Ц.Сүхбаатар: …Энэ л манай эрчим хүчний салбарыг хүндрүүлж байгаа гол хүчин зүйл

Sarangerel
2026-05-15 11:05:56
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний салбарт тасралтгүй 44 жил ажиллаж байгаа инженер Ц.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр Герман улсад Дрездений техникийн их сургуулийг Техникийн залуур зүй, автомаикийн инженерээр төгсөөд Дулааны III дугаар цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Эрчим хүчний яам, Дэд бүтцийн яаманд хэлтсийн дарга, газрын даргаар олон жил ажилласан туршлагатай инженер юм. Өдгөө Ц.Сүхбаатар гуай “Клин Энержи” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2023 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулсан билээ.

Манай эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаар ажиллаж эхлээд 30 гаруй жил болжээ. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт хөгжил гээд байх зүйл бараг байсангүй. 1990 оноос өмнө хийгдсэн эрчим хүчний бүтээн байгуулалтын суурин дээр энэ салбар явж байна шүү дээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

Мэдээж хөгжсөн, амжилтанд хүрсэн зүйл олон бий. Гэхдээ удааширсан, цаг хугацаандаа хийгээгүй олон ажил байсан учраас өнөөдөр эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байна. Үүнд, гадаад болон дотоодын олон хүчин зүйл нөлөөлсөн. 1990 оноос өмнө социалист лагерийн орнууд эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд нягт уялдаатай ажиллаж байсан. Гэтэл 1990 оноос энэхүү систем бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ үед Германы Нэгдсэн социалист намын удирдлагууд хуучин тогтолцоогоо хадгалж үлдэхийг оролдсон ч улс нөхцөл байдал улам гүнзгийрч Зөвлөлт Холбоот Улсад М.С.Горбачёвын шинэчлэлийн бодлого эрчимтэй эхэлж, зүүн германчууд эрх чөлөөнийхөө төлөө жагсаж эхэлсэн. Жагсаал хөдөлгөөн нь өргөжсөөр Берлиний ханыг нурааж Баруун, Зүүн Герман гэсэн ойлголт үгүй болж, социалист системийн тогтолцоо задарч, социалист лагерийн орнуудын эдийн засгийн хямрал гүнзгийрч эхэлсэн.

Зөвлөлтөөс зээлийн шугамаар авдаг байсан сэлбэг хэрэгсэл, техникийн тусламж зогссон. Нөгөө талаар Монгол Улсад валютын нөөц байгаагүй.

Үүнээс өмнө ч социалист системийн задралын шинж хүчтэй мэдрэгдэж байсан. 1989 он гэхэд Унгараас Австри гарах хилийн хяналт байхгүй болж, зүүн Германы иргэд Унгараар дамжаад Австри, цаашлаад Баруун Герман руу гарч эхэлсэн. Ингэснээр Зүүн Германаас маш олон хүн Унгар, Австриар дамжин дүрвэж эхэлсэн бөгөөд түүнийг зогсоох боломжгүй болсон. Дээрээс нь Зөвлөлт Холбоот Улс ч задарч эхэлсэн.

Энэ бүхэн Монголд асар хүчтэй нөлөөлсөн. Манай эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжүүд, тоноглол тэр чигтээ тухайн үед социалист орнууд тэр дундаа ЗХУ-ын зээл, тусламжаар нийлүүлдэг, хэрэгждэг байсан шүү дээ. Гэтэл энэ бүх дэмжлэг, тусламж нэг дор зогссон. Тодруулж хэлбэл, өмнө нь Зөвлөлтөөс зээлийн шугамаар авдаг байсан сэлбэг хэрэгсэл, техникийн тусламж зогссон. Нөгөө талаар Монгол Улсад валютын нөөц байгаагүй. Ингээд цахилгаан станцууд сэлбэггүй болж, уул уурхайн салбар ч мөн адил тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийн хомсдолд орсон. Улс орон бараг гал алдах хэмжээнд хүрч байсан шүү дээ. Цахилгаан эрчим хүчий хангамжийг 1990 оны эхээр орон даяар хуваарь гарган хязгаарлаж эхэлсэн. Нөхцөл байдал үнэхээр хүнд болж байлаа.

Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ гэхэд нэг их буруудахгүй байх. Өнгөрсөн өвөл цахилгаан хязгаарласан. Ирэх өвөл бас л цахилгааны хэрэглээ хэтрэх нь тодорхой болсон. Хязгаарлалт дахин хийгдэнэ гэсэн үг. Бид ийм байдлаас одоо болтол гарахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

Манай хоёр хөрш болох ОХУ болон Хятад улсад эрчим хүчний тоног төхөөрөмжөө жижиг хүчин чадлаар барих бодлого байхгүй. Хятад гэхэд нэг блок, нэг турбины хүчин чадлыг 600 МВт-аас доош байлгах бодлого бараг барьдаггүй шүү дээ. Түүнээс бага хүчин чадалтай бол нэгжид ногдох өртөг нь өсөөд эхэлдэг. Оросуудын хувьд 300 МВт-аас доошгүй хүчин чадалтай байх бодлого барьж байгаа нь эрчим хүчний үнийг бууруулах гол нөхцөл болж байна.

Өнөөгийн байдлаар эрчим хүчний салбарт зөв бодлого, зохицуулалт хийвэл хөрөнгө орж ирэх бүрэн боломжтой, 90-ээд онтой харьцуулашгүй.

Гэтэл манай улс нэг ч тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Бүх зүйлээ гаднаас авдаг, зардал ихтэй олон жижиг чадлын турбин генератортай байгаа нь Орос, Хятадаас хямд өртгөөр эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй юм. Тэр хоёр улс эрчим хүчээ маш их хэмжээгээр үйлдвэрлэдэг, өөрсдөө цахилгаан станц, тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ барьдаг. Тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг, нэгдсэн системтэй улсуудаас манай өртөг, зардал бага байх ямар ч боломжгүй. Үнэндээ бидний өртөг тэдний үйлдвэрлэлийн зардалтай харьцуулахад өндөр байгаа.

Гэтэл өнөөдөр мөрдөж байгаа үнэ тариф Орос, Хятадаас 20-30 хувь бага байгаа нь эдийн засгийн хувьд боломжгүй. Улстөрчид нь “Хүмүүсийн орлого бага, амьжиргаа хүнд байна, тиймээс хямд эрчим хүчээр хангаж байх ёстой” гэсэн чиглэл өгч байгаа. Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг өөрөө байгалийн хуулиар явагддаг, орлого багатай, төлбөрийн чадваргүй хэсэгт зориулж хямдхан дулаан, цахилгаан үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Энэ л манай эрчим хүчний салбарт шинээр эх үүсвэр барих боломжийг хааж, тэр бүү хэл ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ хэвийн ажиллагааг хангах боломжгүй болгож эцэст нь цахилгааныг хязгаарлахад хүргэж байна. Өнөөгийн байдлаар эрчим хүчний салбарт зөв бодлого, зохицуулалт хийвэл хөрөнгө орж ирэх бүрэн боломжтой, 90-ээд онтой харьцуулашгүй.

Эрчим хүчний үнэ тарифыг хүчээр бариад хэр удаан явах вэ. Хэр удаан тэсэх бол?

Манайд эрчим хүчний үнийг хямдхан барьж ирсэн хэд, хэдэн уламжлалт арга бий. Тухайлбал, шинээр барьсан цахилгаан станцын зардал нь хоёр хэсэгтэй. Нэг нь ашиглалтын зардал, нөгөө нь хөрөнгө оруулалтын зардал. Зээл, зээлийн хүүгээ төлөөд явахаар энэ харьцаа бараг 40:60 болдог. Харин манай одоо ажиллаж байгаа ихэнх цахилгаан станцууд, шугам сүлжээг хэзээ, ямар хөрөнгөөр байгуулсан бэ, гэвэл ихэнх нь ЗХУ-ын үеийн зээл, тусламжаар бий болсон.

1990 оноос хойш Зөвлөлтийн өрийг ОХУ өвлөж авсан. Монгол Улс ОХУ-д өртэй гэж олон жил явсан шүү дээ. Тэр өрийн дотор цахилгаан станц, шугам сүлжээний бүтээн байгуулалтын зардлууд бүгд багтсан. Гэтэл тэр их өрийг 250 сая ам.доллароор хаасан. Өөрөөр хэлбэл, энэ салбарын бодит хөрөнгө оруулалтын өртгийг үйлдвэрлэлийн зардал дээр бүрэн тусгаж байгаагүй гэсэн үг.

Үнэ тарифыг ингэж хүчээр барихаар гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломж хаагддаг. Одоо шинээр Бөөрөлжүүт, Баянгийн цахилгаан станцууд баригдаж байна. Тэд 1 кВт.цаг цахилгааныг найман цент орчмоор худалдаж авах нөхцөл тавьж байж хөрөнгө оруулагч татаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бодит өртөг, зардлаа хаах хэмжээний үнэ дээр очиж байж л хөрөнгө оруулагч орж ирнэ. Тэгэж байж эрчим хүчний дутагдлаас ангижирна.

