Чимээгүй тахалтай өдөр бүр тэмц


Гэр бүлээрээ анхан шатны ойлголттой болсон нь
Ээжээс минь дутуугүй ач, зээгээ энгэртээ тэвэрч өсгөсөн эмээ минь таван жилийн өмнөөс чихрийн шижинтэй гэж оношлогдсон юм. Турах, амархан ядрах, ам нь цангах гээд сахарын өвчний шинж тэмдэг бага багаар л илэрч байж. Тухайн үед өвчний хэлбэр далд байсныг нь даанч мэдээгүй. Сумын эмч төдийлэн анзаараагүй юм билээ. Мөнөөх л бидний хайхрамжгүй, хайнга, эрүүл мэндээ нэгд бус хоёрдугаарт тавьдаг зангаас болсон гэх үү дээ. Өөрөө өөртөө эмч байх нь бидний үүрэг болчихсон өнөө үеэс таван жилийн өмнөх нөхцөл байдал арай л өөр байсан юм. Чихрийн шижингийн өвчлөлийг бууруулахаар Эрүүл мэндийн яамны урсгал зардалд хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй байжээ. Орон нутагт бол сахарын өвчний талаар иргэд битгий хэл, эмч нар нь ч сайн ярьдаггүй байв.

Эмээ маань сахартай гэсэн онош тогтоолгон байнгын эмчийн хараа хяналтад байж, идэж, уухаа хүртэл цэгнэх болсон. Тэрбээр Улаанбаатар хотод шилжин ирээд, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн болсон юм. Тус дүүргийн эмнэлэг чихрийн шижинтэй тэмцэх гарын таван хуруунд багтах эмчтэй.

Эмээгийн идэх хоол нь хүртэл хэмжээ, хязгаартай. Хар талх, хоёрдугаар гурил, байцаа гэсэн хэдхээн төрөлд эргэлдэж түүндээ дасах гэж чамгүй ядарсан. Байнга уудаг сүүтэй цайг нь хүртэл хориглож байв. “Идэх юм олдохгүй юм аа, хүү минь. Бүгдийг болохгүй л гээд байх юм” хэмээн заримдаа очиход бухимдангуй суудагсан.
Энэ үеэс л манай гэр бүл чихрийн шижин гэх өвчний талаар “анхан шат”-ны ойлголттой болж, уг өвчний эсрэг гэр бүлээрээ тэмцэж эхэлсэн. Сахарын хэмжээг их бага байгааг тогтоох тест, зүү, эм зэрэгт жилдээ 400 орчим мянган төгрөг зарцуулдаг болохыг дүү маань хожим тооцож үзсэн байна билээ. Чихрийн шижинтэй хүний идэхийг хориглосон хоол хүнсний жагсаалт дотор эмээгийн маань хамгийн дуртай хонины мах хүртэл багтдаг. Гэтэл хамгийн дургүй адууны махыг бага хэмжээгээр хэрэглэж болно гээд заачихаж. Тэгэхээр монголчуудын өөхтэй мах идэх нийтлэг хүсэл нийтээрээ чихрийн шижинтэй болоход нөлөөлж болзошгүй юм.

Ийм төрлийн өвчинтэй хүний хамгийн хатуу чанга мөрдөх зүйл нь хооллолт. Тийм болохоор хоол хүнсний хувьд таван жилийн өмнөхтэй харьцуулахад одоо харин сонголттой болжээ. Сахарын өвчинтэй хүнд зориулсан эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх болсон нь тун нүдээ олсон хэрэг. Сахартай хүнд зориулсан амттан шимттэнийг хүртэл манайхан импортолж байна.

