Ц.Батсүх: Өрхийн төсөвт хэт анхаарвал улсын төсөвтэйгээ хамт “шороодно” шүү

СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ц.Батсүхтэй ярилцлаа.

-Эдийн засгийн хөгжлийг залах шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилд ямар бэрхшээлтэй нүүр тулах бол. Ер нь манай улсын эдийн засгийн эрүүл мэнд ямар байна вэ?
-Монголд макро эдийн засгийн тогтвортой бодлого алга. Бодлого байхгүй учраас л эдийн засгийг эрүүл гэж оношлоход хүндрэлтэй. Нэг үгээр хэлбэл, бодлогогүй эдийн засаг урагшаа мөлхөж байна. Намууд өнгөрсөн 2008 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд эдийн засгийн өчүүхэн амжилтаа тавиад туучихлаа. Хэлбэр талаасаа сонгуулийн амлалт биелсэн. Гэхдээ, үр өгөөжтэй, бодитой эдийн засгийн өсөлт байсангүй. Өнөөдөр амлалтаа биелүүлсэн мэт өнгөн дээрээ харагдавч асар их өрийг хойч үедээ, дараагийн Засгийн газарт, Монголын эдийн засагт үлдээлээ. Магадгүй, улстөрчид өөрсдийнхөө юу хийснээ, юуг үгүйсгэн байж үр дүнд нь эдийн засагт ямар том хохирол авчирсан болохоо хожим ойлгох болов уу. Мэдээж, үлдэж буй өрийг нь татвар төлөгч бид л төлнө.

-Өнгөрсөн онд гарсан эдийн засгийн өсөлтөө энэ оны төгсгөлд хадгалж чадах болов уу?
-Сонгуулийн өмнө бодит эдийн засгийн үйлдвэрлэл ахицтай байдаггүй. Ер нь сонгууль болсон тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахаар өсөлт нь өндөр бус харин ч эсрэгээрээ. Бодит үйлдвэрлэл буурдаг тул төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ багасдаг. Шинэ Засгийн газрын хувьд нэлээд хүнд төсвийг хүлээж авах болов уу. Шинэ Засгийн газар баяр наадам, намар гэж хойшлуулахгүйгээр мөрийн хөтөлбөрөө тодотгож, эдийн засгаа засахад анхаарч ажиллаж эхлэх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар эдийн засгийн өсөлтөө хамгаалж, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд амрах эрхгүй ажиллах хэрэгтэй. Сонгуулийн дараа эдийн засгийн өсөлт буурсан байдаг. Тиймээс нийлүүлэлтийн талын бодлогыг дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нийлүүлэлтийн бодлогыг орхигдуулсан шүү дээ. Жишээ нь, ирэх дөрвөн жилд дөрвөн томоохон үйлдвэр шинээр барих хэрэгтэй. Тэр үйлдвэрт нь 400 хүн ажилд орвол энэ бодит өсөлт болно. Мөн сангийн үр ашигтай, үр дүнтэй бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс уул уурхайгаас орох татварын орлогоо тодорхой санд хуримтлуулж, түүгээрээ бусад үйлдвэрлэлийн салбартаа хөрөнгө оруулж, дэмжих хэрэгтэй байна.

-Өнөөдөр тооцож үзээгүй ямар эрсдэл байна вэ?
-Инфляцийн одоогийн түвшин, эдийн засгийн халалтыг үзэхээр манай эдийн засаг бат бөх суурьгүй юм байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт бодитой бус, чанаргүй тоон өсөлт байсан гэж хэлж болно. Үнэхээр бодитой, баталгаатай байсан бол өдийд бид тэвдэхгүй шүү дээ. Нэг ёсондоо бат суурьгүй, өнгөц төдий өсөлт байсан нь өнөөдөр батлагдаж байна. Цаашдаа энэ байдал макро эдийн засгийн бодлогод асар том нөлөө үзүүлнэ. Эдийн засагт их эрсдэлийг дагуулах шинж ч харагдаж байна.

