Чанаргүй бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхгүй гэв

Монголчуудын үндэсний баяр Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сэдэвт сарын аянг өнөөдрөөс эхлүүллээ. Тус аянд улс, аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагууд оролцохоос гадна иргэдийн оролцоо чухал гэдгийг МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсан онцоллоо.

Уламжлалт баярыг тохиолдуулан зарим иргэн гэрийн нөхцөлд бууз, банш тодорхой хэмжээгээр хийж зөвшөөрөлгүй худалдаалах, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мах ховордож, улмаар үхсэн малын мах хэрэглэх асуудал гарч болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд хууль бус үйлдэл илрүүлсэн тохиолдолд МХЕГ-ын “1286” дугаарт мэдэгдэхийг тус байгууллагынхан иргэдээс хүслээ. Мөн хэрэглэгчид бүтээгдэхүүнээ зөв сонгож, хадгалах, хэрэглэх горимыг чандлан сахихыг зөвлөж байна.

МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгээс өнөөдөр монголчуудын хүнсний аюулгүй байдал хэр хангагдаж байгаа талаар тодруулахад “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд үүргийнхээ дагуу чанартай, эрүүл, аюулгүй нөхцөлийг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Энэ ч үүднээс хилийн боомтууд дээрх хяналт, шалгалтыг сайжруулж, чанаргүй бүтээгдэхүүнийг буцаах арга хэмжээ авч байна” гэв.