Цар тахал ба цахим алт

T.Amarjargal T.Amarjargal
2021-08-25 15:33:20
Ангилал: Нийгэм

Криптовалютын шунал хөдөлгөм ханшийн савлагаа маргаан мэтгэлцээн дагуулж байгаа ч ирээдүйд хүн төрөлхтөнтэй хамт урагшлах нь тодорхой болов. Өдгөө дэлхий дахинд 11 мянга гаруй криптовалют бүртгэгдсэнээс 500 орчим нь олон улсын нэр хүндтэй крипто биржүүдээр арилжаалагдаж байна. 

Криптовалют, крипто бирж борооны дараах мөөг шиг олширч байгаа энэ үед виртуал ертөнцийн сул талыг ч анзаарах ёстой. Хэрэв “үхмэл” койнд хөрөнгө оруулбал алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг хоосон тоо тэврээд л хоцорно. Мөн ханшийн савлагааг мэдэрч чадаагүйгээс оруулсан хөрөнгөө алдах эрсдэл бий. Тийм ч учраас койн гаргагчид байгаа бүхнээрээ хөрөнгө оруулж, худалдаж авахыг зөвлөдөггүй. Зөвхөн эрсдэл гаргаж болох хэмжээнд хөрөнгө оруулахыг санал болгодог. 

Түүнчлэн криптовалютыг аль нэг улсын Засгийн газар болон банкны зүгээс хянаж зохицуулдаггүй. Тийм ч учраас хүний наймаа, терроризм, зэвсгийн худалдаа гэх мэт хууль бус зүйлсийг санхүүжүүлэх, гэмт бүлэглэлүүдийн гүйлгээний хэрэгсэл болох гэх мэт олон сөрөг үр дагавар дагуулж болохыг шинжээчид сэрэмжлүүлдэг. Иймээс зарим улс криптовалютэд анхаарал хандуулж, тодорхой хэмжээнд хяналтаа тогтоохыг эрмэлзэж байна.

БНХАУ криптовалютыг хүлээн зөвшөөрсөн ч төд удалгүй түдгэлзсэн. Харин АНУ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд койны арилжаанаас татвар авахаа мэдэгджээ. Энэ бол койныг хүлээн зөвшөөрч, албажуулж буйн нэг илрэл юм. Мөн Израилийн эрх баригчид 61 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний үнэлгээ бүхий койн эзэмшдэг бол хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгах хууль баталжээ. 

Койн, токений арилжаанд оролцож, крипто ертөнцөд хөл тавихын тулд криптовалют болон блокчэйн технологийн талаар судлахаас бүх зүйл эхэлнэ. Крипто гэдэг нь “нууцлал” гэсэн утгатай грек үгээс гаралтай. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологи дээр суурилсан нууцлал бүхий валют гэж ойлгож болох юм.  Криптовалют нь цахим тоон системийн цифрэн валют бөгөөд криптографиар нууцлалыг нь хангадаг.

Харин блокчэйн гэдэг нь нэгэн төрлийн бүртгэлийн систем юм. “Блок” гэдэг нь тодорхой хэмжээгээр хэсэг мэдээллийг багцлан хадгалсныг хэлэх бөгөөд нэг блокод хадгалах мэдээллийн хэмжээ хязгаартай. Нэг блок дүүрч, өөр блоктой холбогдон гинжин хэлхээ үүсгэхийг “чэйн” гэнэ. Энэхүү гинжин хэлхээгээр холбогдсон багц өгөгдлийг “блокчэйн” хэмээн нэрлэдэг. Өдгөө блокчэйн технологийг олон салбарт ашиглаж байна. Мөн хамгийн найдвартай технологи гэж үзэж байгаа учраас виртуаль хөрөнгөө энэ технологид даатгах нь илүү оновчтой гэж инженерүүд онцолдог. Түүнчлэн криптовалют цаасан мөнгөтэй адил хэрэглээнд нэвтэрч чадахгүй ч хөрөнгө оруулалтын гол хэрэгсэл болох боломжтойг энэ салбарынхан итгэл төгс хэлж байна. 