-Тухайлбал, макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Төсвийн орлого багасахаар одоогийн хэрэгжиж буй татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх. Уг нь татварын нэг шатлалт тогтолцоо хамгийн зөв зүйл рүү биднийг хөтөлсөн гэж боддог. Нийт татвар төлөгчдийг ямар ч ялгаварлалгүй болгож, тэгш татварын тогтолцоо үйлчилсэн. Гэтэл одоо их орлоготойгоос нь их татвар, бага орлоготойгоос нь бага татвар авна гэсэн шатлал бүхий ялгааг гаргаж ирэхээр ярьж байгаа нь макро эдийн засагт нөлөөлнө.
Өнгөрсөн үед орлогын хэмжээгээр шатлалтай өсөн нэмэгдэх татвар тогтоосноос болоод аж ахуй нэгжүүд жижгэрсэн. Ихэнх том аж ахуй нэгж бага татвар төлөх гэж нэг компани л гэхэд 10 жижиг аж ахуй нэгж болон хувирсан. Нэг талаасаа энэ нь аж ахуйн нэгжийн хүчийг сулруулсан бодлого болсон.
Харин өнөөдөр адилхан том жижиг гэлтгүй ижил түвшний татвар ногдуулж байна. Бүгдэд нь 10 хувийн орлогын татвар тавихад бага орлоготой иргэний татвар бага л байна гэсэн үг. Их орлоготой их нь их төлнө. Гэтэл одоогийн яриад буй их, багын татвар эцэстээ эдийн засагт далд эдийн засаг хөгжих үндсэн шалтаг болохыг үгүйсгэх аргагүй. Мэдээж, төсвийн орлогогүй болоод ирэхээр хуульд өөрчлөлт оруулж мэднэ. Энэ нь эдийн засгийн суурийг ганхуулахад том нөлөө болно.

-Тэгвэл эдийн засгийн эрсдэл нь юу вэ?
-Бид “Их өр” гэдэг шиг их өртэй болж хувирлаа. Энэ өрийг бид л төлж таарна. Улсын эрсдэл гэж байдаг. Засгийн газрын өрийн тодорхой хувь нэмэгдэж байна. Энэ утгаар нь авч үзвэл, олон улсын рейтинг тогтоодог компаниуд манай улсын эрсдэлийн түвшинг буулгах мэдээ хийж болзошгүй. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын зээлжих эрхийг буулгаж мэднэ. Буулгасан тохиолдолд эрсдэл гарна. Энэ нь олон улсын зах зээлд бонд гаргаж хөрөнгө босгох Хөгжлийн банкны зорилтыг үгүй хийж ч болох юм.

-Магадгүй, манай улсын үнэлэмжийг бууруулсан тохиол­долд Хөгжлийн банкны бондыг худалдан авах хөрөнгө оруулагчдын сонирхол хэрхэх бол?
-Эрэлт багасна гэсэн үг. Засгийн газар асар их итгэлтэй байж олон улсын санхүүгийн зах зээлд өөрийн улсын бондоо амжилттай худалдаж хөрөнгө босгоно шүү дээ. Манайд ийм итгэл алга. Одоо гаргалаа гэхэд эрсдэлтэй болчихлоо. Эдийн засгийн нөхцөл байдлыг одоо бид дүгнэх бус олон улсын түншүүд ажиглаж суугаа шүү дээ. Тэд мэдээж, эрсдэлээ тооцно. Хөгжлийн банк 10 жилийн хугацаатай бонд гаргалаа гэхэд хүмүүсийн худалдан авах эрэлт хамаагүй багасна. Учир нь Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөрөнгө оруулагчид аль эрт тооцоод үзчихсэн байгаа.

-Монгол Улс дотоод эдийн засгийн хямралтай байх нь гэсэн дүгнэлт хийж болох уу?
-Дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ гадаад эдийн засагт хүчтэй сэргэлт гарахгүй бол манайх дотооддоо тодорхой хэмжээний хямралын шинж тээнэ.