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд тохиов. Нийслэлийн төв талбайд ЭМШУИС-ийн оюутнууд тус өвчний эсрэг “Цэнхэр цагираг” жагсаал зохион байгуулж, өвлийн айсуй жаврыг үл ажран иргэдийг энэ аюулт өвчний эсрэг уриалсан юм. “Эрүүл мэндийг сонгоё” гэсэн ухуулах хуудас нааж яваа оюутнууд иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсох, ирээдүйн эмчийнхээ хөдөлмөрийг өчигдрөөр нээсэн байх. Харин Улсын клиникийн төв эмнэлэгийн Диабетийн төвөөс өөрийн байрандаа өдөрлөг зохион байгуулж, чимээгүй тахлын эсрэг тэмцлээ.
XIX зууны сүүлчээр “Diabetes mellitus” буюу чихрийн шижин өвчин дэлхий нийтийг айлгах болж. Хэт таргалалтын учир шалтгаан нь эл өвчинтэй холбоотой байна. Дэлхий дээр эл өвчнөөс болж найман секунд тутамд нэг хүн хорвоог орхиж байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Өдгөө тус өвчний тархалт дэлхийн хэмжээнд өсөж, өвчлөл нас баралтаараа зүрх судас, хорт хавдрын дараа орж байгаа гэсэн түгшүүртэй мэдээг өчигдөр сонслоо.

ДЭМБ-ийн статистикийн мэдээнээс үзэхэд чихрийн шижин өвчний тархалт 15 жил тутамд хоёр дахин нэмэгдсэн байна. 2010 оны байдлаар цэнхэр гариг дээр 285 сая хүн ийм төрлийн өвчнөөр өвчлөөд байгаа бол 2030 он гэхэд 436 саяд хүрэх магадлалтайг Олон улсын диабетийн холбооноос мэдэгдсэн ажээ. Дэлхий нийт уг өвчлөлийн хурдыг сааруулж, урьдчилан сэргийлэхийн тулд зохистой хооллолт, хөдөлгөөнийг илүүд үзэх болжээ. Их Британи улс чихрийн шижинтэй иргэддээ цусан дахь сахар хэмжих аппраттыг үнэгүй олгож, зөв хооллолт, хөдөлгөөнтэй байдлыг эрэлхийлэх болсон байна. Харин монголчууд чихрийн шижинтэй хэрхэн тэмцэж байгаа билээ.

Өвдөхгүйн тулд давсны хэрэглээгээ багасгахыг эмч зөвлөж байна

“Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг бодисын солилцооны өвчнийг чихрийн шижин гэнэ” хэмээн Диабетийн төвөөс гаргасан эмхэтгэлд тэмдэглэжээ. ЭМЯ, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс “Зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн” олон нийтийн кампанит ажлын хүрээнд “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар” зөвлөмжийг гаргажээ. Үүнд тэмдэглэснээр насанд хүрсэн хүн бүр хоногт 25 грамм эслэг бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтой хэмээн үзжээ. Эслэг бүтээгдэхүүнд хоёрдугаар гурил, хивэг зэрэг аль болох химийн найрлага төдийлэн ороогүй зүйл багтах нь. Мөн төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн болохыг онцолсон байна. Өдөрт дор хаяж таван удаа жимс, ногоо идэх хэрэгтэй болохыг ч зөвлөжээ. Хэдий бид “хүнд хоол” буюу махан хоолыг түлхүү хэрэглэдэг ч эрүүл хоололтод дадаж хэвших шаардлага тулгарч байна. Хар чавга, алим, лийр, өргөст хэмх, лууван, үзэм зэргийг хоол хүнсэндээ хэрэглэж байхыг ч эмч зөвлөж байна лээ. Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн тусламжийн төвөөс ирэх оны эхний сараас эхлэн чихрийн шижин өвчний эрт илрүүлэлтийн шинжилгээг тогтмол үнэ төлбөргүй хийх гэнэ.