Криптовалютыг анх бий болгоход хэдэн койн олборлож болохыг зааж, хязгаарласан байдаг. Мөнгөн дэвсгэрт шиг ахин дахин хэвлэдэггүй учраас эдийн засгийн хямралтай үед инфляцид өртдөггүйгээрээ давуу талтай. Яг л алт шиг. Тийм ч учраас криптовалютыг цахим алттай зүйрлэж, ирээдүйд үнэ цэн нь алтаас ч давж мэдэх талаар таамаглал дэвшүүлж буй. Алт бол хүн төрөлхтөнтэй өнө удаан хугацааг хамт үдсэн үнэт метал. Алт криптовалютад зайгаа тавьж өгөх эсэхийг таашгүй ч криптовалют алттай адил зарчмаар ажиллаж байгааг цар тахал батлан харуулав. Хүн төрөлхтөн өдөр тутамдаа алтаар худалдаа арилжаа хийдэггүй ч хямралыг сөрж гарах хамгийн найдвартай таваар нь алт гэдэгт итгэдэг. Алтны эрэлтийг өсгөдөг хамгийн гол хүчин зүйл нь инфляци. Цаасан мөнгө үнэгүйдэж, хямрал нүүрлэхэд Засгийн газар, толгой баячууд хөрөнгийн үнэ цэнээ хадгалах зорилгоор алт худалдан авдаг.

Хэдийгээр анхны криптовалют болох биткойн 2009 онд мэндэлсэн ч биткойны ханшийн өсөлтийн супер цикл цар тахлын үед таарч байгаа нь тохиолдлын хэрэг биш юм.

Тэгвэл биткойн гэлтгүй голлох криптовалютууд хүчээ авсан шалтгаан юу байв? Шинжээчид шалтгааныг цар тахлаас хайж байна.  Дэлхийн эдийн засагт хямралын ангал үүсч, улс орнууд цаасан мөнгийг дур зоргоороо хэвлэж, инфляцийг хөөрөгдсөн. Энэ нь “цахим алт”-ны эрэлтийг бий болгосон гэх. Нөгөөтээгүүр, дэлхий нийт цар тахлын нөлөөгөөр цахим ертөнцөд арай илүү цагийг өнгөрөөх болсон нь криптовалютын тэсрэлтэд гол нөлөө үзүүлжээ.

Онцлох криптовалютууд

Криптовалютын ханшийн өөрчлөлт /хувиар/ 2020 оны сүүлийн долоон хоногийн ханшийг 2021.04.28-2021.05.04 хоорондох ханштай харьцуулан тооцов.

Bitcoin (BTC): 2009 онд Сатоши Накамото гэх япон хүн бүтээсэн гэдэгч одоог хүртэл түүний хэн болох нь тодорхойгүй. Сатоши Накамото гэх нэрийн ард нэг хүн бий юу, эсвэл бүлэг хүн бий юу гэдэг нь ч нууц хэвээр. Сатоши Засгийн газар, банк санхүүгийн байгууллага гэх мэт гуравдагч этгээдийн оролцоогүй гүйлгээ хийдэг дэлхий нийтийн цахим валют бүтээх зорилгоор биткойныг бүтээжээ.

Анх 21 сая биткойн гаргасан бөгөөд койны тоо өсөхгүй, буурахгүй байхаар программчилсан байна. Одоогоор 2.3 сая биткойн нь үлдээд байгаа бөгөөд 2140 он хүртэл олборлох боломжтой хэмээн тооцоолж буй. Мөн нууц кодоо мартсан гэх мэт шалтгаанаар 3-4 сая биткойн алдагджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард биткойны ханш 63 мянган ам.доллараас давсан нь түүхэн дээд ханш байв. Одоогоос 10 орчим жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сард биткойн ердөө 0.0008-0.08 ам.доллараар арилжаалагдаж байсан юм. Харин өнөөдөр нэг биткойн 47 мянган ам.доллар буюу 139 сая төгрөгтэй тэнцэж байна.