-Цаашид бат суурьтай, эдийн засгийн өсөлттэй болохын тулд шинэ Засгийн газар, Монголбанк ямар бодлого хэрэгжүүлбэл урьдынхаас илүү амжилттай байх бол?
-Бат суурьтай эдийн засгийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн том суурьтай эдийн засагтай байх ёстой. Ямар ч нөхцөлд хөдөлгөөн багатай, бодит агуулгатай, тогтсон тодорхой бодлоготой байснаар урт хугацаандаа манайх тогтвортой хөгжинө. Тиймээс тодорхой хэмжээний үйлдвэржилт явуулах хэрэгтэй. Ингэж байж бат суурьтай эдийн засагтай болно. Тиймээс үйлдвэржүүлэлтийн эдийн засгийн бодлого руу Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө чиглүүлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар манайд Голланд өвчинтэй эдийн засгийн ерөнхий шинж бүрдээд байна. Эдийн засгийн бүх нөөц зөвхөн уул уурхайн салбарт шингэж байна. Энэ нь бусад салбарт орох хөрөнгө оруулалтыг шахаад гаргачихаж байна гэсэн үг. Нэг талаасаа, хөрөнгө оруулагчид аль болох ашигтай салбарт л хөрөнгө оруулахыг хүснэ. Тэр нь өнөөдөр манайд шинжлэх ухаан, мөн үйлдвэрлэлийн дэд бүтцэд бус уул уурхайн салбар болж байна. Үндсэндээ боловсруулах үйлдвэрийн салбар устаж байна гэсэн үг. Боловсруулах үйлдвэрийн салбар хоёр нөлөөгөөр шахагдаж байна. Нэгдүгээрт, дотоодод эдийн засагт үүссэн өгөөжит салбарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт шууд шилжиж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн гадаад зах зээлтэй өрсөлдөж чадахгүй, импортын бараанд шахагдах болсон. Энэ байдлаараа явбал 2-3 жилийн дараа боловсруулах үйлдвэр гэж байх юм уу даа. Осолдохгүй дулааны цахилгаан станц, эрчим хүч нь үлдэнэ байх. Бусад нь мэдэхгүй.

-Шинэ Засгийн газар боловс­руулах үйлдвэрийн салбарт дор­витой хөрөнгө оруулж, бодит үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгож болох уу?
-Болно. Ийм зорилгын төлөө л шинэ Засгийн газар тууштай ажиллах хэрэгтэй. Түүнээс иргэдийн халаас руу өнгийсөн халамжийн бодлогоор улс хөгжихгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа шүү дээ. Нэг үгээр хэлбэл, төр нь төр шиг л байх хэрэгтэй. Түүнээс өрхийн төсөвт хэт анхаарал хандуулаад байвал улсын төсөвтэйгээ хамт өрхийн төсөв нь “шороодно” шүү гэдгийг анхааруулмаар байна.

Инфляцийг үндэс суурьтай нь устгая гэвэл...

-Монголбанк нэгэнт халсан эдийн засгаа хөргөхийн тулд ямар сөрсөн бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй байх вэ?
-Монголбанкны мөнгөний бод­логоо чангалж байгаа нь өөрийнх нь зорилготой л холбоотой. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг буулгахгүй, ямар нэгэн аргаар барьж байх үүрэгтэй. Инфляцийг аль болох бага түвшинд барих. Нөгөө талд нь тэлэх бодлого явуулж буй нөхцөлд эдийн засгийг тоормослуулахын тулд Монголбанк бүхий л аргыг хэрэглэх ёстой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд Монголбанк сайн ажилласан. Хэрэв муу ажилласан бол бэлэн мөнгөнд живсэн эдийн засаг тун тааруухан байх байлаа. Магадгүй, одоогийн түвшинд байхгүй байсан биз. Инфляцийг тодорхой түвшинд хадгалж чадлаа.
Гэхдээ Монголбанк заримдаа өөрийнхөө бодлогыг сөрсөн алхам хийж байгааг нь хараад гайхдаг. Тэр нь Засгийн газарт зээл олгож, зах зээлд нийлүүлэх бэлэн мөнгөний амыг нээсэн явдал. Мөнгөний нийлүүлэлтийг сууриар нь ихэсгэх үндсэн шалтгаан нь энэ. Бэлэн мөнгийг гүйлгээнд гаргах хоёр арга бий. Нэг нь Засгийн газар зээл өгч гаргадаг, нөгөө нь Төвбанк алт худалдаж аваад, худалдаж авсан алтаа мөнгөжсөн алт гэж бүртгээд түүнийхээ оронд тийм хэмжээтэй дүйцэхүйц мөнгийг гүйлгээнд гаргадаг. Үүнийг дагаж бодитой гүйж буй цаасан мөнгөний хэмжээ нэмэгдэж байдаг. Тэр нь хадгаламжаар дамжаад банкны үржүүлэгчээр мөнгө өсөх ийм л зам байгаа.
Төвбанк Засгийн газарт мөнгө зээлж байгаа бол мөнгөний нийлүүлэлтийг сууриар нь ихэсгэж байна гэсэн үг. Нэг талаасаа хумих бодлого явуулаад байгаа боловч цаанаа магадгүй дэмжих бодлого байгааг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд Төвбанк үнэхээр хатуу байр суурьтай байвал Засгийн газарт зээл олгох ёсгүй. Өөрөөр хэлбэл, нэг гараараа могой барьж болохгүй юм аа.

-Инфляци 17.5+... гэсэн хүлээлт байна. Гэхдээ инфляцийг аль хэдийнэ 20 давсан хэмээн зарим эдийн засагч хэлэх болсон. Тэгвэл бат суурьгүй эдийн засагт 20 давсан инфляци хэрхэн нөлөөлөх вэ?
-Манайд эрэлтийн хэт тэлэлт, түүнийг дагасан нийлүүлэлтийн хомсд­лоор далимдуулсан өндөр инфляци бий болж байна. Улирлаар нь аваад үзэхэд инфляци ирэх сард Улаанбаатарт буурсан үзүүлэлт­тэй гарч мэднэ. Инфляцийг буу­руулах хоёр төрлийн арга бий. Нэгдүгээрт, гал унтраах арга. Энэ нь эрэлтийг хязгаарлаж, бараг хүнийг мөнгөгүйжүүлж байгаад инфляцийг бууруулж тогтоон барих. Энэ талын аргыг Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хумих, бодлогын хүүгээ нэмэх байдлаар авч ирлээ. Олон улсын валютын сангаас гал унтраах чиглэлийн заавар их ирдэг. Тиймээс ОУВС-гийнхныг чинь галт унтраагчид гэж нэрлэдэг. Инфляци буурахгүй өсөөд байхаар нь эрэлтийг хааж байгаад унтраадаг гэсэн үг л дээ. Үүний цаана буй инфляцийн эх сурвалжийг устгаж байна гэвэл үгүй.
Инфляцийг унтраахад чиглэсэн цацсан ус нь эдийн засгийг нийтэд нь унтраах эрсдэлтэй. Инфляцийг ул суурьтай нь устгая гэвэл Монгол Улс эдийн засагтаа бүтцийн томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, нийлүүлэлтийн тэлэлтийг бий болгосноор инфляци эх сурвалжаараа алга болно. Энэ нь тийм ч амар хийх ажил биш. Харин гал унтраах арга бол хурдан. Гэтэл бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг урт хугацааны асуудал. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх чиглэлээр үндэсний сайн төлөвлөгөө байх ёстой. Түүнийгээ хэрэгжүүлсэн тохиолдолд бодит инфляцийн түвшин буурна.

-Хамгийн өндөр зарлагатай данхайсан төсвийг хуучин УИХ баталсан. Гэтэл төсвийн орлого нь алдагдалтай хэвээр ирэх намрыг угтах нь. Тиймээс одоогийн Засгийн газар, УИХ төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх бол?
-Магадгүй ирэх есдүгээр сард улсын төсөвт тодотгол хийнэ байх. Дөнгөж байгуулагдаж буй Засгийн газар, УИХ амлалт биелүүлэхээс илүүтэй хариуцлага бодож, төсөвт тодотгол оруулна гэж харж байна. Зарлагаа нэмнэ гэхээсээ илүүтэй, танасан байдлаар төсөвт хандах болов уу.

