Ц.Ганчимэг: Эмнэлэг бол миний нэгдэх гэр

Хүүхэд бол бурхнаас ирсэн бэлэг. Ариун нандин, хиргүй тунгалаг сэтгэлтэй бяцхан сахиусан тэнгэрүүдийг анагаагч, олон мянган хүүхдийг үхэл амьдралын зааган дээрээс аварсан нэгэн ачтантай халуун дулаан яриа өрнүүллээ. Удам дамжсан эмч Ц.Ганчимэг хүн ардыг эрүүл энх байлгахын төлөө нойр хоолгүй зүтгэсэн нэгэн. Түүнийг ингэж магтах шалтгаан байна. Тэрбээр нөр их ажлынхаа хажуугаар нийслэлийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн амын нэгээхэн хэсэгт нь ч гэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зориг шулууджээ. Ингээд Сүхбаатар дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлийн салбар амбулаторийг алслагдсан гэр хороололд шинээр байгуулах санаачилга гарган, төслийг нь бичиж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Мөн олон улсын байгууллагад “Эмнэлгийн хог хаягдлыг шатаах зуухыг шинээр барьж ажиллуулах” төсөл бичиж, амжилттай хэрэгжүүлжээ. “Оргил” рашаан сувилал ачаалал ихтэй байдгаас нийслэлчүүдэд хэвтэн эмчлүүлэх боломж тэр бүр олддоггүй. Дүүргийнхээ иргэдэд ийм үйлчилгээ үзүүлэх “Сэргээн засах сувиллын цогцолбор” байгуулах тэрбум гаруй төгрөгийн төсөл бичсэн нь улсаас дэмжлэг хүлээсэн байна. Тус төв ирэх сард нээлтээ хийх аж. Улс орны эдийн засаг хүнд ардчиллын эхний он жилүүдэд ч тэр эмчийн ажлаасаа урвалгүй хүчин зүтгэсэн. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа анх хуваарилагдсан газраасаа “хөдлөлгүй” хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэгэн. Улсын томоохон эмнэлгүүд санал тавьсан ч замаасаа хазайлгүй бууриа сахин үлдсэн эгэл жирийн эмч. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ц.Ганчимэгтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Анх чагнуур бариад эмч болж байсан үеэс тань яриагаа эхлэх үү?
-Би 1982 онд тэр үеийн Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхдийн II эмнэлэгт хуваарилагдсан. Шинэ ажил, хамт олон маань намайг маш сайхан угтан авч байв. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн, удирдлага хамт олон нь хэрхэн хүлээж авсан нь хүний сэтгэлд тод үлддэг юм байна. Энэ бүхэн надад өчигдөрхөн юм шиг санагддаг. Залуу хүн учраас хүнд тасгаас ажлаа эхэл гэж байгууллагын дарга хэлсэн. Ингээд би хүүхдийн сэхээний тасгийн эмчээр ажилласан. Тухайн үед хүүхдийн чих хамар хоолойн эмч ховор байж. Ажиллаад удаагүй байтал энэ чиглэлээр мэргэшүүлэхээр байгууллагаас маань курст явуулсан. Төгсч ирээд эмнэлэгтээ Хүүхдийн чих хамар хоолойн их эмчээр 15-16 жил ажилласан. Шинэ сургууль төгссөн ажлын туршлагагүй надад тэр үеийн эмч, сувилагч нар зааж сургаж байв. Сэхээний тасагт хамгийн чадварлагч баг ажилладаг байсан. Тэд маань намайг дадлагажуулж, өдий зэрэгт хүргэсэнд маш их баярладаг. 1997 он хүртэл чих хамар хоолойн эмч хийсэн.
-Чих хамар хоолойн эмч амаргүй ажил. Ялангуяа хүүхэд эмзэг өвчлөмтгий. Томчууд шиг юу нь өвдөж байгааг хэлж чадахгүй. Буруу оношилбол хүндрэх нь ч амархан байдаг. Алдаа оноон дунд та эмч болжээ?
-Сургуулиа төгссөний дараа ажлаас өөр зүйл боддоггүй байлаа. Ажил, гэр гэсэн маршруттай хоёр жил гаруй ажилласан. Сурч, мэдэх зүйл ч их байв. Тэр үеийн хүмүүжил ч тийм байсан. Аль ч завандаа гэр бүлтэй болох билээ. Гэтэл нэг өдөр манай хамт олон намайг “Нөхөртөө болгоно” гэдэг юм байна. Жил бүрийн оны эцэст ажлаа дүгнүүлдэг. Тэр үед байгууллагын шинэ жилийн арга хэмжээн дээр өөр салбараас хүмүүс ирдэг байж. Тэгэхэд Дүүргийн цагдаагаас ирсэн хүнтэй манай дарга нар танилцуулж байсан. Үерхэж, нөхөрлөсөөр байгаад жил орчмын дараа айл гэр болсон. Хуримын анхны зочид манай л хамт олон байсан. Хань маань насаараа цагдаа, хуулийн байгууллагад ажилласан. Хоёул өдөр шөнөгүй цаг наргүй ажиллана. Тухайн үеийн удирдлагууд биднийг өдөр тутмын ажлын тэмдэглэлээ байнга хөтөл гэж сургасан нь миний ажилд хэвшил болж одоо ч ажлаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Тэр тэмдэглэлээс харж байхад би нэг сард 47 удаа дуудагдсан байдаг юм. Хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжил эзэмшсэн болохоор манайхан намайг л дуудна. Жижүүрт үргэлжлүүлээд хоёр гурав хоногоор гарах үе байсан. Миний амьдралын 30 гаруй жил энэ байгууллагатай салшгүй холбоотой. Хүн нэг газар олон жил ажиллахаар бие биенийхээ жаргал зовлонг сайн мэддэг болчихдог юм байна. Хүн ажлынхаа гарааг сайн эхлэхээр бүх зүйл нь аяндаа өөдөлж, дэвшээд явдаг юм шиг ээ. Тиймээс би энэ хамт олондоо хайртай. Сайхан ханьтай, хоёр сайхан хүүхэдтэй болсон.