Etherium (ETH): Зах зээлийн үнэлгээгээр дэлхийд биткойны дараа ордог криптовалют бол этериум юм. Үндэслэгч нь Оросын программ зохиогч Виталик Бутерин. Өдгөө 27 настай зохион бүтээгчийн койны ханш он гарснаас хойш дөрөв дөхин өсч, нэгж ширхгийн үнэ 700 ам.доллараас 3326 ам.долларт хүрээд байна. “Криптовалют нь хэт тогтворгүй ангиллын хөрөнгөд тооцогдсон хэвээр байгаа тул үнэ ханш нь хэзээ ч хамаагүй тэг хүртэл унах эрсдэлтэй. Алдахыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хөрөнгө оруул. Хэрвээ насан туршын хуримтлал үүсгэх талаар бодож байгаа бол уламжлалт хөрөнгийн хэлбэр хамгийн найдвартай сонголт хэвээр байгаа шүү” хэмээн Виталик анхааруулсан.

Dogecoin (DOGE): Хамгийн ирээдүйтэйд тооцогдож байгаа койн. Сонирхолтой нь энэ койныг 2013 онд Билли Маркус, Жэксон Палмер нарын инженерүүд ямар ч зорилгогүй, зүгээр л зугаацах зорилгоор гаргажээ. Логог нь ч Шиба-Ину үүлдрийн нохойн хөгжилтэй meme-г ашиглан бүтээсэн байна. Он гарснаар Dogecoin-ынхон удирдах зөвлөлийн багтаа өөрчлөлт оруулсан нь тус койны ирээдүйд гэрэл асаасан гэж шинжээчид үзэж байна. Учир нь Элон Маскыг төлөөлж, түүний тун ойрын хүн болох Жаред Бирчалл удирдах зөвлөлд сонгогдсон нь Dogecoin-д эерэгээр нөлөөлнө гэж тэд таамаглаж буй. Энэ оныг хүртэл 0.001 ам.доллартай тэнцэж байсан Dogecoin тавдугаар сард 0.65 ам доллартай тэнцсэн юм. 

Криптовалютын ханшийн өсөлт /2016-2021/ Эх сурвалж: www.medium.com

Монголын крипто зах зээл

Одоогоор манай улсад Trade, Coinhub, Complex, DAX гэсэн дөрвөн крипто бирж үйл ажиллагаа явуулж байна. Мөн крипто бирж болон криптовалютын тоо цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. 

ArdCoin (ARDX): АрдКойн нь Ард санхүүгийн нэгдэл ХК болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд ашиглах урамшууллын оноо юм. АрдКойныг 2019 оны нэгдүгээр сард ERC20 платформ дээр хийжээ.  АрдКойны тоо хэмжээ 5,158,308,000 бөгөөд одоогоор 668 мянга гаруй хэрэглэгч эзэмшиж байна. 2020 оны наймдугаар сард нэгж койн гурван төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 147 төгрөг болсон нь бараг 50 дахин өссөн үзүүлэлт юм. 

Digital Exchange Coin (ТRD): Дижитал эксчейнж монголиа ХХК нь Монгол улсын анхны криптовалютын бирж болох www.trade.mn онлайн платформыг 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Энэхүү платформ хэрэглээнд нэвтэрснээр олон улсын 400 гаруй биржийн арилжаанд монголчууд оролцох боломж бүрдсэн юм. Энэ онд тус биржээс Digital Exchange Coin гаргасан бөгөөд Binance Smart Chain (BSC) бүртгэлтэй Монголын анхны койн гэдгээрээ онцлог. Digital exchange coin-ы тоо хэмжээ 20,000,000,000 бөгөөд нэгжийн үнэ нэг төгрөгтэй тэнцэж байна. 

Inflation Hedge Coin (IHC): “Их бит” компаниас өнөөдөр (2021.08.25) анхдагч арилжаагаа хийлээ.  IHC койныг дөрвөн бирж дээр 100 тэрбум койн тэнцүү хувааж арилжаалав. Нийт нэг их наяд IHC койн гарч байгаа бөгөөд нэгж койны анхдагч арилжааны үнэ 30 мөнгөтэй тэнцэж байна. Дөрвөн биржийн нийт захиалгын үнийн дүн 30 тэрбум төгрөг. Тодруулбал, нэг бирж дээр дээд талдаа 7.5 тэрбум төгрөгийн дүн бүхий IHC койны захиалга авсан юм. Харин нэг хүн хамгийн ихдээ 15 сая төгрөгт захиалга хийх боломжтой байв. Арилжаа 11 цагт эхэлсэн ч бүх бирж дээр захиалга асар хурдан дүүрч, хаагдсан юм. 

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal