Ц.Орхон: МИАТ-ийн үйлчилгээ гурван одын түвшинд явж байна

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонтой ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. МИАТ бэлэн үү?

-Аялал жуулчлал гэхээр зөвхөн гадаадаас жуулчин хүлээн авдаг гэсэн ойлголт тогтсон байна. Одоо энэ сэтгэлгээг өөрчлөх цаг болжээ. Дотоодын аялал жуулчлал нэлээд хөгжих хандлагатай боллоо. МИАТ компанийн зүгээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авч байна. Өвөл, хавар, намрын улиралд гадаад зах зээл рүү захиалгат нислэг нэмэгдэж байна. Эндээс харахад манай иргэд гадаад улс орон руу аялах сонирхолтой, өөрөөр хэлбэл, дотоодоос гадагш чиглэсэн нислэгийн шинэ урсгал бий болсон. Тэгэхээр гадаадын төдийгүй, дотоодын жуулчлал ч хөгжиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Жуулчдын улирал зургадугаар сараас эхэлдэг. Зөвхөн агаарын тээвэр бус зочид буудал, жуулчны бааз, үзвэр үйлчилгээний газрууд нэлээд ачаалалтай ажилладаг. Манай компанийн зүгээс агаарын хөлгийн паркаа 2015, 2021 он хүртэл шинэчлэх тойм төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ хүрээнд ялангуяа том онгоцыг авч ашиглах зорилготой ажилласнаар Боинг767 буюу 263 суудалтай том онгоц өнгөрсөн тавдугаар сарын 25-нд ирсэн. Одоогоор шинэ онгоц маань Москва, Берлин, Сөүлийн чиглэлд түлхүү нисэж байна. Эдгээр чиглэлд суудал дүүргэлт нэлээд сайн байгаа. Парк шинэчлэлийн хувьд Монгол Улс стратегийн ач холбогдолтой салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, төрийн бодлогоор зохицуулж хөгжүүлэх ёстой. Бид агаарын тээврийг зүй зохистой хөгжүүлэх асуудалд төрийн хэмжээнд анхаарах ёстой талаарх байр сууриа холбогдох газруудад хатуу илэрхийлдэг.

Үүний зэрэгцээ Хонконгийн чиглэлд тогтмол нислэг шинээр нээлээ. 2002 оноос хойш манай улс гадаад талдаа шинэ урсгал нээгээгүй явж ирсэн. Аялал жуулчлалаас гадна Монголын эдийн засгийг сонирхох гаднынхны хандлагатай холбоотой бизнес урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор долоо хоногт хоёр удаа тогтмол нислэг үйлдэж байна. Нислэгийн хувьд боломжийн байгаа. Энэхүү шинэ нислэгээр Хонконг, Зүүн өмнөд Ази руу аялах боломжийг монголчуудад олгож буй юм. Мөн Улаанбаатараас Берлин рүү хийдэг долоо хоногийн хоёр нислэгийг энэ жилээс шууд болгож байна. Москвагаар дайраад нисэхээр зорчигчдын хувьд хүндрэлтэй асуудал олон гардаг. Ачаа тээш алга болох, Шереметьево онгоцны буудлын хүнд суртлаас манай зорчигчид нэлээд чирэгддэг л дээ. Уг байдлыг халах зорилгоор Берлин рүү шууд нисэх арга хэмжээг авсан. Энэ зун Берлиний чиглэлд долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Мөн Токиогийн чиглэлд долоо хоногт тав, Осакагийн чиглэлд хоёр удаа буюу Японы чиглэлд өдөр бүр нисэхээр ийн төлөвлөж байна.

-МИАТ компани нэг онгоц аваад, нөгөөг нь худалдаж байгаа гэсэн. Ялгаа юу байна вэ?

-Онгоц түрээсэлж, ашиглах нь зардал их шаардсан бизнесийн үйл ажиллагаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдад аятай тухтай үйлчилгээ үзүүлэхийн тулд зардлаа бууруулах нь чухал. Энэ хүрээнд бид парк шинэчлэлийн бодлого боловсруулсан. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэрлэгчийн онгоц ашиглаж зардлаа бууруулах зорилготой ажиллаж байна. Тиймээс хуучин ашиглаж байсан Аэробус А-310-аа борлуулах ажлыг явуулж байна. Оронд нь миний дээр ярьсан Боинг 767 онгоцыг авч байгаа юм. Намраас хоёр дахь онгоцыг мөн түрээсээр авахаар төлөвлөж байна.

