​Цахилгаан автомашины хувь заяа Хятадад шийдэгдэнэ


Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээлд Tesla, General Motors, Volkswagen зэрэг компани ширүүн өрсөлдөхөөр зэхэж байна. Гэвч BJEV зэрэг дотоодын үйлдвэрлэгчид давуу байдлаа тийм ч амар алдахыг хүсэхгүй нь тодорхой.

Эх сурвалж: “Fortune” сэтгүүлийн 2019 оны дөрөвдүгээр сарын дугаар
Сэтгүүлч: Жеффри Болл

Бээжин хотын захад орших Beijing Electric Vehicle компанийн шил, толь болсон төв байрны доторх хоолны газар хаалттай байлаа. Компанид нь ажиллах гадаад ажилтнуудад пицца болон Европ хоолоор үйлчлэх зорилгоор засвар хийгдэж байгаа аж. Германд цахилгаан, эрчим хүч нөөцлөх төхөөрөмжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад цоо шинэ, ид хөгжлийн үедээ явж байгаа цахилгаан автомашины зах зээлд ажиллахаар эх орондоо ирсэн хятад инженер Ван Шитао “Манай компани олон улсын уур амьсгалтай болох хэрэгтэй. Тэднийг цаг үргэлж хятад хоол идэхийг шаардаж болохгүй” гэж өгүүлэв.

Үүний нэгэн адил Хятадын засгийн газар ч иргэдээ зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашин худалдаж авахыг шаардах боломжгүй гэдгийг ойлгожээ. Тиймээс Beijing Electric Vehicle компани эл өөрчлөлтөд бэлтгэх шаардлагатай болов.

Хятадаас бусад улсад огт танигдаагүй Beijing Electric Vehicle компани бол (товчилсон нэр нь BJEV) цахилгаан машин үйлдвэрлэгч Хятадын хамгийн том компани, дэлхийн хэмжээнд Tesla-ийн дараа орох үйлдвэрлэгч юм. Байгуулагдаад арав гаруй жил болж буй тус компанийн амжилтад Засгийн газрынх нь дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэжээ.


Гэвч Хятадын Засгийн газар тэрхүү дэмжлэгээ багасгаж байна. BJEV-ийн борлуулалтын дийлэнх хувийг эзэлдэг хямд цахилгаан машин худалдан авахад зориулж иргэдэд өгдөг татаасаа Засгийн газар бууруулж байгаагаас гадна олон жилийн түүх, туршлагатай Барууны компаниудад цахилгаан машины дотоодын зах зээлээ нээж эхлэв. Энэ нь худалдааны дайны нөлөөг бууруулах нэг алхам гэдэг нь гарцаагүй.

Үүнээс шалтгаалж BJEV богино хугацаанд маш сайн машин үйлдвэрлэх шаардлагатай болж ирлээ. Тиймээс тэд гадаадаас цахилгаан машины экспертүүдийг урих бодлого барьж байна.
Хятадын цахилгаан машины зах зээл нь дэлхийн бусад улсынхаас хавьгүй том учраас (Bloomberg new energy finance-ийн мэдээллээс үзвэл 2018 онд дэлхийн даяар зарагдсан 1.3 сая цахилгаан машины 60 хувь нь тус улсад ногджээ), мөн цахилгаан машины эрэлт цаашдаа үлэмж өсөх хандлагатай байгаа тул гадаадын компаниуд үүнийг ирээдүйнхээ төлөөх өрсөлдөөн гэж дүгнэж буй. Tesla, General motors, Volkswagen, BMW зэрэг аварга компаниуд бүгд Хятадад байр суурь эзлэхийг зорьж байна.

Хятадын цахилгаан машины зах зээл нь геополитик, эдийн засаг, байгаль орчны маш том бооцоо агуулж буй. Хятадад юу болохоос цахилгаан машин цаашдаа шатахуунаар ажилладаг машиныг орлож чадах эсэх нь хамаарах бөгөөд газрын тосны үйлдвэрлэл болон уур амьсгалд ч асар ихээр нөлөөлөх юм. Цахилгаан машины үйлдвэрлэлийн эхний шатанд Tesla компанид ялагдсан дэлхийн автомашин үйлдвэрлэгч аварга компаниудын хувьд Хятадын зах зээлд хэрхэн ажиллах нь цаашдаа И.Маск тэргүүтэй Tesla-гаас илүү гарч чадах эсэхээс шалтгаална.

Харин Хятад улсын хувьд аж үйлдвэрийн хөгжил дэвшил нь BJEV шиг дотоодын компаниудыг Барууны өрсөлдөгчидтэй эн тэнцүү өрсөлдөх түвшинд хүргэж чадсан эсэхийг нь сорих болно.
2009 онд байгуулагдсан BJEV компани нь Хятадын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг Beijing Automotive Group (BAIC Group)-ийн салбар компани юм. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 6000 ажилтантай тус компанийг Ма Фанли удирдахаар томилогдсон аж. “Форчун” сэтгүүлийн бичгээр явуулсан асуултад хариулахдаа тэрбээр BJEV-ийн сорилтуудыг тодорхойлсон юм. “Улсаас татаас өгөхөө багасгасан учир шинээр үйлдвэрлэж буй автомашинуудаа худалдан авагчдад онцгой сэтгэгдэл төрүүлэхээр бүтээх ёстой болж байна. Түүнээс гадна брэнд хөгжүүлэлт, технологийн асар их нөөцтэй Барууны компаниудыг дутуу үнэлж болохгүй. Автомашин үйлдвэрлэгчдийн хоорондох өрсөлдөөн нь хэн их нөөц боломжтой вэ, хэнийх нь цус удаан урсах вэ гэдгээр хэмжигдэх болно” гэж тэрбээр хариулсан.

