Цунами

2011 оны 03.11. Газар хөдлөлт Токиогийн 15.00 цагт болсон болохоор баасан гаригийн хөрөнгийн захын арилжаанд нөлөөлж амжаагүй. Энэхүү аймшигт явдлын дараа Токиогийн хөрөнгийн бирж хаалгаа барьсан бол хэн ч гайхахааргүй байв. 2001 оны есдүгээр сард террорист халдлага болох үед Нью-Йоркийн арилжааны талбарууд нэлээд хэд хоногоор хаагдсан шүү дээ. Гэтэл япончууд ийм арга заль хэрэглэхгүй байхаар сэтгэл шулууджээ. Токиогийн хөрөнгийн бирж даваа гаригт ажилладгаараа л ажиллав. Үр дүнд нь Nikkei 225 индекс 6.2 хувиар буурсан нь 2008 оноос хойших хамгийн огцом уналт болсон юм. “Toyota”, “Mitsubishi”, “Honda”, “Sony” зэрэг Наран улсын урдаа барьдаг компаниудын үнэлгээ мэдэгдэхүйц доошилсон бол даатгалын “Tokio Marine” компанийн хувьцааны ханш 16 хувиар навс унасан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Японы зах зээлийн нийт үнэлгээ энэ ганц өдөрт 286 тэрбум ам.доллараар хумигджээ. Европ, Америк, Азийн голлох индексүүд ч Японд нүүрлэсэн гамшгийн улмаас уруудсан. Мягмар гаригт байдал бүр дордож, Nikkei 225 индекс 10 гаруй хувиар ахиад уналаа. Гэвч лхагва гаригаас Токиогийн хөрөнгийн үзүүлэлтүүд сэргэж эхэлсэн нь алдагдал хүлээсэн трейдерүүдэд “шархаа нөхөх” боломж олгосон гэлтэй.

Японы нийт үл хөдлөх хөрөнгийн 14-17 хувь нь газар хөдлөлтийн даатгалд хамрагдсан байдгийг “AIR Worldwide” компанийн мэргэжилтнүүд сануулаад, цунамигаас үүдсэн хохирлын нөхөн төлбөр 34.6 тэрбум ам.долларт хүрч магадгүйг мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, байгалийн гамшгийн нийт хохирлоос 34.6 тэрбум орчим ам.долларыг нь Японы төр засаг биш, олон улсын даатгалын компаниуд гаргах төлөвтэй. Үүнээс үүдэн “Allianz”, “Munich Re”, “Swiss Reinsurance”, “Hanover Re”, “Admiral”, RSA, “Prudential”, AIG зэрэг даатгалын томоохон компанийн хувьцааны ханш мэдэгдэхүйц урууджээ.

Газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцуудад нүүрлэсэн аюул... Ар араасаа хөврөх энэ бүх асуудлыг Наран улсын төр, засаг, ард түмэн хэрхэн эв нэгдэлтэйгээр, хамгийн гол нь хариуцлагатайгаар даван туулж байгааг бид харж байна. Цунами цөмийн эрчим хүчний салбарт ч сөргөөр нөлөөлөх нь нэгэнт тодорхой болсон. Байгалийн гамшиг нүүрлэх үед ямар ч найдвартай хамгаалалт хүчин мөхөстдөгийг дэлхий ажиглаж байна. Тийм ээ, япончууд 50 гаруй атомын цахилгаан станцынхаа нэгийг ч Чернобыль шиг болгочихгүй авч гарсан. Бөмбөрцгийн анхаарлын төвд ороод буй “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын дэлбэрэлт, үнэн худал нь мэдэгдэхээ байсан олон янзын мэдээлэл... Хэдийгээр Наран улс шуурхай арга хэмжээ авч, энэ асуудлын хор хөнөөлийг аль болох бага байхаар шийдвэрлэсэн ч цөмийн эрчим хүчний салбарт итгэх хүн төрөлхтний сэтгэлийг сэвтүүлэх талтайг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Тэнд цахилгаан станцууд дэлбэрлээ л гэнэ. Хэдхэн цагийн дараа эргүүлээд ашиглалтад оруулчихлаа л гэнэ. Ард иргэдээ аврах, тайвшруулах, нүүлгэн шилжүүлэх их ажлын хажуугаар сэргээн босгох, засварлахаа ч амжуулж яваа Японы эрх баригчид ямар чадварлаг, шуурхай арга хэмжээ авч байгааг хүн төрөлхтөн харж байна. Хэдэн зуун үйлдвэр хаалгаа барьж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, олон сая хүн усгүй, тоггүй амьдарч, төр засгаа царайчилж сууна. Засаг нь ч тэднийхээ итгэлийг алдсангүй. Эдийн засаг, бизнесийн салбараа ч гаргуунд нь гаргачихсангүй.