-Гаднаас ялангуяа аялал жуулчлалын улиралд Монголыг чиглэх жуулчдын урсгалыг МИАТ-ийн чөдрийн хоёр морины хүчин чадал дийлдэг үү?

-Монголын аялал жуулчлалын зах зээлд манайхаас гадна “Кореан Эйр”, “Эйр Чайна” гэсэн том компаниуд нислэг үйлддэг. Манайхыг бодвол тус компаниуд агаарын хөлгийн парк шинэчлэл, хүчин чадал илүү, том, жижиг олон онгоцтой. “Кореан Эйр” гэхэд л 280 хүний суудалтай А-330 онгоцоор өдөр бүр нисэж байна. Тэгэхээр манай аялал жуулчлалын агаарын тээврийн гадаад зах зээлд зөвхөн МИАТ-ээс гадна олон улсын чанартай баг үйлчилж байна хэмээн ойлгох нь зөв болов уу.

-МИАТ-ийн нислэгийн үнэ тарифыг нэлээд өндөр гэдэг. Үнээ бууруулах ямар нэг арга зам байдаг уу?

-Үнэ тарифын хувьд манайх харьцангуй хямд шүү дээ. Бусад улсын авиакомпанийн нислэгийн үнэ нэлээд өндөр байдаг. Зардал ч өндөр тусдаг байх. Харин манайх шатахууны зардлыг эс тооцвол харьцангуй бага зардалтай.Тэгэхээр үнээ гадаад зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд байлгахад анхаарч ажиллаж байна. 2011 оны эхний таван сарын үзүүлэлтээр манай компанийн зорчигч тээврийн урсгал 42 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийн гол хувь нь Бээжингийн чиглэлд үйлдсэн нислэг эзэлж байна. Бээжин рүү өмнө нь зуны улиралд долоо хоногт 8- 9 удаа нисдэг байсан бол өнөөдөр өвлийн туршид, долоо хоногт 10 удаа нисэж байна. Зах зээл ийнхүү өргөжиж буй нь манай нислэгийн үнэ боломжийн гэдгийг харуулж байгаа юм. Үнэ тарифт нөлөөлөх гол зүйл бол түлш шахатууны үнэ байдаг.

-МИАТ-ийн менежментийн хувьчлалын асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээж байна. Таны хувьд ямар бодолтой байна. Ер нь МИАТ-ийн хувьчлалын тухай 10-аад жил ярьж байна шүү дээ?

-Монгол Улс хоёр их гүрний дунд байдаг, далайд гарцгүй гэдэг утгаар ганц авиакомпани нь төрдөө байсан нь дээрээ гэж үздэг. Хуулинд ч улсын болон хувийн компанид төрөөс баримтлах бодлого адилхан байна гэж заасан байдаг. Тэр утгаар ямар ч компани улсынх уу, хувийнх уу гэдгээс үл хамаараад ашигтай л ажиллах ёстой. Тэгэхээр МИАТ компани улсынх, эсвэл хувьчлагдана гэдэг хандлагаар бус үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэхдээ өнөөгийн бизнес хөгжлөө дагаад хурдан өөрчлөгдөж, тэр хэрээр компаниуд шийдвэрээ хурдан өөрчилж, шинэчлээд явж байна. Харин улсын компанийн хувьд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрээ хурдан гаргаад үр ашгаа хүртээд явах байдал удаан гэгддэг ганц учир дутагдалтай бөгөөд энэ талаас нь харвал хувьчлагдвал илүү үр дүнтэй.
Менежментийн хувьчлал нь гаднын багаар удирдуулж компанийнхаа менежментийг сайжруулах асуудал юм. МИАТ компанийн үйл ажиллагааг гадаадын багаар удирдуулах талаар Төрийн өмчийн хороо ярьж байгаа. Тодорхой шийдэлд хүрээгүй байна. Гадаадын мэргэжилтнүүд дэд захирал, ерөнхий захирлын хэмжээнд ирж ажиллах байх гэсэн ойлголттой байна. Зарим америкийн зөвлөхүүд МИАТ компанид гадаадын баг шаардлага байхгүй, харин гаднын зөвлөхүүдийг урьж авчирч, үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн зөвлөмж өгсөн байна лээ.

