Цөмийн пуужинг хүнс болгохоор хэлэлцэж байна

Одоогоос гурван жилийн өмнө Хойд Солонгос НҮБ-ын цөмийн зэвсэг шалгагчдыг хөөн гаргаж байжээ. Тэгвэл тус улсын Засгийн газар НҮБ-ын атомын “хоточ ноход”-ыг өөрийн оронд дахин нэвтрүүлэх болсныг томоохон мэдээллийн агентлагууд болох BBC, CNN мэдээлжээ. Мөн энэ асуудлаар Олон улсын цөмийн энергийн холбоо (IAEA) Пхеньянаас албан ёсны хүсэлт гаргасан захидал энэ сарын 16-нд хүлээн авч, нарийн асуудлуудыг хэлэлцэж буйгаа мэдэгдсэн байна. Хоёр тал хүсэлтийг хэрэгжүүлэхээр тогтвол Америкаас 240,000 тонн хүнсний тусламжийг Хойд Солонгос руу илгээхээр зэхэж байгаа аж. Хүнсний тусламжийн хэлэлцээрийг энэ сарын эхээр Америк болон Хойд Солонгосын талууд харилцан зөвшилцөөд байсан юм. Уг шийдвэрийг Ким Жон Илийг нас барсанаас гурван сарын дараа буюу түүний хүү, одоогийн удирдагч, Ким Жон Ун гаргасан билээ. Гэсэн хэдий ч Хойд Солонгос туршилтын цөмийн пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар Пхеньянаас мэдэгдэл хийсэн нь тус улсын олон улстай хийх гадаад хамтын ажиллагааг “сүүдэртүүлж” байсан юм.

Хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөсөн тохиолдолд энэ нь Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүй байдлын журмыг ноцтойгоор зөрчихийн зэрэгцээ Америктай хийсэн тусламжийн хэлэлцээрийг зогсооход хүргэх аж. Америкийн албаныхан тус улсын пуужин хөөргөх төлөвлөгөөг “өдөөн хатгалт” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Вена хотод төвтэй Олон улсын цөмийн энергийн холбооноос Пхеньян хотод айлчлал хийх магадлал бий тухай ч мэдэгдээд байгаа. Харин Олон улсын цөмийн энергийн холбоо (IAEA)-ны төлөөлөгч Гилл Тюдор Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ “Одоогоор баттай шийд гараагүй байна” гэжээ. Энэ талаар BBC агентлагийн сурвалжлагч Бетанни Бэлл “Олон улсын цөмийн энергийн холбоо (IAEA) шалгалтыг хэр хугацаанд хэрхэн хийх талаар мэдэгдээгүй учир асуудал тодорхойгүй байна” хэмээн мэдээлжээ.