2018 онд Хятадад борлуулагдсан суудлын автомашины 3.3 хувийг цахилгаан автомашин эзэлсэн нь 2015 оныхтой харьцуулвал 0.7 хувиар, харин АНУ-ын 1.3 хувьтай харьцуулвал хоёр дахин их болохыг Wood Mackenzie тооцоолжээ. Цахилгаан болон гибрид машин нь 2018 онд Хятадын автомашин борлуулалтын 4.5 хувийг эзэлсэн байна.



Bloomberg-ийн мэдээллээс үзвэл BJEV өнгөрсөн онд 152 мянган цахилгаан машин Хятадад борлуулжээ. Энэ нь Хятадын хоёр дахь том үйлдвэрлэгч BYD компанитай харьцуулвал бараг 50 хувиар их үзүүлэлт юм. Хятадын Автомашины инженерүүдийн нийгэмлэгийн мэдээлснээр тус улс 2030 онд нийт суудлын машины 40 хувийг цахилгаан эсвэл гибрид болгохоор төлөвлөж байгаа аж. Эл том төлөвлөгөөнийх нь ард стратегийн гурван том зорилго бий: агаарын бохирдлыг бууруулах, шатахууны импортыг багасгах, өрсөлдөх чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэгчтэй болох. Засгийн газрын бүхий л түвшинд эдгээр зорилгод хүрэхээр ажиллаж байна. Үүний тулд тус улс цөөнгүй арга хэмжээ авч буй. Тухайлбал BJEV-ийн хамгийн их борлуулалттай ЕС загварыг үйлдвэрлэсэн үнээс нь хямд буюу 8000 ам.доллароор зарахад дэмжлэг үзүүлдэг. Мөн замын түгжрэлд “дарлуулсан” Бээжин зэрэг мегаполисууд нь дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг машинд дугаар олгохоо эрс багасгаж, ийм төрлийн машинуудын зорчих хэсгүүдийг хязгаарлах болсон байна. Үүний эсрэгээр цахилгаан автомашинуудад ногоон өнгийн дугаарыг улам ихээр олгож, зорчих бүсийг нь зааж өгдөггүй.

Гэхдээ Хятадын Засгийн газар дээрх гурван зорилтын хүрээнд зөвхөн дотоодын автомашин үйлдвэрлэгчдийг дэмжих зорилго баримтлахгүй аж. 2018 оноос эхлэн гадаадын автомашины компани нь Хятадад үйлдвэрлэл эрхлэхийн тулд заавал тус улсын компанитай хамтарсан үйлдвэр байгуулах шаардлагагүй болсон. Гадны өрсөлдөөнийг улам эрчимжүүлж байгаа өөр нэг шийдвэр бол шатахуунаар ажилладаг машин үйлдвэрлэгч бүр өөрийн нэрийн тодорхой тооны цахилгаан автомашин үйлдвэрлэхийг шаардсан журам юм. Энэ нь тухайн үйлдвэрлэгчийн борлуулах машины тоог нэмэгдүүлэх үр дагавартай.

Чухам ийм учраас 2018 онд Хятадад ердөө 8000 цахилгаан болон гибрид машин борлуулсан Volkswagen компани ирэх жил 400 мянга, харин 2025 оноос жил бүр 1.5 сая ийм төрлийн машин борлуулна гэж Bloomberg-т мэдээлсэн биз ээ. Хятад улс заавал хамтарсан үйлдвэр байгуулахыг шаарддаг байхад тус улсад үйлдвэрээ байгуулахаас татгалзсаар ирсэн Tesla компани бодлогын өөрчлөлтийн дараа Шанхай хотод үйлдвэр барихаар өнгөрсөн нэгдүгээр сард шав тавив. Энэ нь тус компанийн хувьд АНУ-аас өөр улсад байгуулж буй анхны үйлдвэр юм. Тэд энд жил бүр 500 мянган цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

BJEV компани ч гар хумхиж суулгүй тэмцсээр байна. Тэд ирэх жилээс эхэлж 500 мянган машин үйлдвэрлэхээр төлөвлөснөөс гадна бусад улсын зах зээлийг онилох болжээ. Мөн аюулгүй байдал, технологийн шийдлүүдээ сайжруулж, зөвхөн хямт төдийгүй улам чанартай цахилгаан автомашин үйлдвэрлэхээр чармайж буйг Ван Шитао нотолсон юм. Ийнхүү төрийн дэмжлэгтэй Хятадын компаниуд төдийгүй технологи, туршлагаар зэвсэглэсэн гадаадын компаниуд эл том зах зээлд ширүүн өрсөлдөөн өрнүүлэхэд бэлэн болжээ. Тэдний өрсөлдөөн нь цахилгаан автомашины хувь заяаг шийдвэрлээд зогсохгүй хүн төрөлхтөнд олон шинэлэг, дэвшилтэт төмөр хүлэг “бүтээж” өгнө гэдэгт найдах л үлдлээ.