зүйлсийг хийж, тэдний зүрх сэтгэл дэх топ брэндийн байр суурийг олж авах хэрэгтэй. Хэрэглэгчдийн зан төлөв огцом өөрчлөгдсөн учраас тэд шинэ зүйл туршихад бэлэн байгаа, тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлаа эргэлзэлгүй шууд эхлүүл. Ингэж чадсан бизнес амьд үлдэж чадна гэж дэлхий даяар 90 улсад салбартай 18,130 ажилтантай, дэлхийн #3 IPSOS компани зөвлөж байна. Тэд дэлхийн санхүү, эдийн засгийн хэд хэдэн хямралыг харилцагчдадаа тусалж хамт даван гарсан байдаг.
– Ковид-19-ийн үед олон компанид ердийн үеэс илүү чөлөөт цаг гарч байна. Энэ хугацааг ашиглаад Монгол компаниудын хувьд бизнестээ хамгийн түрүүнд юуг амжуулах ёстой вэ?
– Нэгдүгээрт, хэдийгээр нөхцөл байдал хүндрэлтэй, эдийн засаг хямрах нь тодорхой болсон энэ цаг үеийг боломж гэж харж, ирээдүйн бизнесээ хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, одоогийн завтай байгаа нөхцөл байдлаа ашиглаад шинэ хөрөнгө оруулалт хийх, шинэ бизнесийн модель хөгжүүлэх, одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зэргээр ирээдүйн өсөлтөө тэтгэх хөрөнгө оруулалтыг хийх цаг нь ирсэн байна. Эдийн засгийн эрчимжилтийн үед бид захиалгаас захиалгын, гэрээнээс гэрээнээс хооронд цаг хугацаатай уралдан боломжтой үед нь мөнгө олох гээд ирээдүйн хөгжлийн асуудлаа хойш нь тавьдаг шүү дээ.
Хэрэглэгчдийнхээ санаа сэтгэлийг бүрэн ойлгож, дэмжсэн зүйлсийг хийж, тэдний зүрх сэтгэл дэх топ брэндийн байр суурийг олж авах хэрэгтэй.
Яагаад одоо судалгаа хөгжил (R&D)-д хөрөнгө оруулалт хийх хамгийн оновчтой цаг үе болохыг 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед компаниудын авч хэрэгжүүлж байсан туршлагаас харж болохоор байна.
- 100 гаруй жилийн түүхтэй менежментийн зөвлөх үйлчилгээний Booz & Company-ийн 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хийсэн судалгаанаас харахад, тухайн үед глобал инновацилаг ТОП 100 компани хямралын үед R&D буюу бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн зардлаа 3.9 хувиар нэмэгдүүлж байсан байна.
- Gartner компанийн судалгаанаас харахад, 2008 оны эдийн засгийн хямралын үед дийлэнх компаниуд зардлаа танахын оронд зах зээлээ тэлэх өсөлтийн боломжуудыг эрэлхийлж, хөрөнгө оруулалт хийж байсан талаар дурдсан байдаг.
- Менежментийн том гурван тоглогчийн нэг болох Bain & Company компани 2007-2017 оны хоорондох 10 жилийн хугацаанд 500 гаруй компани дээр хийсэн судалгааны ажлын үр дүнд дээрхтэй адил дүгнэлтийг хийжээ.
Хоёрдугаарт, корона вирусийн тархалт, түүнийг дагасан хямралын эрсдэл цаашид тогтмол, өмнөхөөс богино хугацааны давтамжтай тохиолдох магадлалтай гэж дэлхий нийтээр үзэж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй.
– Бизнесийн модель, маркетингийн стратегидаа ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай вэ?