-Махны, орон сууцны үнэ өсөхөөр... дагаад эдийн засаг хөдлөнө. Ийм л хүлээлтээр эдийн засгийг удирдаад байна уу, эсвэл их хүлээлт эдийн засгийн эрх чөлөөг эвдээд байна уу. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Эдийн засгийн үйл хөдлөл бол хүмүүсийн бодож байгаа бодол дээр л тулгуурлаж хийдэг зүйл. Бодол нь нөхцөл байдлыг дүгнээд хүмүүсийн хийж байгаа үйл хөдлөл болно. Түүнийг л бид эдийн засгийн онолд хүлээлт гэж нэрлэдэг. Эдийн засаг өндөр хувиар өснө. Орлого нэмэгдэнэ, эдийн засаг өсөлттэй харагдаж байгаа бол хүмүүсийн хүлээлт хувь хүнд эерэг нөлөөтэй. Харин эдийн засагт асар том дарамттай. Энэ нөхцлийг манайх сөргөөр ашиглаж, үнэ нэмэх суурь нөхцөл болгон ашиглаж байгаа нь эргээд амьжиргааны түвшин буурах, ядуурал нэмэгдэх, инфляци өсөх, улсын хөгжил удааширах хэтийн нөлөө үзүүлж байна.
Хамгийн харамсалтай нь хэт их ашгийн төлөө үнийг шалтгаангүйгээр нэмж байгаа нь монголчуудын амьдралын түвшин мөддөө сайжрахгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, олон хүний итгэл найдварыг бөхөөж байна. Олуулаа хөгжихийн тулд зохистой бодлого, хэмжээтэй үнийн өсөлт байх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, гадаад орчин таагүй байвал хүлээлт сөрөг гарч, хүмүүсийн хүлээлт эсрэгээрээ эргэдэг. Хүлээлт эргэсэн тохиолдолд зарим нэг хүмүүс нөөцлөлтийн сэтгэхүйтэй ч болж магадгүй. Гурил, будаагаа худалдаж аваад хадгалах. Энэ нь худалдаа хийж буй хүмүүст үнэ нэмэх өөр нэг шалтгаан болдог.

-Үнийг манайх яаж тогтоогоод байна вэ. Бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдээгүй байхад үнэ өсөж л байдаг тийм баян орон манайх мөн үү?
-Эдийн засгийн агуулгаараа үнэ гэдэг хоёр зүйлийн хооронд тогтож байдаг эд. Нэг талаасаа хүмүүсийн тухайн бараа бүтээгдэхүүнд хан­даж байгаа үнэлэмж буюу цэвэр сэтгэлзүйн асуудал. Хүмүүс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахын төлөө хэдий хэмжээний мөнгө төлөх хүсэлтэй байна гэсэн ийм ойлголтоос тухайн бүтээгдэхүүний үнэ тогтож байдаг. Хүмүүсийн орлогыг нэмээд өгвөл гар нь суларч, орлогын нэмэгдэл нь тухайн бараа бүтээгдэхүүний төлөө мөнгөө төлөх хүслийг нь нэмэгдүүлдэг. Тэгвэл, үнийг дороос хязгаарлаж байдаг зүйл бол үйлдвэрлэлийн зардал буюу өртөг.
Нэг талаас нийлүүлэгчээс гарч ирдэг өртөг зардал, нөгөө талаас тухайн бараанд хүмүүсийн хандаж байгаа үнэлэмж хоёрын дундаас үнэ тогтдог гэж хэлж болно. Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өртөг нэмэгдсэн үед үүнийг нийлүүлэлтийн инфляци буюу зардлын инфляци ч гэж нэрлэдэг. Энэ бол үнийн бодит өсөлт. Гэтэл манайд үнийг эрэлтийн инфляци хөтөлж яваад байна. Хүмүүсийн төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээ нэмэгдсэн учраас үнийг хөөрөгддөг. Бид эрэлтийн инфляциар удирдагдаж байна. Эдийн засагт цалин өснө, тэт­гэвэр нэмэгдэнэ, бэлэн мөнгө тараа­на гэхээр хүмүүсийн бараа бүтээгдэхүүний төлөө төлөх мөн­гөний хэмжээ нэмэгдэж байдаг. Гэтэл үүнийг нь далимдуулж, эрэлт нийлүүлэлтийн заагаар үнэ тогтох атал эрэлттэй тулгуурлаж наймаачид үнийг тогтоогоод байна.
Уг нь хэрэглэгч, нийлүүлэгч хоёр тэнцүү байснаар зах зээлийн үнэ тогтох учиртай. Гэтэл өнөөдөр хэрэглэгч олонтой, үйлдвэрлэгч цөөтэй гажуудалтай зах зээлд үнийг зөвхөн хэдхэн үйлдвэрлэгч л тогтоож байна. Хэрэглэгчийн төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээнд тултал нь үнийг тогтоож байна. Гэтэл хэрэглэгч хожоогүй, үйлдвэрлэгчид асар их хожоотой үнийн өсөлтийг бий болголоо. Зах зээлийн үнээр 50, 50 хувиар үнийг тогтоох ёстой. Тултал тогтоосон үнэ эргээд өрхийн эдийн засгийг хямраадаг.