Чихрийн шижин өвчнөөс урьдчилсан сэргийлэхийн тулд доорх зөвлөгөөг хүргэе.
1. Идэвхтэй хөдөлгөөнтэй байх, өдөр бүр хамгийн багадаа 30 минут алхаж, гүйх. Спортоор тогтмол хичээллэж байх.
2. Хоолондоо давс бага хэрэглэж цайгаа давсгүй уух
3. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
4. Хоолондоо мал, амьтны гаралтай өөх, тосыг бага хэрэглэж хэвших
5. Төмснөөс бусад ногоог хоолондоо түлхүү хэрэглэх
6. Биеийн жин хэвийн эсэхээ шалгаж байх

Яагаад чихрийн шижингээр өвчилдөг вэ?
Чихэр, сахар их идэж хэрэглээгүй атал яагаад чихрийн шижин өвчинтэй болдог билээ хэмээн ихэнх иргэд гайхширдаг. Гэтэл уг өвчин нь чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн их хэрэглэхээс илүүтэй, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй болохыг эмч нар хэлж байна. Зохисгүй хоололт, сэтгэл гутрал, таргалалт, удамшил, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол нь чихрийн өвчинд өртөх суурь шалтгаан болдог ажээ. Чихрийн шижин өвчний талаар “Ногоон нүдэн лам”-ын зохиогч Ц.Оюунгэрэл “Гэртээ болсон яриа” номондоо дэлгэрэнгүй өгүүлсэн байна билээ.

Хэрэв та өвчилсөн бол дараах зөвлөгөөг анхаарна уу
“Нийгмийн бухимдал, хотжилт, ажлын стресс, хэт суугаа ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүнс тэжээл дэх байгалийн гаралтай хүнсний хэрэглээ багасаж байгаа нь мөн л дээрх өвчний тархалт дэгдэхэд нөлөөлж байна” хэмээн Улсын клиникийн төв эмнэлэгийн Дотоод шүүрэл булчирхайн эмч Ц.Бодьцэцэг хэлсэн юм. Тэрбээр уламжлалт хооллолтын соёл алдагдаж байгаа нь сахарын өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байгааг санууллаа.

Бид өвдөж, ёолох үедээ л эмнэлэг, эмч хоёрыг санадаг. Унаж, сөхөртлөө ажиллаж, бодгаль биеэ төмөр мэт бодох нь энүүхэнд. Хожим нь эрүүл мэнд хэмээх том хөрөнгөө алдсан байх нь харамсаад ч барамгүй. Тиймээс өвдөхөөсөө өмнө эмнэлэг, эмч хоёртой “найз” баймаар санагдлаа. Чихрийн шижингээр өвчилсөн монгол хүний тоо өдгөө 20 дахин нэмэгдсэн байна. 1999 онд үндэсний хэмжээний тархалтын судалгаагаар хүн амын гурван хувь нь ийм төрлийн өвчтэй байсан бол 2009 оны судалгаагаар 6.5 хувьд хүрээд байгаа аж. Арван жилийн дотор уг өвчлөл эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг харуулах том тоо байгаа биз. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өсөж, иргэдийн орлого нэмэгдэж, цалин тэтгэвэр өссөн хэдий ч өвчлөл буураагүй 20 дахин нэмэгдсэн байгаа нь анхаарал татлаа. Олсон хэдэн төгрөгийнхөө хэчнээн хувийг нь бид эрүүл байхад зарцуулж байгаа билээ гэж бодоход хүрлээ. Хамрын ханиад хүрэхэд эм тан сурагласан болоод хагас дутуу эдгээх нь монгол зан байж мэдэх. Үнэт биеэ үнэгүй үрэх, үл хайрлах нь даан ч бидний дутагдал гэмээр. Өвдөхгүй л бол эрүүл гэсэн онош өөртөө тавьдаг. Идэх, идэхгүй хоол хүнс хэрэглэнэ. Болж өгвөл эмнэлгээс “зугатна”.

Эмнэлэгийн үйлчилгээг муулж, чичлэхээсээ илүүтэй иргэд өөрсдийнхөө эрүүл мэнддээ анхаарах нь чухал.