– Хүнд үед хэрэглэгчдийнхээ санаа сэтгэлийг бүрэн ойлгож, дэмжсэн зүйлсийг хийж, тэдний зүрх сэтгэл дэх топ брэндийн байр суурийг олж авч чадсан бизнес амьд үлдэнэ гэж түрүүн хэлсэн. Цар тахал биднийг олон зүйлийг эргэж бодоход хүргэж байна. Бизнесүүд илүү нийгэм, олон нийтийн асуудлыг шийдвэрлэх бизнесийн загварт шилжих боллоо. Ийм бизнесийн загварыг хэрэглэгчид дэмжиж, үүнийг дагаад ашиг орлого нь нэмэгдэж байна. Маркетингийн стратеги ч үүнийг дагаж өөрчлөгдөж байна. Мөнгө, орлого гэдэг байдлаар харах бус зүрх сэтгэлтэй хүн гэдэг утгаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ тодорхойлж, маркетингийн үйл ажиллагаандаа энэ байдлаар хандах болсон.
– Цар тахлын улмаас бизнесийн эзэн болон түүний түншүүд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон тэдгээрийн түншүүд хооронд байгуулагдсан олон гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Монголын бизнесийн ертөнцөд хүнд хэцүү нөхцөлд нэг нэгэндээ буулт хийх, харилцан ойлголцож бизнесээ авч үлдэх чадвар, нэгдэл хэр түвшинд байдаг гэж та бодож байна?
– Миний бодлоор энэ чадвар, нэгдэл манай бизнесийнхэнд боломжийн сайн байна. COVID-19 вирусийн халдварын нөлөөгөөр үүсэж буй эдийн засгийн хямралыг давах, эрсдэлийг бууруулах бодит хөнгөлөлт үзүүлэхийг ЗГ-аас шаардах зорилготойгоор Бизнес эрхлэгчдийн нэгдэл байгуулагдсан. Засгийн газраас ч шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо бизнесийн нэгдлийнхэн маань бие биеийнхээ бизнесийг дэмжиж харилцан худалдан авалт хийх зэргээр ажиллаж байна. Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл түрээсийн төлбөрөөс чөлөөлөх асуудлаар ажиллаж байсан.
Олон улсад энэ үед салбарын мэргэжлийн холбоод гишүүддээ мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилладаг. Манай компани судалгааны мэргэжлийн холбоо болох ЭЗОМАР байгууллагын гишүүн. ЭЗОМАР-аас COVID-19 гээд портал сайтыг ажиллуулж, мэдээлэл зөвлөмжийг хүргүүлж байна. Олон улсад судалгааны байгууллагууд нөхцөл байдалд тохируулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Олон улсад судалгааны салбар хөгжөөд 100 гаруй жил болжээ. Энэ 100 гаруй жилийн түүхэнд дэлхий, бүс нутгийг хамарсан олон томоохон хямралтай тулгарч, давж гарсан байдаг. Ийм ч учраас олон улсад хямралын өмнө, хямралын үед, дараа нь юу болдог, хэрхэн ажиллах талаар мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг.
– Түүнчлэн бизнесийн эзэн болон ажилчид, СЕО болон ажилчид нарын хооронд ингэж ойлголцох, нэгдэх боломж хэр байна вэ? Үнэхээр л цомхотгол хийхээс өөр арга байхгүй юу?
– Энэ үед бизнесийн байгууллагын хувьд ажлаа байраа хадгалж үлдэх нь чухал асуудал болж байна. Энэ үед маркетингийн үйл ажиллагаагаа илүү ухаалаг, үр дүнтэй байдлаар хийх нь чухал болж байна. Гадагшаа гаргах хөрөнгө мөнгө байхгүй тохиолдолд өөрсдийн хүч нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглах хэрэгтэй л дээ. Өөрийн ажилтнуудтай ажилтай байлгах нь чухал болоод байна.
– Карентин дуусахаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ найдаж болох уу?
– Хөл хорио цуцлагдах хэдий ч борлуулалтын орлогын бууралт, цалин орлогын хомсдолоос шалтгаалаад эдийн засгийн хямрал хэсэг хугацаандаа үргэлжилнэ. Хэрэглэгчдийн хувьд ч гэсэн худалдан авалтын зан төлөвт бий болсон паник, шок 1-2 жилдээ байсаар байна.
– Монголд цар тахлын дараах үзвэр үйлчилгээний салбар ямархуу байх бол?
– Хамгийн их өртөж байгаа салбар. Гэхдээ PwC-ийн хийсэн судалгаагаар эргэж хамгийн хурдан сэргэх салбар гэж үзэж байна.