-Өндөр инфляци хэнд илүү мэдрэгдэх вэ. Сүүлийн үед инфляцийн татвар ч гэж нэрлэх боллоо?
-Инфляцийн татвар гэдэг нь инфляци татвартай адилхан гэсэн ойлголт л доо. Би урьд нь 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаж авна. Түүний 200 төгрөг нь надаас авч буй инфляцийн татвар гэсэн үг. Миний орлого хэвэндээ бол инфляцийн татвар нэмэгдээд л байна. Уг нь орлого маань түүнтэй адил өссөн бол миний бодит амьжиргааны түвшинд бараг нөлөөлөхгүй. Инфляцийн татвар хэнд илүү нөлөөлөх вэ гэхээр орлого нь хурдацтай өсдөггүй хүнд инфляцийн татвар шууд нөлөөлдөг. Үнийн өсөлтийн хурдаас орлого нь удаан хүмүүс л инфляцийн татварыг мэдэрдэг.
Зарим хүмүүсийн орлогын өсөлт үнийн өсөлтөөс хурдтай өсөж байгаа бол тэр хүн инфляцийн татварыг шууд мэдэрдэггүй өнгөрчихдөг тохиолдол зөндөө бий. Хэн инфляцийн татварыг мэдэрдэггүй вэ гэхээр бизнес эрхлэгчид. Гэхдээ гаргаж буй бүтээгдэхүүний худалдан авалт тодорхой хэмжээгээр буурч, орлогод дам нөлөөлөх үзэгдэл бий. Бүтээгдэхүүний үнэ өснө, компанийн орлого дагаад өснө. Тогтмол орлоготой, орлогын өсөлт муутай хүмүүсийг л төр хамгаалах ёстой. Тогтмол орлоготой, тэтгэвэрийн хүмүүст л инфляцийн татвар хүнд тусаж ирсэн.

Манайх дундаж давхаргаа ядуу болгох сэтгэлгээ рүү хөтөлсөн

-Монгол Улс дундаж давхаргагүй болж байна гэсэн судалгааг Монгол­банкнаас хийсэн байна билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Манай иргэдийн орлогын түвшин элсэн цаг шиг байдалтай байна. Дундаа нарийсаад хоёр тийшээ өргөссөн гэсэн үг. Уг нь дундаа өргөн, хоёр тийшээ нарийхан байх учиртай. Орлогын ийм зөрүүгээс болоод өнөөдөр дундаж давхаргагүй болж байгаа нь үнэн. Түүнийгээ улстөрчид мэдрээд нийгмийн өндөр орлоготой хүмүүсээс өндөр татвар авдаг, бага татвартай иргэдээс бага татвар авах ийм татварын орчинг бүрдүүлэхээр чармайж байна. Сүүлийн үед эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэсэн ойлголт ярих болсон. Энэ нь өсөлт хүн дээрээ очиж бууж байх ёстой гэсэн үг юм. Үнэхээр бууж буйг нь харахын тулд хүмүүсийг орлогоор нь багаас нь их рүү жагсаахаар доод талын 20 хувьд өсөлт хүрч байна уу, тэдний орлого нэмэгдэж байна уу гэдэгт л өсөлтийн үр өгөөж оршино. Иргэдийн орлогын өсөлт нь ДНБ-ий өсөлтөөс хурдтай байвал нийгмийн доод давхарга дээшээ босоод ирнэ. Их, багын зөрүү ойртоно гэсэн үг.