Япон улсын зээл, тусламжаар хийсэн шинэчлэлүүд ч бий. Хөгжлийн банкны зээлийн өр хэвээрээ байгаа. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар станцуудыг байнга шинэчилж, өргөтгөж ирсэн. Энэ бүх хөрөнгө оруулалтын өртгийг тариф дээр бүрэн шингээдэггүй учраас эрчим хүчний үнийг зохиомлоор хямд барьж ирсэн нэг хэсэг нь энэ.

Нөгөө талдаа, нүүрсний үнэ ч бодит зах зээлийн зарчмаар яваагүй. Багануурын уурхайн авлага 20-30 тэрбум төгрөг гэж ярьдаг хэр нь өглөг нь 500-600 тэрбум төгрөг болчихсон байна. Зах зээлийн зарчмаар бол аль хэдийн дампуурах нөхцөл үүссэн гэсэн үг. Гэхдээ төр өөр дээрээ аваад хүчээр ажиллуулж байна. Ийм байдлаар эрчим хүчний үнэ, тарифыг бүхэлд нь зохиомлоор хямд байлгаж ирсэн.

Ядаж өртөг, зардлаа хааж чадах хэмжээний тарифыг ойрын хугаанд мөрдүүлэхгүй  бол цахилгаан дулаанаар хангах асуудал цаашдаа улам хүндрэх эрсдэлтэй болж байна.

Өнөөдөр эрчим хүчний салбарынхны хамгийн том асуудал нь өр, авлага болж байна. Урт хугацааны зээлийн өр төлбөр нь бараг хоёр их наяд төгрөгт хүрсэн гэж ярьж байна. Үүнийг бүгдийг шууд хэрэглэгчээр төлүүлэхэд хүндрэлтэй. Төрөөс тодорхой хэмжээнд зохицуулалт хийхээс өөр аргагүй. Дулааны тарифын нэмэгдлийг ч олон сар хойшлуулсан. Үүнээс болоод эрчим хүчний салбарт асар их алдагдал бий болж, өр хуримтлагдаж байна. Тиймээс ядаж өртөг, зардлаа хааж чадах хэмжээний тарифыг ойрын хугаанд мөрдүүлэхгүй  бол цахилгаан дулаанаар хангах асуудал цаашдаа улам хүндрэх эрсдэлтэй болж байна. Одоогоос 15-20 жилийн өмнө дунджаар өрхийн орлогын 10-15 хувь орчмыг эрчим хүчний төлбөрт зарцуулдаг байсан нь өнөөгийн байдлаар өрхийн орлогын 5 орчим хувь байгаа талаар яриж байна. Энэ нь цахилгаан дулааны үнийг хэт хямд барьж үнэгүйдүүлж байгаагийн нэг жишээ юм.

Өртөг, зардлаас гадна бас олон асуудал эрчим хүчний салбарт бий. Та юуг нь онцлох вэ. Тэдгээр хүндрэлүүдээс хэрхэн гарах вэ?

Манайх нийтээр нь эрчим хүчний үнийг хямд барьчихаад дараа нь буцаагаад тэрийгээ нөхөх гэж асар их зардал, асуудал гаргаад байна. Үнэндээ зорилтот бүлгийн хүмүүстээ шууд дэмжлэг өгвөл хамаагүй бага зардал гарна. Мөн эдийн засаг ч эрүүлжинэ шүү дээ. Энэ буруу тогтолцоогоо өөрчлөх ёстой байгаа юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний хөгжил бол богино хугацаагаар явдаг зүйл биш. Хамгийн наад зах нь 10 аас 15 жилийн эдийн засгийн хөгжлийг харгалзсан таван жилийн нарийвчилсан хэрэгждэг төлөвлөгөөгөөр явуулж байх ёстой. Гэтэл манайд энэ урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжихгүй байна. Засаг, төр нь байнга солигдоно. Нэг сайд ирээд өмнөх хүнийхээ хийж байсан ажлыг өөрчилнө. Ингээд төлөвлөсөн зүйлүүд нь хэрэгжихгүй үлддэг.

Уг нь Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж бий. Түүнийгээ хөгжүүлээд судалгааг нь тогтмол хийх хэрэгтэй. Эрчим хүчний мастер төлөвлөгөө гээд Азийн хөгжлийн банкны тусламжаар олон удаа хийлгэсэн дээ. Нэг юм хийлгэж аваад дараа нь тэрийгээ сөхөж ч хардаггүй. Хэрэгжүүлдэг механизм нь ч байхгүй. Энэ чинь л эрчим хүчний хөгжил саарч байгаагийн бодит шалтгаан.

