“Цахим дэлгүүр” үүдээ нээнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас “Цахим дэлгүүр”-ийг ирэх оноос нэвтрүүлэхээр болжээ. Цаашдаа төрийн албаны хэрэгцээг “цахим дэлгүүр”-ээс хангах бөгөөд шахааны бизнесийг шахан гаргах бодлогыг баримталж байгаа аж. Мөн бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, төсвийн зардлыг хэмнэх, үнийг бууруулж, нэг цэгээс үйлчлэхээр “цахим дэлгүүр”-ийг санаачилжээ. Мөн орон нутагт худалдан авах ажиллагааны алба, хэлтсийг байгуулж, аймаг тус бүрт дөрвөн хүний оронтой тоотой цомхон багийг бүрдүүлжээ. Нийслэл болон есөн дүүрэгт ч мөн адил худалдан авах ажиллагааны хэлтэс байгуулжээ.

“Эрх мэдлийн хэт төвлөрлөлийг сааруулах, орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох хүрээнд худалдан авах ажиллагааны нэгжийг байгуулж, төрийн бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга С.Дашдондог онцлов. Тус газраас ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тендерийг цахим худалдан авалтаар сонгон шалгаруулах юм байна. Цахим тендерт тухайн байгууллага оролцохдоо татвар, гааль, шүүх цагдаагийн тодорхойлолт гэж авахгүй бөгөөд энэ нь төрийн хүнд суртлыг багасгах, цаг хугацааг хэмнэх, төрийн үйлчилгээг сайжруулахад дөхөм болно гэж үзжээ. Цахим тендерийг ил тод, нээлттэй, шударга явуулахын тулд үнэлгээ, хяналтыг шинэчилж байгаа аж.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэх, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуултад хэмнэлт хийх, авлигал гарах нөхцлийг бууруулах нь Худалдан авах ажиллагааны газрын зорилго гэж хэлж болно. Ирэх онд Худалдан авах ажиллагааны газраас 399 худалдан авалтыг бие даан зохион байгуулах бөгөөд нийтдээ улсын хэмжээнд 1222 худалдан авалт хийх аж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ, ажил худалдан авах ажиллагааг зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалтыг баталжээ. Хөдөө орон нутагт цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн бэлтгэх сургалтыг БНСУ-ын мэргэжилтэнүүд зохион байгуулж байна. Дээр өгүүлсэн 1222 худалдан авалтын 399 нь Худалдан авах ажиллагааны газарт, үлдэж буй 823 нь салбарын яам, агентлаг, орон нутагт хуулийн дагуу шилжиж байгаа аж.