Чинээлэгүүд илүүг төлнө

Барак Обама Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа хийсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэр “Өндөр орлоготой хүмүүс илүү татвар төлнө” гэх үгсээ давтан хэлсээр байна. 250.000 ам.доллар хүртэлх орлоготой иргэдээс авах татварын нэмэгдлийг болиулах тогтоомж яаралтай гаргахыг уриалж байгаа юм. Харин хүн амын хоёр хувийг эзэлдэг чинээлэг буюу 250.000 ам.доллараас дээш орлого олдог хүмүүсээс авах татварыг бууруулахгүй гэжээ. Тэрбээр “Бид хөрөнгөтэй хүмүүсээс нэмэлт татвар авч байгаа тохиолдолд дунд давхаргын иргэдээс нэмэлт татвар авах шаардлагагүй” гэжээ.

АНУ энэ оны эцсээр татвараа нэмэгдүүлж, зардлаа багасгах замаар төсвийн алдагдлаа нөхөх болоод байгаа бөгөөд энэ аргаараа 607 тэрбум ам.доллар олно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Конгресс дэх Бүгд найрамдах намынхан өнгөрсөн долоо хоногт болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш татварын шинэчлэл хийн хуулийн цоорхойг нөхөх замаар орлогоо нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа боловч чинээлэг хүмүүсээс нэмэлт татвар авахыг эсэргүүцэж байгаа аж. Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромнейгийн эдийн засгийн зөвлөгч Гленн Хуббард “Financial Times” сонинд намын нөхдөөсөө чинээлэг хүмүүст илүү татвар ногдуулах шаардлагыг хүлээн авахыг уриалсан утгатай ярилцлага өгчээ. Харин Бүгд найрамдах нам бусад гишүүн Америкчуудын татварт ногдох орлогоос барьцаат зээлийн хүүгийн төлбөрийг суутгахын эсрэг байр суурьтай байна.

Өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Обама “Алдагдалаа бууруулахад бидэнд тооны шинжлэх ухаан хэрэггүй” гэсэн бөгөөд тэрбээр жилд 250.000 ам.доллараас илүү орлого олдог иргэдийн татварыг бууруулахыг эсэргүүцсээр байгаа юм. Тэрбээр “Хөрөнгөтэй хүмүүс татварын нэмэгдэл төллөө гээд хүнд байдалд орчихгүй. Тэд баян хэвээрээ л байна” гэжээ. Ерөнхийлөгч Цагаан ордон болон Конгресс нэгдүгээр сарын 1-нээс өмнө "fiscal cliff"-ээс сэргийлэх тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрбээр өмнөх татварын системийн шинэчлэлийг яаралтай хийж, 2013 оны Нийгмийн даатгал зэрэг томоохон ач холбогдол бүхий программуудын татварын индексийг илүү тодорхой болгох саналыг тавьж байгаа юм байна.