-Тэгвэл өнөөдөр иргэдийн амьдралын түвшин улам холдоод л байх шиг?
-Хэмжилт хийгээд үзэхээр эдийн засгийн өсөлтийн хувиас ядуучуудын орлогын өсөлт нь доогуур байна. Өөрөөр хэлбэл, ядуурлын гүнзгийрэлт манайд бий болж байна гэсэн үг. Энэ нь ядуурлынхаа шугамаас бүр уруудаж, туйлаас давсан гэсэн хэлж болно. Өнгөрсөн дөрвөн жилд мөнгө тарааж ядуурлыг бууруулах бус улам ч дэврээлээ. Одоо дахиад иргэдэд бэлэн мөнгө тараавал улсаараа дампуурна. Хот, хөдөөд ялгаагүй "Хүний хөгжил сан"-гийн 21 мянган төгрөгөөр иргэд амьдарч байлаа шүү дээ. Бүхэл бүтэн айл амьдарч байсан сарын тогтмол орлогыг одоо эцэс болголоо.
Цаашдаа яах вэ гэвэл иргэдээ байнгын орлоготой тогтмол ажлын байраар хангах шаардлагатай. Үүнээс өөр ядуурлыг бууруулах зэвсэг байхгүй. Эцэстээ ажлын байртай, тогтмол орлоготой байснаар дундаж давхаргыг бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд бид үүний эсрэг явсан. Манайх дундаж давхаргаа ядуу болгох сэтгэлгээ рүү хөтөлсөн. Тиймээс өнөөдөр орлогын ядуурал, сэтгэлгээний ядуурал хоёр зэрэг “хөгжлөө”.

-Дундаж давхарга нийгмийн ихэнх хэсгийг бүрдүүлсэнээрээ төрд ямар ашигтай вэ?
-Дундаж давхарга нийгмийн ихэнх хувийг эзэлж байвал төрд ашигтай. Төр зөвхөн амьдрах орчныг бүрдүүлэхэд л дундаж давхаргынхан нэг их олон зүйл хүсэхгүй. Тэд хэнээс ч хараат бус амьдарч чадна. Улсаас мөнгө тараагаад ч нэмэргүй. Дундаж давхарга чинь нийгмийг чирж явдаг зүтгүүр хүч юм. Манайх нийгмийн зүтгүүр болсон дундаж давхаргагүй учраас хөгжихгүй байна. Үнэндээ хөтлөх, хөдөлгөх хүч алга. Хөдөлгөж байгаа хүч нь зөвхөн ашгийн төлөө л зүтгээд байгаа учраас алгаа тосоод ч нэмэргүй.

-Эдийн засгийн өгөөжтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй өсөлт гэж ярих боллоо.
-Хүртээмжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлт ядуу хэсгийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх ойлголт юм. Уг нь нийгмийн эмзэг хэсэгт л өсөлт мэдрэгдэх ёстой. Өсөлтийг мэдэрсэн хэсэг нь дээшээ гарах учиртай. Гэтэл, манайх таг дүлий хэвээр байна. Магадгүй, хүртээмжтэй, өгөөжтэй, тэнцвэртэй өсөлт гэдэг орчуулгыг эргэж харах хэрэгтэй байх. Хамгийн гол нь ажлын байртай, тогтмол орлоготой байснаар иргэд эдийн засгийн өсөлтийн шимийг хүртэнэ.