Японы Төвбанк эдийн засагтаа эхний ээлжинд 18 их наяд иен буюу 220 тэрбум ам.доллар оруулсан. Энэ ажиллагаагаа хэд хэдэн удаа давтан хийж, нийт 688.3 тэрбум ам.доллар “цутгаад” байгааг “Associated Press” дамжуулсан юм. Орон гэр, идэх хоол, өмсөх хувцсаа алдсан хүмүүс банкнаас хадгаламжаа татаад ирэхээр санхүүгийн салбарт аюул нүүрлэхээс сэргийлж байгаа нь энэ ажээ. Гэвч яаж ч шуурхай арга хэмжээ аваад хүч хүрэхгүй зүйл гэж бас бий. Гамшиг, сүйрлийн араас хөрөнгийн зах зээлийн савлагаа, валютын ханшийн хэлбэлзэл Японы эрх баригчдын “толгойны өвчин” болж буй.

“Их 7”-гийн эрх баригчид гуравдугаар сарын 18-нд хуралдахдаа иенийн ханшийг тогтворжуулах арга замыг эрэлхийлсэн юм. Наран улсад нүүрлээд буй хямралыг хамтдаа давахын тулд эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх долоон гүрний төлөөлөл ухаанаа уралдуулж байгаа нь энэ. Францын Сангийн сайд Кристина Лагард тухайн үед “Японы өрийн дарамтыг хэрхэн бууруулж болох талаар бид хэлэлцэж байна” хэмээн учирлажээ. Эдүгээ эдийн засгаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Наран улсын өрийн хэмжээ ДНБ-ээсээ хоёр дахин давсан байгаа. Байгалийн гамшиг энэхүү үзүүлэлтийг улам ч цойлоход хүргэж буй нь нууц биш.

Ямартай ч Японы ард түмэн сэргээн босголтын ажилдаа ханцуй шамлан ороод буй. Энэ нь хэзээ дуусахыг хэлэхэд хэцүү. Гэхдээ усанд урссан байшин барилга, зам, гүүрийг шинээр бий болгохын тулд асар их хэмжээний бетон, асфальт, металл хэрэг болж таарна. Үүнээс үүдэн дэлхийн зах зээл дэх таваарын үнэ өсөх хандлагатайг “UFG Wealth Management” компанийн шинжээч Антон Толмачёв тэмдэглэжээ.

Газар хөдлөлт, цунамигийн үр дүнд Японы ДНБ-ий өсөлт буурна, гэхдээ энэ нь тур зуурын байх хандлагатай гэж Дэлхийн банк таамаглаж байна. “Зүүн Азид Япон улс чухал байр суурь эзэлдэг учир энэхүү эмгэнэлт үйл явдлын үр дүнг бүс нутаг мэдрэх нь дамжиггүй. Гэвч гарах хор хохирлыг зөв тодорхой үнэлэхэд хэтэрхий эрт байна” хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүн эдийн засагч Викрам Неру онцолжээ. 1995 оны Кобегийн газар хөдлөлтөөр жишээ татан үзвэл Японы худалдааны бууралт хэдхэн улирал үргэлжилж, нэг жилийн дотор импорт нь бүрэн сэргэж, экспорт газар хөдлөлтийн өмнөх түвшнийхээ 85 хувьд хүрсэн юм. Гэхдээ энэ удаа, үйлдвэрлэлийн сүлжээ, тэр дундаа авто машин, электроникийн үйлдвэрлэлийн тасалдал бэрхшээл үзүүлсээр байх талтайг Дэлхийн банк анхаарууллаа.