Цорын ганц

Манай сэтгүүл жуулчны улиралтай холбоотойгоор энэ дугаартаа аялал жуулчлалын салбарыг түлхүү хөндөж байгаа учраас Монголыг үзэхээр ирсэн жуулчдыг үндэсний үйлдвэрийн сайхан бэлэг дурсгалын зүйлтэй буцаахыг хүсэв. Сүүлийн үед олшроод байгаа бэлэг дурсгалын дэлгүүрүүдийн лангуун дээр жуулчдын нүдийг хужирлах бараа цөөнгүй байдаг ч “Mongolian Economy” сэтгүүл арьс ширэн эдлэлийн үйлдвэрийг сонирхуулахыг зорилоо. Тиймээс энэ чиглэлээр боломжийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийг нэлээд сурагласны эцэст “Only one” аж ахуй нэгжийг сонголоо. Эднийхийг аялал жуулчлалын болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын зарим хүн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнийхээ чанар, борлуулалтад нэлээд эрэл хайгуул хийж, санаачилгатай ажилладаг гэж онцлох юм билээ. “Only one” “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талын орон сууцны 30-р байрны доод талын хоёр өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Эхний өрөөний баруун урд буланд байрлуулсан ажлын ширээн дээр тус компанийн захирал, загвар зохион бүтээгч Т.Энхтөр шинээр ирсэн захиалагатайгаа танилцан сууна. Энэ өрөөнд мөн Италийн “Paff” брэндийн хамгийн сүүлийн үеийн хэд хэдэн оёдлын машин суурилуулжээ. Үйлдвэрийн түүхий эд болох арьс шир төрөл төрлөөрөө өрөөстэй. Түүнчлэн “Импортын барааг орлож чадах үндэсний шилдэг бүтээгдэхүүн” гэсэн хүндэт өргөмжлөл нүдэнд тусав. Харин нөгөө өрөөнд нь ажил ид өрнөж байлаа. Уг өрөөнд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болгох бүхий л шат дамжлага явагддаг аж.

“Only one” арьс ширэн эдлэлийн үйлдвэрийг Та мэдэх үү гэж монголчуудаасаа асуувал мэдэх хүн тун цөөхөн байх вий. Гэтэл энэ жижигхэн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа гэнэ. Өдий хүртэл оршин тогтнохдоо алдаатай оноотой, хүндрэл бэрхшээлтэй олон замыг туулсан тухайгаа Т.Энхтөр захирал өгүүлсэн. Зах зээл дөнгөж эхэлж байсан 1990-ээд оны эхээр Энхтөр, эр зориг, ирээдүйн тухай сайхан мөрөөдөлтэй үйл ажиллагаагаа эхэлсэн аж. Харин өдгөө энэ компани хайрт монгол орноо харийнханд сурталчлан таниулж байна. Жуулчид очсон орон бүрээсээ тухайн улсыг илэрхийлж чадахуйц бэлэг дурсгалын зүйлийг авах дуртай байдаг. Харин Монголыг төлөөлж чадахуйц тэр л зүйлсийг “Only one” арьс ширэн эдлэлийн үйлдвэр урладаг байна. Эднийх ширэн түлхүүрийн оосроос эхлээд бүс, цүнх, түрийвч гээд арьс ширээр хийж болох бүгдийг чанарын өндөр түвшинд хийдгээрээ ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэр, хувь хүн нийлсэн 60 гаруй үйлдвэрлэгчээс ялгарах онцлогтой гэнэ. Мөн хэрэглэгч бүрт цорын ганц загвартай бүтээгдэхүүнийг хийж өгөх нь тэдний зорилго хийгээд давуу тал ажээ. Энэ зорилгынхоо дагуу “Оnly one” гэдэг нэрийг сонгосон байна. Цорын ганц бүтээгдэхүүн хийлгэх захиалга ч цөөнгүй ирдэг гэнэ. Уг үйлдвэр нь бэлэг дурсгалын зүйлсээс гадна цагдаагийн бүрэн тоноглогдсон бүс, уурхайчдын нурууны хамгаалалт, бүхий л төрлийн ажлын болоод гоёлын цүнх зэргийг өнгө үзэмжтэй, чанартай хийдэг. Мөн зөвхөн танд зориулж цорын ганц бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг гэхээр уншигч Та тэнгэрт тулсан үнэтэй биз гэж битгий бодоорой. Тун ч боломжийн үнэтэй бас чанартай гэсэн. Жишээлбэл, Та өөрт таалагдсан гоёлын загвартай цүнх хийлгэхэд 100 орчим мянган төгрөг болдог байна. Харин эдэлгээ сайтай ширэн бүс хийлгэхэд 20 орчим мянган төгрөг болдог аж. Бид гаднын үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байхаар өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж заншвал сайнсан. Монголчууд үндэсний үйлдвэрээ мэдэхгүй байхад жуулчид “Only one”-ийг зорьж ирээд, зөвхөн өөртөө зориулсан цорын ганц “Made in Mongolia” гэсэн арьсан эдлэлийг хийлгээд сэтгэл хангалуун буцдаг гээд бод доо.

