Цөлжилтийн асуудлыг гаднынхантай хамтран хэлэлцэж байна

Манай орны нийт газар нутгийн 72,5 хувь нь дундаас дээш хэмжээгээр цөлжилтөд өртсөн талаар “Гео экологи”-ийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн эрдэмтэд тогтоосон байна. Хэрвээ бид цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахгүй оройтвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, улаан элс болон хувирах талаар сануулж байна. Судлаачдын үзэж байгаагаар, цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийн дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч байгаа аж. Тухайлбал, хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас үүдсэн цөлжилт давамгайлж байна.

“Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулах арга зүй ба газрын доройтлыг үнэлэхэд олон улсын аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 5-7-нд болж байна. Тус семинарын гол зорилго нь 2010 онд Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бүс нутаг бүрийн газрын доройтлын онцлог шинж, хурдац зэрэгт үндэслэн аймгуудын “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр” боловсруулж байгаа аж. Аймгууд уг хөтөлбөрөө боловсруулж дуусаж байгаа тул дээрх уулзалтаар, хөтөлбөр боловсруулахад тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар голчлон хэлэлцэж байгаа аж. Гурав хоног үргэлжлэх уг сургалтад илтгэл тавихаар АНУ-ын Хөдөө аж ахуйн департментийн доктор Брандон Бестелмейер, Хөрс судлаач Жастин Ван Зий, НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч Томас Эриксон, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Феллманн нар урилгаар иржээ. Тус мэргэжилтнүүд цөлжилт нь эдийн засаг, хүн зоны амьдралд шууд хамааралтай асуудал гэдгийг онцолж байлаа.

“Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн нарийн бичгийн дарга Д.Баярбат “Манай орны 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөөд байгаа өнөө үед гадаад, дотоодын мэргэжилтнүүд ирж илтгэл тавьж, сургалт явуулж байгаа нь сайн хэрэг юм. Бид сургалт болон илтгэлүүддээ цөлжилтөд ихээхэн нөлөө үзүүлж байгаа бэлчээрийн даацыг хэрхэн зөв зохистой ашиглах, сэргээх мөн цөлжилтийн эсрэг авч байгаа арга хэмжээ, үр дүн гээд олон асуудлаар хэлэлцэж байна. Гаднын мэргэжилтнүүд Монгол Улс бэлчээрийн даацыг хэтрүүлж, зохисгүй ашиглаж байна гэдгийг илтгэлүүддээ дурдсан. Энэ асуудалтай холбоотойгоор НҮБХХ-ийн “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төсөл одоогоор нэлээд амжилттай явж байгаа. Мөн орон нутгийн иргэд өөрсдийн санал санаачлагаар мод тарихаас эхлээд олон ажил хийж эхлээд байна” гэв.

Манай орны хувьд цөлжилтөд нөлөөлж буй таван гол шалтгаан байдаг аж. Үүнд, Бэлчээрийн талхагдал, Тариалангийн газрын зохисгүй ашиглалт, ойн нөөцийн зүй бус ашиглалт, цэвэр усны хомсдол, техникийн үйл ажиллагаа буюу уул уурхайн ашиглалттай холбоотой асуудал багтдаг юм байна. Өмнөговь аймгийг төлөөлж уг сургалтад ирсэн Б.Должидмаа “Манай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжөөд байна. Үүний гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой гээд томоохон ордуудын ашиглалт эхэлсэнтэй холбоотой. Тэр дундаа хөрс хуулалт, нүүрсний замын тоосжилт зэргээс шалтгаалж цөлжилт хурдацтай явагдаж байна. Учир нь говийн бүсийн нутаг бороо хур бага ургамлын тоо, зүйл ангийн хувьд харьцангуй цөөн байдаг учир дахин сэргээгдэх боломж муу байдаг” гэсэн юм. Мөн уул уурхайн ашиглалтаас гадна уур амьсгалын өөрчлөлт, элсний нүүлт, усны хомсдол зэрэг асуудал цөлжилтөд нөлөөлж байгаа талаар хуралд оролцогчид мөн хэлж байлаа. Эдгээр шалтгааны улмаас манай орны цөлжилтөд нэн хүчтэй өртсөн газар нутагт Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговь зэрэг нийт 145 сумын төв, суурин газар элсний нүүдэлд ихээхэн өртсөн байна. 2011 онд хэвлэгдсэн “Цөлжилттэй тэмцэх ажилтны гарын авлага” номд дурдсанаар шороон шуургатай өдрийн тоо нийт нутгаар 3-4 дахин ихэсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр шороон шуургатай болж нэмэгдсэн байна. Мөн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад нийт 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур, тойром устаж үгүй болсон байна.

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай малчдын хувьд жилийн дөрвөн улиралд нүүдэллэж ирсэн уламжлалтай. Үүнээс улбаатай бэлчээр газрыг хэрхэн зөв ашиглах талаар Монгол түмэн арвин туршлагатай. Гэтэл сүүлийн үед энэ уламжлал алдагдаж байгаа аж. Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Л.Болор-Эрдэнэ “Манай малчид бэлчээрийн даац хэтрүүлэх нь элбэг болсон. Учир нь, зах зээлийн нийгэмд ашиг олох гэсэн эрмэлзлэл нь малаа хэт өсгөх сонирхлыг бий болгож байна. Саяхан гаргасан нэг судалгаанаас харахад Монгол Улсын нийт бэлчээрийн даац 32,5 хувиар хэтэрсэн байсан. Тиймээс мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах нь чухал. Бэлчээрийн зөв ашиглалттай холбоотой мах бэлтгэл, малын гаралтай түүхий эдийн худалдаа гээд олон асуудлыг давхар шийдэх хэрэгтэй. Ер нь бид өнөөдөр цөлжилт, бэлчээрийн даац хэтэрч байгаа болон усны нөөц гээд олон талын асуудлыг хөндөж байна. Эдгээр асуудал нь хувь хүн, байгаль эх, эдийн засаг, улс төртэй хүртэл холбоотой юм. Энэ байдлаараа удаан яваад байвал малчид болоод монгол хүн бүрийн хувьд атга шороо амины үнэтэй болно. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Тухайлбал,“Тогтвортой амжиргаа төсөл”-ийн хүрээнд бэлчээрийн ургацын даацын тухай судалгааны ажлыг хийгээд дуусах шатандаа явж байгаа” гэлээ. Мөн хувь хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах талаар зөв ойлголт, өөрсдийн гэсэн шинэ санаа санаачлагыг гаргах хэрэгтэй талаар хүн бүр санал нэгтэй байлаа. Адаглаад хүн бүр нэг мод тарьж, ургуулах мөн аль болох авто машинаар явахгүй байх, энгийн гэрлийг өдрийн гэрлээр солих зэрэг арга хэмжээг авч болох талаар дурдлаа. Тухайлбал, нэг мод нь амьдралынхаа туршид нэг тонн нүүрсхүчлийн хийг өөртөө шингээдэг байна. Мөн өдрийн гэрэл нь энгийн гэрлийг бодвол жилдээ 136 кг нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдахаас сэргийлдэг ажээ.