Чингис бондыг хэд хуваах вэ?

МИАТ. Халдашгүй эрхт мэт явж ирсэн энэ байгууллагын удирдлагуудтай холбоотой хэргүүд ундарсаар. Өнгөрсөн сард дуулианы эзэн болж байсан төмөр замын асуудал намжмагц дэд бүтцийн чухал салбаруудын нэг агаарын тээврийн салбар хөл, толгойгоо олохгүй сандралдаж байна. Хэвлэл мэдээллээр ч нэлээд шуугиж байгаа.

Тус байгууллагыг хувьчлах уу, эс хувьчлах уу гэх асуудал удаан үргэлжилсэн сэдэв болох шинжтэй. Хэдхэн жилийн өмнө "МИАТ"-ийг өнгөрсөн оныг дуустал хувьд гаргахгүй гэх шийдийг Хамтарсан Засгийн үед гаргасан. Гэтэл 2013 онтой залгамагц хувьчлалын асуудлыг ахин сөхсөн нь асуудлыг улс төржүүлж байна гэх сэдлийг төрүүлж буй нь нууц биш. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МИАТ компанийг хувьчлах нь зөв. Ингэхдээ Олон улсын авиа компанид удирдлагын менежментийг шилжүүлэх ёстой” хэмээн зарим гишүүдийн аашийг хөдөлгөсөн. За тэгээд эцэст нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна” гэснээр "МИАТ"-ийг хувьд атгуулах тухай ээлжит шуугиан үргэлжлэх болов.
Тогтоолын төсөлд дурдснаар тус компани Чингис бондын мөнгөнөөс “хишиг” хүртвэл Боинг767-300 загварын онгоц худалдан авах хүсэлтэй байгаа аж. Хэдийгээр "МИАТ" компанийн албаныхан тус загварын онгоц нэгийг авахаар захиалга өгсөн хэмээн мэдээлсээр байгаа ч Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлэгээр дөрвөн онгоц авахаар болсон тухай дурдсан. Онгоц тус бүрийн үнийг 200-300 сая ам.доллар хэмээн холбогдох албаныхан тооцоолсон. Өнгөрсөн онд олон улсын зах зээл дээрх дундаж ханш нь 182.8 сая ам.доллар байсан Боинг767-300 онгоцоос дээрх тоогоор худалдан авахад Чингис бондоос ойролцоогоор 731.2 сая ам.долларыг "МИАТ"-т бэлэг болгох хэрэг гарах нь. Бондын мөнгөө эргэлтэд оруулах гэж яарах эрхмүүд тус байгууллагын саналыг зөвтгөн сайшааж байхад яарвал даарна гэх нь ч бас бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан эх орноо барьцаалан байж олсон мөнгөө төмөр болгох хэр зүйтэй вэ хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан юм.
Үйл ажиллагаа, ашиг орлогоо жигдрүүлэхийн тулд дөрвөн онгоц худалдаж авахаар зэхэж буй "МИАТ" компанийн хувьд бондын мөнгө өрөнд баригдаж, өтөнд идэгдэхгүй байх цор ганц найдвар байж болох аж. Гэвч хувьд гарчихвал төрийн мөнгөөр “наадах” эрх тэдэнд байхгүйг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлсээр байгаа. Өнгөрсөн сарын хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болж байсан төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг мөн л “Бондын мөнгө” нэрээр намжаасан. Асуудлыг арай гэж олсон “өр”-өөр аргацаах оролдлого тасрахгүй бололтой.