Бид жижиг гэлтгүй сайн бүтээгдэхүүн хийж байгаа үндэсний үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, бусдад таниулан сурталчилж байж дэлхийд нэртэй үйлдвэрлэлтэй болох учиртай. Түүнчлэн бид “дэлгүүрийн лангуун дээрээс авсан бэлэг дурсгалын зүйлээрээ жишээ татан манайх арьсаар чанар муутай бараа хийх юмаа гэж голж, гоочилдог. Тэгвэл Энхтөр захирал дэлгүүрийн лангуун дээрх бэлэг дурсгалын зориулалттай бараагаар үндэсний үйлдвэрийн ахуйн хэрэглээний барааны чанарыг таньж мэдэх нь учир дутагдалтай. Тиймээс Монголын арьс ширэн эдлэл хийц загвар, чанар тааруу байдаг гэж ам дамжуулан ярихаа битгий урьтал болгоорой”. Эхлээд бараа бүтээгдэхүүнтэйгээ сайн танилцаж, учир начрыг нь ялгах хэрэгтэй” хэмээн учирлаж байна. Учир нь, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй бэлэг дурсгалын зүйл бол бэлэг дурсгалын зориулалтаар хийж байгаа учраас чанарын асуудал нэг их яригдахгүй, харин гоё ганган чамин, шилэн хоргонд тавихад хээнцэр харагдах нь л чухал гэнэ. Харин хэтэвч, цүнх, гутал гээд ахуйн хэрэглээний арьсан эдлэлийг хамгийн сайн материалаар хийдэг учраас чанартай байдаг аж. Тэгэхээр угшигчдадаа зөвлөхөд арьс ширэн эдлэл авахыг хүсвэл үйлдвэрлэгчдэд өөрсдөд нь хандах нь илүү чанартай байх нь. Бид өөрсдөө үүнийг ялгаж салгаж ойлгоод зогсохгүй гаднынхан болон жуулчдад бэлэг дурсгалын бус арьс ширэн эдлэл авбал ингэх боломжтой гэж зөвлөж бас болох нь байна. Энэ ялгааг мэдэхгүй тохиолдолд монголчууд юу ч хийж чаддаггүй юм байна лээ гээд манай улсын нэр муугаар гарна шүү дээ. Худалдан авагч гэдэг чанаргүй барааг арван хүнд муулдаг бол чанартайг нь гуравхан хүнд мэдээллэдэг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс энэ нь эрхэм хөтөч нарын үүрэг, ухамсраас ихээхэн шалтгаалах зүйл гэж үзэж ч болох.

