Чингис бондын давхар хожоо

Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр “Чингис бонд гараагүй бол эдийн засаг хямрах байлаа” хэмээн мэдэгдсэн юм. Салбарын сайд Чингис бонд гаргах болсон шалтгааныг тайлбарлахын сацуу эдийн засагт үүсээд байсан эрсдэлийг өмнө нь бус хойно нь дуулгалаа. Өөрөөр хэлбэл, айдас нэгэнт холдсон мөчид хэлж байгаа нь энэ. “Чингис бондыг өнгөрсөн оны арван хоёрдугаар сард зориудаар гаргасан. Ийм зайлшгүй хэрэгцээ бидэнд байсан. Би өмнө нь дурдсан “галтай торх” өмнөх Засгийн газраас хүлээн авсан гэж. Дотоодын эдийн засгийн үзүүлэлт бонд гаргах үед хүнд байсан” гэж Ч.Улаан сайд хэллээ.

Хэрвээ Чингис бонд арванхоёрдугаар сард гараагүй бол валютын ханш 1800 төгрөгтэй тэнцэхийн зэрэгцээ инфляцийн түвшин 25 хувьд хүрэх эрсдэл байжээ. Үүнээс гадна Засгийн газарт мөнгө хэрэгтэй байсныг салбарын сайд учирласан юм. “Нэгдүгээрт, амьдрал залгуулах. Хоёрдугаарт, цаашдын эдийн засгийн өсөлтөө хангахад хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай болсон” хэмээн Ч.Улаан сайд онцлоод Чингис бондын өр төлбөрөөс айх хэрэггүй гэлээ.

“Нэг талаасаа Чингис бондыг эдийн засгийг аврах, тогтворжуулалтыг хангах зорилгоор ашиглаж байна. Бондын үрээр валютын ханш тэнгэрт хадсангүй. Инфляци нэг оронтой тоонд орлоо. Арилжааны банкуудын чадавхи сайжрахын зэрэгцээ валютын хүрэлцээ нэмэгдлээ. Эдийн засаг баталгаатай боллоо. Энэ бол бонд гаргасны эхний зорилго. Хоёр дахь зорилго нь хөрөнгө оруулалт болгон ашиглах. Хөрөнгө оруулалт хийх бэлтгэл хангагдсан. Бүтээн байгуулалтын ажил цаасан дээр бүтдэг. Дараа нь бодиттой ажил болдог” хэмээн салбарын сайд онцлов.

Манайх Чингис бондын төлбөрт жилдээ 71 сая ам.доллар төлнө. Эхний хагас жилд 35 сая ам.доллар төлнө гэсэн хатуу график байгаа аж. Хагас жил тутамд буюу 2017 он хүртэл 35 сая ам.доллар төлөх бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сар гэхэд 500 сая ам.долларын өрийг төлж дуусгахаар гэрээнд заасан болохыг Ч.Улаан сайд хэлсэн юм.

Чингис бондын мэдээлэлтэй хамт Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, тогтворгүй гэсэн сөрөг үнэлгээ аваад байгааг салбарын сайд дуулгасан. Зээлжих зэрэглэлийг бууруулсан шалтгаан нь улс төрийн тогтворгүй нөхцөл байдалтай холбон тэрбээр тайлбарлаад бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг амьд эд эс болжээ. Энд болж буй үйл хөдлөл ч дэлхий дахинд мэдрэгдэж байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар Чингис бондыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк удирдаж байгаа. Төвбанк бондын үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс арилжааны банкуудад санхүүгийн эх үүсвэр болгон байршуулж байгааг салбарын сайд хэлсэн юм. 1.5 тэрбум ам.долларыг Монголбанкны бодлогын хүүгээр цааш нь дамжуулан арилжааны банкинд зээлдүүлж байгаа. Энэ нь Чингис бондын нэг өдөр төлөх хүүнээс хоёр дахин их хөрөнгийн эх үүсвэр төвлөрч байгаа аж. Үүнийг Сангийн сайд давхар хожоо хэмээн нэрийдсэн.