Цахим эмнэлэгтэй болох уу

Сингапур, Индонез, Япон тэргүүтэй Азийн арав гаруй орны эрүүл мэндийн салбарт ашигладаг системийг Монголд нэвтрүүлэх гэж байна. Малайз, Монголын бизнесийн зөвлөлийн захирал болон “Хил хязгааргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” олон улсын байгууллагын төлөөлөгч, Сингапур улсын доктор Вэй Сианг Юү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан эрүүл мэндийн салбарт эргэлт хийх “Дөрөв Жи” зайнаас эмчлэх, оношлох технологийг Монголд нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа юм.

Уг технологийн тусламжтайгаар иргэд өөрийн гар утас болон таблойдод тусгай програмыг суулгаснаар эрүүл мэндийн талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой аж. Харин зайны эмчилгээ нэвтэрсэн эмнэлэгийн эмч нараас зөвлөгөө авахын тулд интернэтэд холбогдсон байх шаардлагтай гэнэ. Мобайл үйлчилгээний програмаар дамжуулан өөрийн орны эмнэлэгүүдтэй холбогдохоос гадна Сингапур тэргүүтэй Азийн томоохон эмнэлэгийн эмч нараас зөвлөгөө авч болохыг доктор Вей хэллээ. Мөн тэрбээр “Сингапурт одоогийн байдлаар “Home Health” буюу гэр бүлд зориулсан иргэдэд зайнаас эмнэлэгийн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл олгох үйлчилгээг Засгийн газрын хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна. Индонезид өдөрт 20 сая хүн энэ үйлчилгээг ашиглаж байна. Монголд, ялангуяа агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотод энэ системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Цаашлаад монголчууд дэлхийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой болно” гэв.
Эмнэлэгийн үйлчилгээ цахим хэлбэрээр үзүүлэх эл технологи нь эрүүл мэндээ хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгож буйгаараа онцлог. Тухайлбал, “Baby Smart” гэх гар утасны програм нь жирэмсэн эхтэй холбоотой эмнэлэгийн тусламж үйлчилгээ, хүүхэд асрах зөвлөгөөг хүргэдэг байна. Эхний ээлжинд нийслэлийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг “Хил, хязгааргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” олон улсын байгуулагаас хангах аж.
“Дөрөв Жи” зайнаас эмчлэх, оношлох технологийг Монголд нэвтрүүлэх ажил одоогийн байдлаар санамж бичиг боловсруулах шатандаа явж байгааг албаныхан мэдээллээ.