“Чингис” бондын эхлэлийг ийм зүйлд зарцуулахаар төлөвлөлөө

Манай улс Олон улсын зах зээлд “Чингис” нэртэй 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаалж, санхүүжилт нь төрийн дансанд орж ирээд сар боллоо. Хэрэв Засгийн газар ашигтай бодлого тодорхойлж чадах юм бол тус өрийн бичгийг дагаад олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөөд зогсохгүй улсын маань эдийн засгийн хөгжилд том түлхэц болох юм.

“Чингис” бондыг арилжаалж олсон мөнгийг “Монгол Улсын эдийн засгийн бие даасан аюулгүй байдлыг бэхжүүлэх үр ашигтай, эргэн төлөгдөх санхүүжилттэй үйлдвэрлэл, дэд бүтцийн чухал объектуудыг санхүүжүүлнэ” хэмээн ерөнхийлөгч хэлсэн. Нэгэнт Олон улсын зах зээлд өрийн бичигтэй болж, зээлийн хүү батлагдсан учир одоо “Чингис” бондыг арилжаалсан нь манай улсад хэрэгтэй эсэх, зээлийн хүү нь өндөр байгаа нь эрсдэлтэй зэргийг ярих цаг одоо биш юм. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд тэргүүтэй арав гаруй хүний бүрэлдэхүүн бүхий багийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлан 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах төлөвлөгөө гаргажээ.

Үүнд:

-Нийт 1800 км шинэ төмөр зам барих,
-“МИАТ” компанийн парк шинэчлэлтэд зориулж онгоц худалдаж авах,
-2013 онд багтааж зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбох,
-Улаанбаатар хотыг хөндлөн огтолж гарсан төмөр замын ачааллыг багасгах зорилгоор Богд уулын урдуур шинээр төмөр зам тавих,
-Нефть боловсруулах үйлдвэр барих,
- “Эрдэнэс Тавантолгой” компанид шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт хийх,
-“Багануур” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт хийж өргөтгөх,
-Цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрүүдээс 100 хувь хангадаг болоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
-Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих,
- Аймгуудын дэд бүтцийг сайжруулах,
-“Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулах,
-Экспорт нэмэгдүүлэх хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрүүд барих,
-Томоохон нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барих,
-Усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн цахилгаан станц барих,
-Нийслэл хотод газар доорх байгууламж, “Метро” барих,
-Төрөлжсөн “Гудамж” төсөл,
-Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээг зөв зохицуулах “Цахилгаан сүлжээ” төсөл гэсэн 17 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эзэн Чингисээр овоглосон зээлийн “бороо” олон улсын зах зээлд орсон хойно нь цув нөмрөөд яах вэ. Харин цаашид өрөө, бондыг хэт улс төржүүлэхгүйн тулд зөв “шүхэр” барих хэрэгтэй байна. Дээрх төсөл, хөтөлбөрөөс ард түмний ходоод, халаасанд үлдэцтэй бүтээн байгуулалт, амьдралын чанар сайжрахыг иргэд хүлээж байна.