“Only one” үйлдвэр нь Англи, Турк, ОХУ, БНХАУ зэрэг оронтой хамтын ажиллагаатай. Хэдийгээр уг үйлдвэр нь гаднын цөөнгүй оронд танигдсан хэдий ч эх орондоо олны танил биш байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлье, бараа бүтээгдэхүүнээ экспортлох, дотоодын зах зээлээ хангая гэхээр төр, засгийн дэмжлэг дутагддаг тухай Т.Энхтөр захирал ярьсан.Төр, засгаас дэмжлэг хүсэхээр нэлээд хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Энэ нь бодлого шийдвэр гаргагчдад тухайн салбарын талаар мэдлэг дутмаг байдагтай холбоотой аж. Тухайлбал, холбогдох дарга нарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэх гэхээр өмнөөс нь учиргүй том үйлдвэр яриад бэрхшээгээд байдаг зовлонтой гэнэ. “Уг нь үйл ажиллагаагаа өргөтгөнө гэдэг том том үйлдвэр барихдаа гол нь биш. Харин жижиг, дунд үйлдвэрээ дэмжих, эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх л хамгийн чухал. Гэтэл манай дарга нар барилга байшин бодоод явчих жишээтэй. Зарим нь танайх ажлын байр ихээр бий болгох ёстой гэдэг мундаг шаардлага тавих нь ч бий. Гэтэл ажлын байр бий болгохын тулд тухайн байгууллага маань үйл ажиллагаагаа тогтвортой явуулах хэрэгтэй биз дээ. Тогтвортой ажиллахын тулд ажилчдынхаа цалинг тавьж чадахуйц мөн ашиг олохуйц ажиллах ёстой. Гэтэл манайх том, жижиг ялгаагүй өндөр татвар ногдуулчихаар мөнөөх жижиг, дунд үйлдвэрүүд нь яаж ашигтай ажиллах билээ. Уг нь тэр их авсан татвараа эргээд энэ төрлийн байгууллагаа туслаж дэмжихэд зориулах учиртай. Гэтэл тэр тогтолцоо хаа байна” хэмээн Т.Энхтөр учирлалаа. Турк улсаар жишээ татахад л манайх шиг ийм арьс ширэн эдлэл хийдэг үйлдвэрлэлээ хөл дээрээ тоттол огт татвар ногдуулдаггүй байна. Тэгээд зогсохгүй тал бүрээс нь дэмжиж, зээлийг гар татахгүй өгдөг гэсэн. Гэтэл манайд үйлдвэр байгуулах гэсэн юм газар өгөөч гээд өргөдөл гаргахаар үгүй гэдэг хариулт өгөх жишээтэй.

Арьс ширэн эдлэлийн жижиг, дунд үйлдвэрийнхэн маань үйл ажилагаагаа өргөтгөх үүднээс хоёр жилийн өмнөөс өөрсдийн гэсэн холбоог байгуулжээ. Уг холбооны гүйцэтгэх захирлаар Энхтөр ажилладаг байна. Тус холбоо нь одоогоор 65 гишүүнтэй бөгөөд бээлий, сурагчийн цүнх, хүүхдийн гуталны эрүүл ахуй зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх саналтайгаа шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдод хүргээд буй аж. Түүний ярианаас үзэхэд, төр нь түмнээ дэмжинэ гэдэгт тэд итгэлтэй байна.
Тус үйлдвэр байнгын 10-аад ажилтантай бөгөөд захиалга эрс нэмэгдэх үеэр гэрээт ажилчид нэмж авдаг байна.

“Only one” үйлдвэр нь бусад салбатай нягт уялдаа холбоотой ажиллахыг хичээдэг. Жишээлбэл, аялал жуулчлалын “Жуулчин” компанитай хамтран ажилладаг гэнэ. Энэ нь тухайн байгууллагыг гаднынханд сурталчлаад зогсохгүй эх орноо ч гэсэн сурталчлахад нь тус дэм болдог байна. Мөн цагдаа нарт буу, гав, бороохойн гэр зэргийг нь хамгийн найдвартай бөх бат хийж өгдөг. Бас Бээжингийн олимпийн үеэр тамирчдадаа бүс хийж өгсөн ажээ. Тэдний хийж өгсөн бүсийг зүүгээд нэг бус олимпын медалийг эх орондоо авчирсанд тус үйлдвэрийн ажилчид ихэд бэлгэшээдэг аж. Тэд ярихдаа “Бүс гэдэг монгол түмний хийморь сүлдийн бэлгэдэл билээ. Хэрвээ тамирчид маань гаднын бүс зүүгээд явсан бол түүрүүлээ ч үү, үгүй ч үү” хэмээн хошигнон хэллээ.

Монгол хүн монголоороо гоёно оо гэж. Хэдийгээр үйлдвэрийн сурвалжлага ч гэлээ Ш. Гүрбазарын “Би Монголоороо гоёдог” гэдэг монгол хүний омогшлыг бадраах сайхан үгээр төгсгөлөө хиймээр санагдчихлаа. Тиймээ би, чи, та, бүгдээрээ захиалгын дагуу цорын ганцыг ч хийж өгөх боломжтой монгол брэндээрээ гоёцгооё.