Гуравдугаарт, Ц.Даваасүрэн сайдын үед Дулааны IV цахилгаан станцад аваар гарсан. Ингээд Засгийн газар дээр “Эрчим хүчний сайдад хариуцлага хүлээлгэнэ” гээд асуудлыг нь ярьсан байгаа юм. Гэтэл Ц.Даваасүрэн сайд босож ирээд “Яг үнэндээ надад ямар ч эрх байхгүй. 70 хувийг нь Төрийн өмчийн хороо эзэмшиж байгаа. Би юу ч хийж чадахгүй” гэсэн. Хууль эрх зүйн яг тийм л байсан. Тухайн үед сайдад эрх мэдэл байгаагүй. Тэгээд дараа нь станцын тодорхой хувийг Эрчим хүчний яаманд шилжүүлсэн. Түүнээс хойш Эрчим хүчний яам хариуцлагатай болсон.

Гэтэл яг тэр алдаагаа дараа нь дахин давтсан. “Эрчис Монгол” гэж компани байгуулаад Дулааны IV цахилгаан станцын ихэнх хувийг өгчихсөн. Дараа нь Дулааны III цахилгаан станцад бас аваар гарсан. Тэгэхэд хүмүүс Б.Чойжилсүрэн сайд руу дайрсан. Гэтэл нөгөө сайд нь “Энэ чинь аль хэдийн Эрчис Монголд шилжчихсэн асуудал” гэж байгаа юм. Ингээд эрчим хүчний салбар нь Эрчим хүчний сайдаасаа холдоод явсан. Дараа нь мөн буцаагаад Эрчим хүчний яам руу ихэнх эрхийг нь шилжүүлсэн шүү дээ. Ийм төвөгтэй байдал хоёр удаа давтагдсан. Дахиж битгий давтагдаасай гэж боддог.

Өнөөдөр эрчим хүчний нөөцийн асуудал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа, шингэн түлш, хийн асуудал Аж үйлдвэр, эрдэс баялгын яаманд, зарим цахилгаан станцуудыг Улаанбаатар хотын мэдэж барих гээд нэгдсэн бодлоггүй явж байгааг тодорхой болгох шаардлагатай байна.

Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг. Үүнийгээ ашиглаад эрчим хүчний уналтаас гарч болохгүй гэж үү. Хятадууд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг халж, сэргээгдэх эрчим хүчээ ашиглах бодлого баримталж байгаа.  Манай улс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих боломжтой юу?

Хятад улс өнөөдөртөө хэрэглэгчдийн багахан хувийг л Сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. 1990-ээд оны сүүлчээр Америкийн сэргээгдэх эрчим хүчний лабораторийнхон Монголд ирж салхины эрчим хүчний нөөцийг судалсан. Судалгааны үр дүнд Монголын говь, хээрийн бүс асар их салхины нөөцтэй бөгөөд энд томоохон салхин цахилгаан станцууд байгуулбал их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайн үед Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийнхэн нарны эрчим хүчний нөөцийн судалгаа ч хийсэн. Монголын нарны нөөц салхинаасаа дутахааргүй гэдгийг тэр үед тогтоосон.

Нар, салхин станцаас нүүрсний цахилгаан станцаас ч хямд цахилгаан үйлдвэрлэх боломж бий болж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтдээ 28 триллион кВт.цаг орчим цахилгаан хэрэглэж байна. Үүний бараг гуравны нэгийг Хятад улс дангаараа хэрэглэж байгаа. Одоогоос 10-20 жилийн өмнө Хятадын нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ Монголын нэг хүний хэрэглээтэй бараг адилхан байсан. Хүний амьдралын түвшний нэг хэмжүүр эрчим хүчний хэрэглээ. Гэтэл өнөөдөр Хятадын нэг хүнд ногдох хэрэглээ манайхаас хоёр дахин өндөр болсон. Эндээс Хятадын эдийн засаг ямар хурдацтай өсөж, хүмүүсийнх нь амьжиргааны түвшин дээшилснийг харж болно.

Нар, салхины эрчим хүчний технологид асар том хувьсгал гарч байна. Одоогоос 20 жилийн өмнө нарны станцаас нэг кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх өртөг 20 орчим цент байсан. Харин өнөөдөр 3-4 цент болчихсон байна. Энэ чинь технологи асар хурдтай хөгжиж байгаагийн илрэл.

Нарны дэлгэцийн үйлдвэрлэлийн өртөг буурч байна, дээрээс нь хүчин чадал нь нэмэгдэж байна. Тиймээс өнөөдөр Монголын нөхцөлд нарны станцаас нэг кВт.цаг цахилгааныг 6-8 центээр үйлдвэрлэх боломжтой. Энэ бол үнэхээр технологийн гайхамшиг. Нарны станцаас нүүрсний цахилгаан станцаас ч хямд цахилгаан үйлдвэрлэх боломж бий болж байна гэсэн үг.

