Цөмөөр тэргүүлэх үү?

Өнгөрсөн онд Японд болсон байгалийн гамшгийн улмаас Фукүшима Дайчи цөмийн станцад дэлбэрэлт гарсан нь цөмийн эрчим хүчний аюулыг дэлхий нийтэд дахин сануулсан билээ. Харин Хятад улс зогсонги байдал ороод байсан цөмийн энергийн салбарыг аясын салхиар илбэх гэнэ.

Хятад улс нэг жилийн турш хойшлуулаад байсан цөмийн шинэ төслөө хэрэгжүүлэхээр зэхэж буйг Financial Times мэдээлсэн байна. Тус улсын Засгийн газар 2020 оны цөмийн стратегиа батлан шинэ стандартыг нэвтрүүлэх тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн улсдаа ашиглаж буй цөмийн энергийн станцуудад хяналт явуулж дууссан байна. Фукүшима Дайчи цөмийн реакторын дэлбэрэлтийн дараагаар Хятад улс цөмийн шинэ станц ашиглалтад оруулах асуудлыг хойшлуулаад байсан ч аюулгүй байдлыг судалгаа болон шинэ хууль, журам гаргах асуудлаа үргэлжүүлж байсан юм.

Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох урд хөрш цөмийн үйлдвэрлэлийн ирээдүйн гол шийдвэрлэгч юм. Дэлхийн цөмийн реакторын бүтээн байгуулалтын 40 хувийг бүрдүүлэгч тус улсын Засгийн газар эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох зорилтыг тавиад буй гэх таамгийг цөмийн салбарынхан дуу нэгтэй хэлж байгаа юм. “Цөмийн станц барих шил шилээ дагасан төслүүдийг Хятадын Засгийн газар дэмжсээр байгаа нь цөмийн салбарт монопольчлох нэг хэлбэр байж болох ч нөгөө талаар асуудал дагуулах аюултай” хэмээн цөмийн эрчим хүчний шинжээч Гуо Шоу хэлсэн байна.

Тус улсын удирдлагуудын хэлж буйгаар цөмийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр холбогдох салбаруудад шинэ ажлын байр бий болох төдийгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах нөхцөл болох аж. Хятадын Засгийн газар эдийн засгийн уналтыг хазаарлахын тулд боломжит бүх аргыг хэрэглэж байгаа ч цөмийн үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх талаар огт дурдаагүй. Хятад улсад эрчим хүчний дийлэнх хувийг нүүрс шатаагч станцуудаас авдаг бол сүүлийн жилүүдэд Бээжин хотноо нар, салхи, усан болон цөмийн цахилгаан станцуудыг түлхүү ашиглах болсон нь чулуулаг түлшний эрчим хүчийг “халах” эрмэлзлэлийн нэг илрэл аж. Түүнчлэн урд хөрш 2020 он гэхэд 60 гегаваттын хүчин чадалтай цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох зорилго тавьсан тухай албаныхан мэдээлсэн. Ингэснээр Хятад улс энэ салбарт Франц улстай эн зэрэгцэх юм.

Өнгөрсөн онд болсон цөмийн гамшгаас үүдэн Европын зарим улс цөмийн энергийн асуудлыг цуцлах, эсвэл хойшлуулах шийд гаргасан. Гэвч Хятад болон бусад хөгжиж буй эдийн засагтай орон энэ асуудалд тууштай хандах тухайгаа удаа дараа мэдэгдэн улмаар дэлхийн цөмийн чиг хандлагыг идэвхжүүлж байна. Цөмийн аюулгүй байдлыг хангах шинэ хууль дэлхий дахинд цөмийн дэвшилтэд технологийг бий болгох, нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн шинжээчид үзэж байгаа билээ. Тухайлбал, урд хөршийн захиалгаар Францын Авера болон Америкийн Вестингхаус зэрэг компанийн хамтран барьж буй цөмийн станц нь дэлхийн цөмийн технологийн дэвшлийг харуулах гэнэ. Хятадын цөмийн салбарынхан өөрсдийн нөлөөг хилийн чандад нэвтрүүлэх хүсэлтэй байгаа аж.

“Pillsbury” хуулийн байгууллагын цөмийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Жорж Боровас хэлэхдээ “Техник, туршлага болон тус улсын Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг Хятад улсыг дэлхийн цөмийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч болох зорилгод нэг алхам ойртуулж байгаа” гэсэн юм. Тэрбээр “Хятадын компаниуд дэлхийн зах зээлд урьд өмнө байгаагүйгээр хүч түрэн орж ирэх болсон” гэв.

Хятад улсын Засгийн газар мэдээлэхдээ тус улсад үйл ажиллагаа явуулж буй цөмийн реакторуудын заримыг шинэ журмын дагуу нэн даруй шинэчлэх шаардлагатай, ингэхдээ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанарын өндөр түвшинд авах гэнэ. Мэдэгдлийг өнгөрсөн сарын 31-нд олон нийтэд түгээсэн ч шинэ журам хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөхийг тодорхойлоогүй юм. Тус мэдэгдэлд 2020 оны цөмийн энергийн төлөвлөгөө болон аюулгүй байдлын шинэ стандартын тодорхой заалтуудыг дурдаагүй боловч олон нийтэд ойрын хугацаанд мэдээлнэ хэмээн тус улсын Зөвлөх хорооноос онцолсон байна.