-МИАТ дэлхийн агаарын тээврийн хөгжлийн хаахна явна вэ?

-Иргэний агаарын тээвэр нь бусад эдийн засгийн салбартай харьцуулахад байнга түрүүлж хөгжиж явдаг. Агаарын тээврийн бизнес бол зөвхөн тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг гэсэн ойлголт байж болохгүй. Тухайлбал, МИАТ олон улсын зах зээл дээр жижиг компани ч Хятад, Солонгос, ОХУ, Герман, Япон, АНУ-д хүртэл өөрөөр хэлбэл. Транснационалийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын бизнесийн аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахын аргагүй өндөр түвшинд хөгжиж яваа гэж ойлгож болно. Жишээ нь олон улсын агаарын тээврийн холбооноос манай компанийн үйл ажиллагаа аюулгүй байдалд хоёр жил тутамд аудит хийж, гэрчилгээ өгдөг. Энэ гэрчилгээг бид 2009 онд авсан. Өнөө жилийн шалгалт энэ оны намар болно. Мөн авиакомпани гэхээсээ илүүтэй Монгол Улсын иргэний нисэхийн бүтэц, аюулгүй байдал, үйл ажиллагаа ямар түвшинд байгаа талаар НҮБ-ын төрөлжсөн иргэний нисэхийн ИКАО байгууллагаас өнгөрсөн оны намар хоёр ч удаа аудит хийж, Монголын агаарын тээврийн салбар олон улсын түвшин, зэрэглэлд хүрсэн байна гэж дүгнэсэн. Мэргэжлийн байгууллага ийм дүгнэлт хийчихээд байхад зарим сонин хэвлэлээр МИАТ, Монголын агаарын тээврийн салбар болохгүй бүтэхгүй байгаа юм шиг бичдэг нь харамсалтай санагддаг.

-МИАТ-ийн үйлчилгээ сайнтай муутай яригддаг. Үйлчилгээг сайжруулах талд хэр анхаарч байна вэ?

-Үйлчилгээг сайжруулах нь манай компанийн хувьд шийдвэрлэх асуудлуудын нэг. Дэлхийн авиакомпаниудыг үйлчилгээ, чанар, стандартаар тодорхой түвшинд авч үздэг. МИАТ-ийн үйлчилгээний түвшин таван одын зэрэглэлээр гурван одын түвшинд явж байна. Үйлчилгээг сайжруулах, стандартыг мөрдөх чиглэлээр дэлхийн таван одтой авиакомпаниудын үйлчилгээний түвшинд очих зорилго тавьсан. Тухайлбал, ажилтнуудынхаа зан харилцааны соёл, хувцсыг шинэчлэх, өөрчлөх, хоол ундыг чанаржуулах гээд жижиг ажлууд хийж байгаа.

-Тэгвэл нисгэгч бэлтгэх асуудал иргэний агаарын тээврийн хамгийн том зүйлийн нэг байдаг. Нисгэгчийг хэрхэн яаж бэлтгэж байна вэ?

-Иргэний агаарын тээврийн салбар цаашид эрчимтэй хөгжих төлөв харагдаж байгаа. Ер нь зөвхөн манайд бус дэлхий дахинаа нисгэгчийн хүрэлцээ хүнд шүү дээ. Монгол Улс өмнө нь нисгэгч нарыг тодорхой хэмжээнд бэлтгэж байсан. Цаашид манай компани ИНЕГ-тай ярилцаад жил бүр тодорхой хүрээнд нисгэгчийг бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Нисгэгч болох хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүд өөрсдийн зардлаар суралцаад ирэх боломжгүй байдаг.Нэг нисгэгчийг бэлтгэхэд 100 мянган долларын зардал гардаг. Сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн нисгэгч маань дадлага хийх ёстой. Манай нисгэгч нар жилд хоёр удаа АНУ-д очиж,байнгын дадлага хийдэг. Нисгэгч нарыг бэлтгэх асуудлыг төрийн оролцоотой бодлоготой авч үзэх ёстой. Агаарын хөлгийн парк шинэчлэлээс илүүтэй нисгэгч нарыг бэлтгэн сургах нь иргэний агаарын тээврийн компаниудын хувьд хамгийн том асуудал байдаг.