Хүн бодлоороо мөнгө олдог болохоос мөнгөөр бодол олдоггүй

-Сэтгэлгээний ядуурлаас салахын тулд орлогын ядуурлаас эхэлж гарах ёстой юу. Эсвэл сэтгэлгээний ядуурлаас ангижрах хэрэгтэй юү?
-Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орсноор орлогын ядуурал нь арилдаг. Ядуурал өөрөө аль алиных нь учир шалтгаан, үр дагавар. Хөгжсөн орнуудын түүхийг харахаар хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарснаар орлогын ядуурал нь арилдаг юм байна. Хүн чинь угаасаа тархиараа үйл хөдлөлөө хийж байгаа шүү дээ. Сэтгэлгээнд өөрчлөлт гарах ёстой. Сэтгэлгээнд өөрчлөлт гарснаар хүн ажил хийх хүсэл төрнө, хийж буй ажилдаа амжилт гаргахын төлөө хичээнэ. Нэг үгээр хэлбэл, өөрийнхөө төлөө тэмцэж хоёр ядуурлаас зөв гарна. Манай улсад өнөөдөр бараг ажил хийж байгаа хүн нь алдагдалд ордог ийм сонин үзэгдэл бий боллоо шүү дээ. Гэтэл төр рүү бүх хүн зүтгээд эхэллээ. Үнэндээ төр нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө ажил хийж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Сүүлдээ 76 компанитай бүхий УИХ-тай болоод байх шиг. Магадгүй төрд буй хүмүүс сайхан амьдарч харагдаад байгаа болохоор л хүмүүс тийш хошуурч байгаа байх. Манайд зарим нэг хүмүүсийн сайхан амьдрах нэг хэрэгсэл нь төр ч байж магадгүй юм.

-Мөнгө гэж юу вэ?
-Мөнгө гэдэг зүйлийг хүмүүс хөрөнгө гэдэг утгаар нь ойлгож байна. Амьдрал гэдгийг хөрөнгөтэй байна гэж ухамсарлах болсон. Энэ утгаар нь аваад үзэхээр амьдрал мөнгөн дээр тогтдог гэж хүмүүс хэлэх байх л даа.
Хүний сайн сайхан амьдрал нь тухайн хүний баялгийн багцаас хамаардаг. Баялаг нь хөрөнгө зоорь, эрдэм мэдлэг, найз нөхөд, гэр бүл олон зүйлийн нэгдэл юм. Баялгийг зөвхөн бодит хөрөнгө, мөнгө гэж ойлгох нь их явцуу ойлголт. Энэ утгаараа уг нь амьдрал хүн, түүний буй болгосон баялаг дээр л тогтох ёстой. Тэгэхийн бол мөнгө гэдэг чинь юу ч биш шүү дээ.
Мөнгө нь зүгээр л хүний зохиосон солилцооны хэрэгсэл. Хүмүүс хоорондоо солилцоо хийхийн тулд, хүндрэлтэй асуудлаа арилгахаар энгийн болгосон зүйлийг л мөнгө гэж нэрлээд байгаа юм. Мөнгө нь тухайн хүнд байгаа баялгийн өчүүхэн хэсэг.
Хүн хамгийн гол нь мөнгөний боол болж болохгүй. Харин мөнгийг өөрийнхөө боол болгох тийм л хэмжээнд амьдарч чаддаг байх хэрэгтэй. Хүн ямар нэгэн сайн сайхан зүйлийн төлөө, нийгэмд тустай баялаг бүтээхийн төлөө яваад тэр дундаа мөнгийг хэрэглэгдэхүүн болгож ашиглах нь л хамгийн чухал.
Мөнгө үнэндээ хэрэгтэй юм шиг боловч яг өнөөдрийн байдлаар мөнгө надад тийм ч үнэ цэнэтэй зүйл биш. Хамгийн гол нь надад юу үнэ цэнэтэй байдаг вэ гэхээр миний эргэн тойрны орчин, надтай харилцаж байгаа хүмүүс тэр бүгд надад мөнгөнөөс үнэ цэнэтэй. Хүн бодлоороо мөнгө олдог болохоос мөнгөөр бодол олдоггүй.
Хүний амьдрал тухайн хүний бодол дээр л тогтож байдаг. Хүний бодолд л амьдрах хүч нь байдаг болохоос зөвхөн мөнгөтэй байлаа гээд сайн сайхан амьдралыг бүрдүүлнэ гэвэл эндүүрэл болно.