-Хүүхдийн өвчлөл одоогийнхтой харьцуулахад бага байсан уу?
-Өвчлөл их байсан. Улс бодлого гаргаж, хүүхдийн өвчлөлийг бууруулах шат дараатай арга хэмжээ авсны үндсэн дээр одоо харьцангуй багасаад байгаа. Энэ манай эрүүл мэндийн салбарын ололт амжилт. Хүн амынхаа мэдлэг боловсролыг сайжруулахын зэрэгцээ ээжээр нь хүүхдийг хоёр нас хүртэл нь харуулах бодлого барьж буй нь эх, нярайн эндэгдлийг бууруулахад их нэмэр болсон. Дөнгөж сургуулиа төгсөөд ажиллаж байхад олон жил ажилласан туршлагатай эмч нар шиг болохсон гэж их мөрөөдөж бодно. Гэтэл цаг хугацаа харвасан сум шиг хурдан юм. Би нэг л мэдэхэд 32 жил ажиллачихаад гавьяаныхаа амралтад гарах гээд сууж байна. Хүүхдээ төрүүлчихээд одоогийнх шиг хоёр жил гэртээ суудаггүй байлаа. Би 1985 онд анхны хүүхдээ төрүүлсэн юм. Зургаан сар болов уу үгүй юу ажилдаа ор гэсэн. Зургаан сартай хүүхдээ орхиод ажилд орох эрт юм билээ. Харах хүн олдохгүй. Хүүхэд өвдөнө, уйлагнана. Тэр бүрт чөлөө авахаас илүүтэй ажлаа яанаа гэж боддог байсан. Ажлаа цалгардуулахгүйн тулд хүүхдээ ажил руугаа авчраад хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тасаг дунд орхичихно. Тэд миний хүүхдийг хооллож, хоорондоо дамжуулаад хардаг байсан. Ажлаа тараад хүүхдээ аваад явна. Ингэж явах чанга байсан шүү. Дараа нь манай хадам ээж хүүхдүүдийг маань өсгөлцөж өгсөн. Харах хүнтэй болчихоор ажлаас өөр юм боддоггүй юм билээ.
-Төрөөс хүн амаа нэмэгдүүлэх бодлого барьж байна. Тэгсэн хэр нь хүүхдийн, эмэгтэйчүүдийн эмчээ хангалтгүй бэлтгэж буй. ЭМШУИС хүүхдийн эмчийн ангидаа элсэлт авахаа больсон байна лээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Тэр үед хүүхдийн эмчийн ангид жил бүр элсэлт авдаг байсан. Тиймээс хүүхдийн эмч хангалттай байв. Боловсон хүчин хангалттай болсон учраас хүүхдийн эмч бэлтгэхгүй нэг хэсэг завсардсан. Тэр хооронд энэ чиглэлийн эмч нарын зарим нь тэтгэвэртээ гарсан. Үүнээс үүдэж, хүүхдийн эмч ховордсон үе бий. Одоо хомсдол байгаа ч ерөнхий мэргэжлийн эмч нарыг нарийн мэргэжлээр сургаж, хүүхдийн эмч болгож байна. Боловсон хүчин нэг үеэ бодвол дээрдэж байгаа шүү. Хүүхдийн эмчийн хомсдолд олон талын нөлөө байсан. Тухайн үеийн улс төр, нийгэм, цалин хангамжийн асуудал нөлөөлсөн. Хүүхдийн эмч маш их ачаалалтай ажилладаг. Тэгсэн хэр нь бусад эмч нартайгаа адил цалин авч байгаа. Үүнээс үүдээд зарим эмч нар хувийн эмнэлэг байгуулан гарсан. Харин одоо бодлогоор хүүхдийн эмч нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн нь сайшаалтай.
