Цахим тендер “но” гаргахгүй

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах асуудал багагүй хэл ам дагуулдаг. Нэг талаасаа тендер будлиантсан, танил талаа харсан эсвэл төрийн албан хаагчдын чадавхи дутагдаж буй гэх мэтээр олон гомдол дагуулдагийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шүүмжилдэг. Зөвхөн өнгөрсөн жил манай улс 1.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийсний ихэнхи нь нийслэл хотод хамаарч байна. Үүнд зам, барилгын тендер түлхүү хувийг эзэлсэн байна. Гэвч бүтэлтэй гэгдэж, хэл ам дагуулаагүй нь цөөхөн гэдгийг албаныхан онцоллоо.

Харин одоо тендер ил тод, шуурхай, "но"-гүй явах боломжтой болж байгаа гэнэ. Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Коайко олон улсын байгууллага, Сангийн яамтай хамтарч цахим худалдан авах үйл ажиллагааг манайд нэвтрүүлж эхэллээ. Ингэхдээ Коайко олон улсын байгууллага манайд тохируулан “Koneps” цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсруулсан аж. Одоогоор төрийн болон орон нутгийн өмчөөр гүйцэтгэх бараа, ажил үйлчилгээг www.e-procurement.mn сайт ажиллуулдаг. Энэ нь зар, мэдээлэл төдий л ажилладаг байна. Харин тус “Koneps” цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог ашигласнаар тендерийн урилгыг зарлахаас эхлээд шалгаруулалт, үр дүнг нь нийтэд зарлах хүртэл бүхий л үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах аж. Ингэхдээ тендерт оролцох компаниуд тендерийн бүх бичиг баримтыг сайтнаас үнэ төлбөргүй татаж авч, төрийн байгууллагууд, арилжааны банкууд, шүүхээс төрөл бүрийн тодорхойлолт авах шаардлагагүй болох аж. Харин тендерт оролцох аж, ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан, татварын өр, банкны баталгаа зэргийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны мэдээллийн системтэй холбогдсон татварын болон банкны сангаас шууд үзэх боломж бүрдэх юм байна. Үүний үр дүнд хүний ажиллагаа хэмнэгдэхээс гадна олон нийтэд ил тод нээлттэй болж, худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Х.Ганцогт хэлсэн. Энэхүү технологийг турших, үр өгөөжийг нь үзэх зорилгоор цахим анхны тендерийг өчигдөр зарлалаа. Үүнд, ТЕГ, ГЕГ зэрэг байгууллагын мэдээлэл технологитой холбоотой тендер байв. Ирэх жил гэхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдаж авах нийт үйл ажиллагааныхаа 30 хувийг цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөж буй аж.

2014 он гэхэд дээрх худалдан авалтыг 100 хувьд хүргэх зорилттой байгаагаа тэрбээр онцолсон. “Манай Солонгосын Засгийн газар 2009 оноос эхлэн цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь төрийн худалдан авалтыг аль болох олон нийтэд ил тод, шударга, хууль ёсны дагуу явуулах нэг хөшүүрэг нь болж өгдөг” гэдгийг “Коайка”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ин Дү Гү онцолсон. Түүнчлэн уул уурхай болон бусад чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буй энэ үед томоохон хэмжээний худалдан авалтыг хийх шаардлага тулгарч буй энэ үед төрийн худалдан авалтыг нээлттэй, ил тод болгох зайлшгүй шаардлага бий гэдгийг ч тэрбээр дурдсан. Хэл ам дагуулж, “но” той хэмээн дуудагдаж байдаг тендерийн асуудлыг ил тод болгохыг зорьж буйг мэдээллийг хүргэхэд таатай байна.