Ц.Энхтүвшин: Шинэ цахилгаан станц Шивээ Овоогийн уурхайд онцгой ач холбогдолтой

Mongolian Economy
2020-12-23 18:08:59
Ангилал: Уул уурхай

“Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Танай уурхайн хүний нөөц болон техник хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол инженерүүд анх удаа бие даан байгуулсан уурхай маань энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Манай компани үндсэн 582 ажилтантай. Боловсон хүчний хувьд уул уурхайн үйлдвэрлэлтийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд удирдах албан тушаалтнуудын ихэнх нь арваас дээш жил ажиллаж байна. Залуу үеийнхэн давамгайлдаг ч салбартаа 30 жил ажилласан туршлагатай хүмүүс ч бий.

“Монгол нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 1998-2000 онд Японы зээлийн хүрээнд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн. Үүнээс хойших 20 жилийн хугацаанд үе үеийн удирдлагууд техникийн шинэчлэлийг тодорхой хэмжээнд хийсээр ирсэн ч иж бүрэн шинэчлэлт хийгдээгүй. Уурхайн тоног төхөөрөмжийн 40 орчим хувийн ашиглалтын хугацаа нь дууссан. Нүүрсний үнэ төрөөс хатуу зохицуулалттай байдаг учраас манай уурхай өндөр ашигтай ажиллаж чаддаггүй. Иймд өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдаж авах, шинэчлэлт хийх ажлыг хангалттай хийж чаддаггүй.

– Өнгөрсөн онд Шивээ Овоо уурхайн ТЭЗҮ-ийг баталж, хүчин чадлыг 4.5 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Хэзээнээс энэ хүчин чадалд хүрч ажиллаж эхлэх вэ, үүний тулд юу хийх шаардлагатай байна вэ?
-Манай компани жилд хоёр сая тонн эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг. Тэгэхээр 4.5 сая тоннд хүрэхийн тулд хүчин чадлаа даруй хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ ийм хэмжээний эрчим хүчний нүүрсний зах зээл одоогоор манайд алга. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай тусгасан. Энэ хүрээнд Шивээ Овоогийн уурхай жилд 600 мянга орчим тонн нүүрс нэмэлтээр үйлдвэрлэх хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан. Үүнээс гадна манай улсад, тэр дундаа Шивээ Овоогийн уурхайг түшиглэсэн эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зайлшгүй шаардлага байдаг бөгөөд 4.5 сая тонн нь үүнтэй уялдуулан гаргасан ТЭЗҮ юм. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж нүүрсний хэрэглээ нэмэгдэхэд бид бэлэн байх ёстой учраас энэ ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

-Сүүлийн жилүүдэд хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд компани өөрийн хөрөнгөөр 29 орчим тэрбум төгрөгийн техникийн шинэчлэлт хийлээ. Тухайлбал, 55 тонны даацтай зургаан технологийн автомашин, хоёр бульдозер, хоёр автогрейдер, нэг тэсэлгээний өрмийн машин зэрэг нийт 21 тоног төхөөрөмж шинээр худалдаж авсан. Үүний хүчинд бид нийслэлийн иргэдийг дулаан, эрчим хүчээр хангах үндсэн үүргээ тасалдуулалгүй биелүүлж ирсэн.

Онцлох өөр нэг ажил бол 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ус шүүрүүлэлтийн үндсэн шугамын шинэчлэл юм. Уурхай хэвийн хүчин чадлаараа ажиллавал уг шугамыг цаашид 10 жил ашиглах боломжтой болсон.

Хэдийгээр бид тодорхой арга хэмжээ авч байгаа ч техникийн шинэчлэлийн асуудал байсаар байна. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК Сангийн яамтай хамтран Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ын экспортын зээлийн санхүүжилтээр Шивээ Овоогийн үйлдвэрт техникийн шинэчлэл хийсэн нь үнэхээр цагаа олсон чухал ажил болсон.

-2020 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс гадна компанийн дотоод засаглал, менежментийн ямар зорилтууд тавив?
-Нүүрсний борлуулалт бидний орлогын гол эх үүсвэр болдог. Манай улсын хувьд нүүрсний үнэ цахилгаан, дулааны суурь үнэд нөлөөлдөг учраас өвөрмөц зохицуулалттай буюу Эрчим хүчний зохицуулах хороо хяналт тавьдаг. Бид нүүрсний үнийг хүссэнээрээ нэмэх боломжгүй гэсэн үг. Иймд компани өртөг зардлаа бууруулахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Сүүлийн хоёр жилд энэ чиглэлд бодлогоо чиглүүлж тодорхой арга хэмжээ авч ажилласан. Үр дүнд нь 2020 оны эхний арван сарын байдлаар нийт 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийгээд байна. Тухайлбал, уурхайн дотоод хяналтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоог ашиглан сэлбэг сэргээн засварлах, зам талбайг засварласнаар уурхайн технологийн машины дугуй ашиглалтыг сайжруулах зэргээр үйл ажиллагааны зардлаа хэмнэсэн.

Цаашид компани 1.6 тэрбум төгрөг хэмнэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эрчим хүчний зардлыг бууруулах, 5.5 км төмөр зам тавих, нүүрсний конвейерын ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд явж байна вэ? Өөр ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?
-Шивээ Овоогийн уурхайг түшиглэн барихаар төлөвлөж буй 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд энэ онд батлагдана. Уг цахилгаан станц ашиглалтад орсноор тээвэрлэлтийн зардалгүйгээр цахилгаан үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Уурхайн орчмын бүс нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа учраас эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Шивээ Овоогийн уурхай нь Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний замд байдаг тул шинэ цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн шугамд шууд нийлүүлэх боломжтой.

Үүнээс гадна үйлдвэрлэсэн эрчим хүчээ гадагшаа экспортлох зорилготой, өндөр үр ашиг бүхий Шивээ Энержи цогцолбор төсөл хэрэгжиж байна. Уг төсөлд зориулж Шивээ Овоогийн уурхай жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх тооцоо гарсан байдаг. Энэ тохиолдолд уурхайн хүчин чадал одоогийнхоосоо 10 дахин нэмэгдэх юм.

-Уурхайн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр?
-Манай уурхай 1990 онд байгуулагдсанаар уурхайчдын суурин бүрэлдэж Шивээговь гэдэг сум бий болсон. “Шивээ Овоо” ХК нь өндөр ашиг олдог компани биш учраас орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үр ашигтай төсөл хэрэгжүүлж төдийлөн чаддаггүй. Нөгөө талаас бид орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, орлоготой амьдрахад хувь нэмрээ оруулдаг.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд нөөц бололцооныхоо хэмжээгээр орон нутагт тодорхой ажил хийж буй. Тухайлбал, 2017 онд сумын дунд сургуульд компьютерийн танхим байгуулж өгсөн. Бид голдуу хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүс зэрэг нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн ажил хийдэг. Түүнчлэн боломжоороо орон нутгийн худалдан авалтыг дэмжих чиглэлд бодлого баримтлан ажиллаж байна.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

 

Mongolian Economy