Салхин цахилгаан станцын хувьд ч ялгаагүй. 20 жилийн өмнө 1 кВт.цаг цахилгааны өртөг нь 10 гаруй цент байсан бол өнөөдөр 6-8 цент болж буурсан. Үр ашиг нь улам нэмэгдэж байна. Гэхдээ нар, салхины станцыг их хэмжээгээр баръя гэхээр бас нэг хүндрэл гарч ирдэг. Хэрэглээ хамгийн өндөр үед салхи гарахгүй, нар тусахгүй байвал яах вэ гэдэг асуудал. Тиймээс батарей хуримтлуурын технологи маш чухал болсон. Мөн энэ чиглэлд том дэвшил гарч байна. Өнөөдөр маш жижиг хэмжээний батарейд асар их энерги хуримтлуулах боломжтой болж үйлдвэрлэлийн өртөг буурсан. Энэ ч гэсэн технологийн гайхамшиг.

Тиймээс нар, салхи, батарейн хуримтлуур гурав нийлж байж сэргээгдэх эрчим хүч бодит утгаараа тогтвортой систем болно. Мэдээж батарейн хуримтлуур нэмэгдэхээр өртөг нь тодорхой хэмжээгээр өснө. Гэхдээ нийлбэр дүнгээрээ нүүрсний цахилгаан станцтай өрсөлдөхүйц үнэ тариф дээр очиж байна. Тиймээс бид цаашдаа энэ чиглэл рүү явах ёстой.

Тэгвэл заавал нүүрсний цахилгаан станц барих гээд байлгүй, нар, салхиа ашиглаад сэргээгдэх эрчим хүчээ илүү хөгжүүлэх ёстой юм шүү?

Бололгүй яах вэ, боломж их бий. Гол нь бид дэмжиж байна гэж ярьдаг ч бодит ажил хэрэг болгох дээрээ их удаан байна. Дээрээс нь орчин үеийн эрчим хүчний системд чухал нэг өөрчлөлт орж байгаа нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эс үүсвэр, цахилгаан автомашин. Жишээ нь, хэрэглээ бага шөнийн цагаар машинаа, баттерейгаа цэнэглээд авчихна. Харин эрчим хүчний үнэ өссөн үед тэр хуримтлуулсан энергиэ буцаагаад системд нийлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрөө эрчим хүчний менежментийн нэг хэсэг болж байна гэсэн үг. Энэ бол маш том өөрчлөлт шүү.

Зөвхөн батарей технологи ч биш. Өнөөдөр устөрөгч үйлдвэрлээд нөөцөлдөг технологиуд ч хөгжиж байна. Одоохондоо өртөг өндөртэй байгаа ч жилээс жилд хямдарч байгаа. Ирээдүйн эрчим хүчний хөгжилд асар том орон зайн боломж энд бий.

Бүс нутгийн хэмжээнд ч том өөрчлөлтүүд яригдаж байна. ОХУ, Хятадын хооронд “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл хэлэлцэж байгаа шүү дээ. Монголын нутгаар дамжуулаад Хятадын хойд хэсгийг хийгээр хангана гэж байна. Энэ төсөл бодитоор хэрэгжвэл Монголд яг ямар ашигтай байх нь одоогоор тодорхой биш. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой. Хэрэв бид хийн хэрэглээ рүү тодорхой хэмжээнд шилжиж чадвал Улаанбаатарын утааг бууруулахад асар том нөлөө үзүүлнэ. Үүнээс илүү хэрэгтэй зүйл гэж хаана ч байхгүй. Мөн бидэнд өөрсдийн ч гэсэн боломж бий.

Нүүрсний давхаргын метан хий гэж асар чухал нөөц манайд байна. Хятад улс үүнийгээ маш сайн ашигладаг. Хэд, хэдэн том хотдоо хийн сүлжээ байгуулчихсан. Манайд ч ийм боломж бий.

Түүнээс гадна Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг олон жил ярьж байна. Үнэндээ усан цахилгаан станц бол Монголын ирээдүй шүү дээ. Гэхдээ бидэнд нэг л том сул тал бий. Монголчууд бид өөрсдөө эв нэгдэлгүй, нэгдсэн зорилгогүйгээс шалтгаалж стратегийн ач холбогдолтой том төслүүдээ өөрсдөө унагачихдаг. Энэ нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр маш тод харагддаг.