-Эрүүл мэндийн салбарын хөгжил ямар шатандаа явж байгаа бол. Тогоон дотор нь 30 гаруй жил ажилласан хүний хувьд ор хоногоор санхүүждэг тогтолцооны талаар асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Эрүүл мэндийн салбар нэг үеэ бодвол хөгжиж байна. Элэг, бөөр шилжүүлэн суулгах, үе солих гээд дэлхий нийтэд хийж буй хагалгааг манай эмч нар хийдэг болсон. Энэ дэвшил. Гэхдээ цаашид нарийвчлан илүү сайн хөгжүүлэх ёстой. Манай улсын онцлог бий. Гурав хүрэхгүй сая хүн амтай хэр нь тархай бутархай суурьшдаг. Ийм үед эрүүл мэндийн бүтцийг хэрхэн хөгжүүлэх асуудал маш чухал. Өндөр хөгжилтэй орны жишгийг дуурайх хэцүү. Тиймээс өөрийн оронтой адил хөгжиж буй орны сайн туршлагыг авах хэрэгтэй. Манай иргэд ч эрүүл мэнддээ анхаармаар байна. Тухайн хүн өвдлөө гэхэд эмчээсээ буруу хайгаад байдаг. Өвдөхгүйн тулд амьдралын дадал, хэвшилдээ анхаарах ёстой. Энэ нь ч манай салбарын гажуудалтай холбоотой. Бид ор шүтсэн эмнэлгийн тогтолцоотой явж ирсэн. Иргэд хэвтэн эмчлүүлэх сонирхолтой. Тэр хэрээр жил бүр орны тоо нэмэгдэж байсан. Одоо сүүлийн үед хүнийг яаж өвтгөхгүй байх талаар ярьж эхэллээ. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж хуульд заасан боловч агаар, хөрсний бохирдол байсаар байна. Хүнс, эмийн аюулгүй байдал ч нөлөөлөх болж. Эрүүл мэндийн даатгал эв санааны зарчим дээр үндэслэж явдаг. Тэгэхээр даатгал 5-10 жил төлсөн хэр нь ямар ч тусламж үйлчилгээ аваагүй бол урамшуулдаг хөшүүрэг байх ёстой.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ ажиллаж байна. Бид сар бүр цалингийнхаа хоёр хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг ч үр шимийг нь төдийлэн хүртэж чаддаггүй. Уг хуульд ямар өөрчлөлт оруулаасай гэж та хүсч байна вэ?
-УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэж эхэлнэ гэж сонссон. Монголын нийт хүн амын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Зарим эмчилгээ үйлчилгээг тодорхой хэмжээгээр төлбөртэй болгох хэрэгтэй. Төлбөргүй учраас тухайн иргэн өөрөө өөртөө хариуцлага үүрэхгүй байна. Үүнийгээ даатгалын системд холбож өгөх нь чухал. Хуулийн төсөлд гэр бүлийн хамтын даатгалын тухай оруулахаар ярьж байгаа юм билээ. Үүнийг би дэмжиж байна. Үе, бөөр, элэг солих мэс ажилбарт нэг хүний даатгал хаанаа ч хүрэлцэхгүй. Харин гэр бүлийн даатгалын систем хэрэгжвэл тухайн өрхийн бүх хүн даатгалд хуримтлагдсан мөнгөө гэр бүлийн гишүүндээ өгч болно. Мөн нийгмийн эмзэг бүлгийн амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хөшүүрэг байх ёстой. Энэ мэтээр уян хатан тогтолцоог бий болгох нь чухал гэж бодож байна.
-Дүүргийн хүн амын өвчлөл ямар байна вэ. Эмнэлгийн хүрэлцээний тухайд?
-Манай дүүрэг 138 мянга гаруй хүн амтай. Жилд дунджаар 4-5 мянган хүн нэмэгддэг. 2002 онд манайх 100 хүрэхгүй мянган хүн амтай байсан. Хүн нэмэгдэхийн хэрээр төрөлт ихэсч байна. Энэ хэрээр хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсон. Эмнэлгийн ачаалал ч их. Манайх 2001 оны эрүүл мэндийн нэгдлийн бүтэц орон тоогоор явж байна. Хүн ам өсөн нэмэгдэж буй энэ үед хангаллтай орон тоогоор ажиллаж чадахгүй байгаа. Одоо манайх 78 эмч, 68 сувилагчтай. Өрхийн эрүүл мэндийн төв манай салбарын ачааг тодорхой хэмжээгээр үүрч яваа.
-Танай эмнэлэгт хүнд суртал хэр байгаа бол. Судалгаагаар эрүүл мэндийн салбар хамгийн хүнд сурталтай салбараар тодорсон байна лээ.
-Би дотор нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд хүнд суртал харьцангуй бага шүү. Хүнийг чирэгдүүлэхийг хүнд суртал гэнэ биз дээ. Манай лаборатори ачаалалтай байдаг. Бид тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Эмч нарыг чадавхижуулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Манайх хүний нөөцийн хэтийн төлөвлөгөөтэй ажилладаг. Дотор, эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай. Энэ ажлын байранд хүн ажилд авахаар сүүлийн хоёр жил зар өгсөн ч хангалт нь төдийлэн сайн биш. Цалин бага нь эмч нарыг хувийн хэвшил рүү явуулахад хүргэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.