Чанаргүй хүнс халдварт өвчин даллаж байна

Энэ оны эхний улиралд 10996 хүн халдварт өвчнөөр өвчилж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан судалгааг Монголын үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1137 хүн буюу 11.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Халдварт өвчин нэмэгдэх болсон шалтгааныг ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Үндэсний статистикийн газраас улирал бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн судалгаа өнгөрсөн даваа гаригт гарсан. Энэ оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 10996 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн үзүүлэлт гэсэн. Халдварт өвчний тархалт нэмэгдэхэд юу нөлөөлж байна вэ?

-Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн улиралд вируст хепатитээр 422, салхин цэцгээр 143, гахайн хавдраар 1467, тэмбүүгээр 156 хүн өвчилсөн нь энэ тоог нэмэгдүүлэх гол шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, гахайн хавдар, вируст хепатит, тэмбүү зэрэг өвчний тархалт сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна.

-Халдварт өвчин нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Хүүхэд, хөгшидгүй биеийн дархлаа муу байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний чанар эрс муудсантай холбоотой. Үүнийг мэргэжлийн лабораториудын шинжилгээ, судалгаагаар тогтоогоод байна.

-Тухайлбал ямар хүнсний чанар муу байна вэ?

-Хүнсний ногоо болох төмс, лууван, байцаа мөн жимс, жимсгэнийн төрлийн бүтээгдэхүүнд хадгалагддаг хүний биед амин дэм болох эрдсүүдийн хэмжээ багассан байна. Энэ нь тариалалттай холбоотой гэдгийг судлаачид хэлж байна. Мөн боргоцойн самраас шар болон гэдэсний төрлийн халдварт өвчнүүд ихээр илэрч байна. Хуш модны самар идэхгүй байхыг хүүхэд, залуучуудад зөвлөмөөр байна.